Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ сарын 8-нд энэ жилийн баярын наