-С.ЗОРИГ АГСНЫГ БИ ИХ ХҮНДЭЛДЭГ УЧРААС УУГАН ХҮҮДЭЭ НЭРИЙГ НЬ ӨГСӨН-

Монголд 10 гаруй жил ажиллаж, амьдарсан АНУ-ын иргэн Гаррет Вилсонтой ярилцлаа.

-Та Монголд 19 настайдаа сайн дурын ажил хийхээр ирж байжээ. Энэ нь таны хувьд өөр соёл иргэншилтэй танилцсан хамгийн анхны аялал байсан уу?

-Их сургуулиасаа чөлөө авч, 1998-2000 онд сүмийн харьяат олон улсын тусламжийн байгууллагын сайн дурын ажилтны шугамаар ирж байлаа. Буян үйлдэж хүмүүнлэгийн тусламжийг бусдад үзүүлэхдээ агуу их баяр баясгаланг мэдэрдэг. Сайхан сэтгэл гаргаж хариу нэхэлгүй дэм болохыг амьдралынхаа нэг чухал хэвшил, үүрэг хариуцлага гэж үзвэл зохино. Залуу насандаа Монголд сайн дурын ажил хийж, насанд хүрсэн зөв эр хүн болж төлөвшсөндөө үргэлж баярладаг. Монгол хэл сурч, цоо шинэ соёлыг харахад нүд нээгдэж, амьдралын туршлага суухад үнэлж баршгүй хувь нэмэр үзүүлсэн. Эхний зургаан сар хамгийн хүнд, шантармаар үе байсан гэдгийг нуухгүй. Мэдээж бусадтай ойлголцож, нэг нэгэнтэйгээ харилцаж чадахгүй байна гэдэг үнэхээр хэцүү. Гэхдээ удалгүй аажим аажмаар үгийн сангаа тэлж, орчинд нь дасаад ойр зуурын зүйлс ч ярилцдаг болсон. Ерөөс харилцааны чадвар нь өөрийгөө илэрхийлэх болон бусдыг сонсож ойлгох гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Үгийн баялаггүй хүн санаанд орж ирсэн маш гүнзгий эрээн мяраан бодлыг тод томруунаар дэлгэрүүлж, бусдад илэрхийлэх чадваргүй байх нь эмгэнэлтэй. Тэгэхээр тухайн бодол нь чөлөөлөгдөхгүй, зөвхөн тархин дотор нь “гацаж” байгаа юм. Хэрүүл маргаан үүсэх, өөрийгөө буруу ойлгуулах, төрөлх хэлээ хойч үедээ дутуу өвлүүлэх, хайртай дотны хүмүүстээ сэтгэлээ бүрэн уудалж чадахгүй байснаар олон асуудалтай тулгарч мэднэ. Хараалын үг их хэлдэг байх нь үгийн баялгийн дутагдалтайн шинж гэж хувьдаа боддог.

-Монгол хэлийг бие дааж сурсан гэсэн үү?

-Монголд ирэхээсээ өмнө Америкт хоёр сар хэлний курст явж, анхан шатны мэдлэгтэй болсон. Ингээд энд ирсний дараа бие дааж хэл сурах шаардлагатай байсан. Багш, орчуулагч байхгүй учраас бие дааж сурахаар шийдсэн гэсэн үг. Сурч эхлэхдээ өдөрт дунджаар 15-20 шинэ үг цээжилдэг байлаа. Харин одоо нэг өдөрт 3-4 шинэ үг цээжлэх зуршилтай. Өөрөөр хэлбэл, шинэ үгс сонсох, эсвэл уншаад суралцах нь өдөр бүр хэрэгжүүлдэг дадал болсон гэсэн үг. Ерөөс аливааг ойлгосон юм шиг дүр эсгээд өнгөрөөхийг хүсдэггүй. Зөвхөн хоосон таамгаар сурах биш, ойлгоогүй хэллэгийнхээ утгыг тайлахгүй л бол “гол харлаад” санаа амар сууж чаддаггүй юм. Тиймээс ойлгоогүй үгсээ заавал тэмдэглэж аваад сурах үгсийн жагсаалтдаа оруулдаг.

-Шинэ үгсийн жагсаалтад тань одоо хэдэн үг багтсан байна вэ?

-Жагсаалтад маань сурч амжаагүй 1.618 үг хэллэг бий. Үүнээс өдөрт 3-4 шинэ үг цээжилдэг болохоор заримыг нь жагсаалтаас хассан. Гэвч сурч мэдэхийн хэрээр шинэ зүйлстэй илүү их учирдаг болохоор үгсийн сан маань улам арвижиж байгаа. Үг цээжлэх энэхүү зорилт маань хэзээ ч дуусахгүй, магадгүй насан туршийн зуршил байх болно.

-Америк хүн монгол хэлийг ус цас шиг эзэмшсэнийг харахад үнэхээр бахадмаар санагдлаа. Тэгвэл та хамгийн сүүлд ямар үг сурав?

-Би “эл хуль”, “удвал цэцэг”, “царван” гэсэн шинэ үгийг энэ өглөө сурлаа. Монгол хэлний маань үгийн сан баялаг учраас шинэ үг цээжлэх оролдого үргэлжилсээр л байна. Үгийн сангийн дутагдлаасаа болж хүний яриаг ойлгохгүй байх нь намайг бухимдуулдаг. Өөрийн санаа бодлыг оновчтой үгээр илэрхийлж чадахгүй байх нь үнэхээр хэцүү шүү дээ. Хүмүүний хорвоог олж төрнө гэдэг хэмжээлшгүй үнэ цэнэтэй учраас шүлэг зохиол уншиж, дуу хөгжим сонсож, сэтгэх ухаан тархины чадамжаа бүрэн эдлэхгүй бол хайран санагддаг.

-Монголын соёл сэтгэлгээг анзаарахад гайхширмаар зүйлтэй тулгарч байв уу?

-Би бүр багаасаа морь унаж сурсан. Манай өвөө болон элэнц өвөө араб морийг үржүүлэх үйлчилгээний фермтэй, адуучид байлаа. Тэднийг бараг ковбойчид гэж хэлж болно. Би Монголд ирээд догшин морийг номхоруулж сургах, монголчуудын моринд эрэмгий байдал, мал аж ахуйн чадваруудыг хараад биширч байсан. Монгол Улсын зах зээл дэлхийн дэвжээнд дөнгөж хөгжиж эхэлж байгаа учраас надад илүү сонирхолтой санагддаг. Зарим хүмүүсийн хувьд жижиг нуурын том загас байх нь илүү давуу талтай. Хамгийн түрүүнд хэн нь эхэлж сэлж сурахыг харахад сонирхолтой шүү дээ.

-Таны хувьд Вагнер Ази Автомотив компанийн удирдах албан тушаалыг хашиж байсан. Тэгвэл удирдагч манлайлагч хүний зан чанарыг өөрийнхөөрөө тодорхойлбол?

- Удирдагч хүн өөрийн ашиг сонирхлоос илүү бусдыг дэмжиж, туслахыг тэргүүн эгнээнд тавьдаг. Би хувьдаа энэ сэдвийн талаар байнга эргэцүүлж, сайн болон муу удирдагчийн жишээнүүдийг ажигладаг. Хэдийгээр би төгс удирдагч байх чанарыг бүрэн эзэмшээгүй ч, цааш суралцсаар л байна. Удирдагч байх сэдвийн талаар Жим Руан “Удирдагч байхын шалгуур нь хүчирхэг харин бүдүүлэг биш, сайхан сэтгэлтэй харин сул дорой биш, зоримог харин дарлагч биш, бодлогоширонгуй харин залхуу биш, даруухан харин хулчгар биш, өөртөө итгэлтэй харин дээрэлхүү биш, хөгжилтэй харин марзан биш” гэж тодорхойлсон байдаг. Удирдагч хүн хийх ажилдаа гар бие оролцох чадвартай байх нь чухал хэдий ч, сайн манлайлагч хамаг ажлаа бие дааж гүйцэтгэдэггүй. Өөрөөр хэлбэл, тухайн ажлыг өөрөө хийхийн оронд бусдаар хийлгэж чаддаг тэдэнд алсын хараа, урам зориг өгөх хэрэгтэй. Орчиндоо эерэг өөрчлөлтийг авчрах манлайлагч нар шударга, зоригтой зан чанартай байх нь чухал гэж хувьдаа боддог. Ерөөс хэдэн дагагчтай болох нь биш, харин хэдэн удирдагчийг бий болгох нь сайн удирдагчийн шинж юм. "Хүчтэй удирдагч бусдын үнэнч байдлыг олж авдаг бол сул дорой нэг нь нэхдэг" хэмээн Симон Синек хэлсэн байдаг.

-Хөдөлмөрийн үнэ цэнийг өөрийнхөөрөө тодорхойлбол?

-Хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгохын тулд өөрийн оруулах хувь нэмрээ ухаарах хэрэгтэй. Америкийн ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди 1961 онд саран дээр хүн буулгана гэсэн зорилго тавьж улс орон даяар энэхүү алсын харааг тод томруунаар тодорхойлсон. Улмаар 1962 онд ерөнхийлөгч Кеннеди Америкийн сансар судлалын төв /NASA/ дээр ажлын үйл явцыг нь шалгахаар очсон гэдэг. Тухайн үед ерөнхийлөгч Кеннеди коридороор нь алхаж яваад шал шүүрдэж байсан нэгэн үйлчлэгчтэй тааралдсан байна. Үйлчлэгч нь нэлээн цочирдсон царайгаар түүн рүү хараад эгц зогсоод, нэг гараараа шүүрээ барьж нөгөө гараараа ёслов. “Чи энд юу хийдэг вэ?” гэж ерөнхийлөгч асуухад үйлчлэгч “Би саран дээр хүн буулгахад тусалдаг” гэж хэлжээ. Тэр үйлчлэгч “шал цэвэрлэдэг” гэж хариулж болох байсан ч өөрийн хийж байгаа хөдөлмөр, оруулж буй хувь нэмрийг бүрэн утгаар нь ойлгосон нэгэн байгаа биз. Хэрэв NASА-н үйлдвэр цэвэр биш бол сансрын хөлгийн техник тоног төхөөрөмжид бохир ороод сансрын нисгэгчдийн амь насанд аюултай. Хөдөлмөрийн үнэ цэнийг бага балчиртаа гэртээ эцэг эхээсээ сурвал сайн.

-Хөдөлмөр, хүмүүжил олгох нь эцэг эх, эргэн тойрны хүрээллээс шууд хамаарна гэдэг?

-Би айлын ганц хүү учраас гэрийн ажлаа бие дааж хийх, хашаа хороо цэвэрлэх үүрэгтэй. Ерөөс шал угаах, ариун цэврийн өрөө цэвэрлэх, хоол хийх гэх мэтчилэн гэрийн ажлыг хүү, охин гэж хүйсийн ялгаа гаргалгүй эрх тэгш гүйцэтгэдэг. Намайг жоохон байхад гэр бүл маань морины фермтэй байсан гэдгийг түрүүн дурдсан. Тиймээс ч фермийн ажлыг бага наснаасаа тогтмол хийж сурсан. Энэ хүмүүжил намайг эрийн цээнд хүрэхэд маш их тус болсон байх. Өөрийн шударга хөдөлмөрөөр олсон бүхэн амттай шүү дээ. Хөлсөө дуслуулж зорьсон зорилгодоо хүрэхэд өөрөөрөө бахархахгүй байхын аргагүй сайхан сэтгэгдэл төрдөг. Мэргэжил эзэмшиж, хийсэн ажлаа бусдаар үнэлүүлэн цалин урамшуулал авч эхлэхэд чанартай болон чанаргүй ажлыг ялгаж сурсан. Дараа нь ажлаа чанартай гүйцэтгэдэг хүн илүү ихээр шагнуулдаг гэдгийг ойлгосон юм.

-Монголын нийгмээс засаж залруулахыг хүсдэг зүйлс бий юү?

- Америк,Монгол орон хоёулаа адилхан төрийн авлигын асуудалтай. Америкт энэ төрлийн авлига ихэвчлэн далд байдаг. Харин Монголд илүү ил байдгаараа ялгаатай байх. Хэдийгээр би улс төрийг маш их сонирхдог ч, Америк болон Монголын аль ч намыг дэмждэггүй. Авлигын асуудлыг шийдэхээс нааш нийгмийн асуудлууд дээрдэхгүй гэж боддог. Миний хувьд ёс суртахуунтай, үнэ цэнэтэй амьдрах нь амьдралын гол зорилго юм. Хаана амьдарч байгаа гэдгээс хамаарахаас илүү тухайн нийгэмдээ эерэг өөрчлөлт оруулах нь чухал. Америкт байхдаа ч эргэн тойрныхоо анзаарсан асуудлуудыг шүүмжлээд орхилгүй санал болгож, хэрэгжүүлдэг эерэг үзэлтэн байхыг хичээдэг байлаа. Ямар ч тэнэг хүн шүүмжилж чадна. Харин шийдлийг олж харж, хэрэгжүүлэхийн тулд жинхэнэ эр зориг, мэргэн ухаан шаарддаг. Би байнга шүүмжилдэг “гонгинуур” хүн байхыг хүсэхгүй. Харин шийдлийг олж хэрэгжүүлээд үр дүн авчирсан хүн л байхыг хүсдэг. Тиймээс бизнесийн салбарт авлигагүйгээр үйл ажиллагаа явуулж шударгаар амжилтад хүрэх боломжтой гэдгийг бусдадаа харуулж амьд жишээ болмоор байна.

 

-TEDX-т илтгэл тавих үеэрээ хүний амьдралд тохиох ирээдүйн эрсдэлд бэлэн байж, эрүүл мэндийн даатгалын системд шинэчлэл авчрах ёстой гэж байсан. Аливаа өвчин зовлон тохиоход хамаг хөрөнгөө шавхдаг, эсвэл бусдаас хандив тусламж гуйдаг үзэгдэл энэ нийгмийн асуудал болжээ?

- Би TEDX-н ярианы сэдвийг сонгохдоо Монгол Улсад хамгийн ойрын хугацаанд юу хийвэл нийгмийн ямар асуудлыг шийдэж болохыг бодсон. Улсаас авдаг эрүүл мэндийн даатгалын тогтолцоо болон үйлчилгээ нь хязгаарлагдмал. Монгол Улсын эмнэлгүүдийн чадамж дутагдалтай учраас олон төрлийн эмгэг өвчнийг дотооддоо эмчилж чадахгүй байна. Хүмүүст гадаадад очиж үйлчилгээ авах, эсвэл эмнэлгийн үйлчилгээ авалгүй зовж үхэх гэсэн гашуун сонголт тулгарч буй нь харамсалтай. Зарим хүн нь эмчилгээ хийлгэх мөнгө олохын тулд хамаг эд хөрөнгөө зарж, ойр хавийнхаа таньж мэдэх хүмүүсээс зээлдэг. Тэр ч байтугай хандив босгох аяныг зохион байгуулж, бусдаас гуйлгачилж байна шүү дээ. Хамгийн хэцүү нь эмчилгээгээ аваад өвчин нь эдгэсэн ч мөнгөгүй үлдэж амьдралаа дахиж төвхнүүлэх шаардлагатай болдог. Хүмүүс эмчилгээ авахын тулд дампуурах ёсгүй. Бид өвдсөнөөсөө болоод санхүүгийн асуудалд орж хямармааргүй байна. Хувийн эрүүл мэндийн даатгал бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгтэй төлбөрийн тогтолцооны шийдэл. Эмнэлэг, эмч нарын чадварыг сайжруулахын тулд үйлчилгээний төлбөр шийдсэн санхүүгийн хэрэгсэл байх ёстой. Уг шийдлийг хэрэгжүүлэхийн тулд төр засгаас ямар ч оролцоо хэрэггүй. Хувийн хэвшлийнхэн бид өөрсдөө л үүнийг сайн дураар хэрэгжүүлбэл ажил олгогчид ажилтнууд аль алинд нь ашигтай. Ойрын 2-3 жил илүү олон байгууллагууд ажилтнууддаа хувийн эрүүл мэндийн даатгал олгодог болбол орон даяар байгууллагуудын хооронд чадвартай ажилтнууд татаж авах өрсөлдөөн ихэсч, хувийн эрүүл мэндийн даатгалыг ажилчдад олгох нь цалин тавихаас ялгаагүй, урамшууллын багцын салшгүй чухал хэсэг болох боломжтой. Даатгалын салбарын реклам шиг та нарт санагдаж магадгүй. Гэхдээ би ямар ч даатгалын компанийг сурталчлах гээгүй, зүгээр л хувийн хэвшлийн шийдлийг хэрэгжүүлбэл нийгмийн маш хэцүү асуудлаас хурдан салах боломжтой гэсэн санаа. Улсын эрүүл мэндийн даатгалын шимтгэлээр бид жилдээ хэдэн зуун мянган төгрөгийг төлөөд хоёр сая төгрөг ч хүрэхгүй үнэлгээ эмчилгээ авдаг. Энэхүү эмчилгээ нь дараалал чирэгдэл хүнд суртал ихтэй. Тэгвэл хувийн эрүүл мэндийн даатгалтай бол хэдэн зуун мянган төгрөгийг төлөөд хэдэн арван сая төгрөгийн үнэлгээний эмчилгээ авч болдог. Тэр тусмаа хүссэн үедээ хүссэн эмнэлэгт очиж үйлчлүүлж болно.

-Аавынхаа компанийг өвлөж биш, худалдаж авсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байсан?

-Тийм ээ, 2006 онд би аавдаа санал тавьснаар хамтарч ажиллаж эхэлсэн. Америкт улсын тэтгэврийн сан гэж бий, дан ганц тухайн тэтгэврийн мөнгөөр л амьдарвал хэцүү шүү дээ. Тиймээс ихэнх нь хувийн тэтгэврийн хадгаламж үүсгэдэг. Томоохон байгууллагууд ажилтнууддаа тэтгэврийн сангийн хадгаламжийн шийдлийг олгодог гэсэн үг. Харин хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс өөрсдөө тэтгэврийн сангаа үүсгэж шийдэх ёстой. Энэ маш чухал. Бизнес эрхлэгчдийн хувьд тэдний тэтгэврийн сан өөрсдийн бизнесийн үнэлгээнд оршдог. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарахдаа бизнесээ зараад л тэтгэврийн мөнгөтэй болдог. Хэрэв би аавынхаа компанийг үнэ төлбөргүй өвлөн авч давуу эрхээ эдэлбэл түүний тэтгэврийн мөнгөтэй байх боломжийг нь хааж байгаа хэрэг.

-Монголчууд бол оюуны чадамж өндөртэй хүмүүс. Гэвч үүнийг бүрэн ашиглах чадвар л хэрэгтэй байна гэж та хэлсэн байдаг?

-Монголчууд уламжлалаараа хүнд нөхцөлд дасан зохицох чадвартай хүмүүс. Ой тогтоох, хэл судлал, математик, шинжлэх ухаан зэрэг хүний оюуны өндөр чадамж шаарддаг төрлөөр монголчууд дэлхийн бүх үндэстнүүдийн дээгүүр эрэмбэлэгддэг нь маргаангүй. Хувьсгал гараад ардчилсан төр болон чөлөөтэй зах зээлтэй болоод 30 жил боллоо. Тэр хугацаанд олон дорвитой өөрчлөлтүүдийг бид дурдаж чадна, мөн алдаа ч бий. Энэ нийгмийн хөгжлийг сааруулдаг зүйл нь хүмүүсийн оюуны чадамж биш, харин авлига, аминч үзэл, болон бусад эгзэгтэй асуудлууд юм. Эдгээр бэрхшээлийг монголчууд ирэх 10-20 жилийн дотор даван туулна гэдэгт итгэлтэй байна.

-Монголын түүхийг уншиж судалж байсан уу?

-Би судлаач, академич биш ч, монголчуудын түүхийг уншиж судлах дуртай. Ялангуяа монголчуудын 19, 20 дугаар зууны түүх надад илүү сонирхолтой санагддаг. Дарлал дарангуйлал хэлмэгдүүлэлтээр дүүрэн хэцүү үе байсан ч, нөгөө талаар олон баатарлаг хүмүүс эрх чөлөөний суурийг тавьсан үйл явдал байсан. Ард түмний баатруудын нэг талийгаач С.Зориг агсныг би их хүндэлдэг учраас ууган хүүдээ нэрийг нь өгсөн. Харин “Монголын Нууц Товчоо”-г эх хэлээр нь уншихад миний хэлний чадвараас хамаагүй ахадсан учраас дуусгаж чадаагүй.

-Жинхэнэ эх оронч хүнийг тодорхойлбол?

-Хэт үндсэрхэг үзэлтэй хүмүүс бусад орны хүмүүсийг дорд үзэж, зөв, буруу нь хамаагүй сохроор эх орноо өмөөрдөг. Жинхэнэ эх оронч үзэлтэй хүн үүнээс ялгаатай болов уу. Эх оронч хүн бусдыг хүндэлнэ, өөрийн ашиг сонирхлыг хөөцөлдөхдөө бусдын эрхийг зөрчихгүй, байгаль орчиноо хамгаална, эмзэг бүлгүүдийг өмгөөлж, шударга өрсөлдөөнийг дэмжинэ. Харин авлигачид улс орноо, ард түмнээ хохироодог учраас хэзээ ч эх оронч байх боломжгүй. Зөв эх оронч үзлийг бид хүүхдүүдэд бага наснаас нь зааж сургаж болно. Хамгийн гол нь тэдэнд өөрсдөө зөв ёс суртахууны үлгэр жишээг үзүүлж хүмүүжүүлэх нь чухал. Ерөөс болж бүтэхгүй байгаа нийгмийн асуудлуудын ихэнх нь ёс зүйн доройтол болон буруу боловсрол, хүмүүжлээс үүдэлтэй. Хахуулиар цэцэрлэгт орсон хүүхэд дараа нь шалгалтад нэгнээсээ хуулсан сурагч, дипломоо худалдаж авсан оюутан болбол яах вэ. Улмаар шахааны аргаар ажилд орсон ажилтан болж, хэдхэн жил ажиллаад авлигаар “амжилтад хүрсэн” бизнесмэн болж мэднэ. Ингээд л нэг мэдэхэд төрөөс төрсөн тэрбумтан болчихсон байх вий. Допингоор түрүүлсэн бөх, эсвэл стеройдоор биеэ хөгжүүлсэн тамирчид бидний үлгэр жишээ болсон баатрууд байвал хүүхдүүд нь дагаад ёс зүйгүй иргэд болох нь гарцаагүй. Жинхэнэ эх оронч болъё гэвэл эх орныхоо төлөө биеэ зөв авч явах ёстой юм. Аделай Стивенсон “Эх оронч үзэл нь сэтгэлийн хөдөлгөөний хийрхэл үймээнд биш, харин насан туршийн тогтвортой тайван тэмүүлэлтэй амьдралд оршдог” гэж тодорхойлсон байдаг.

П.САЙНЖАРГАЛ

Х.МӨНХБАТ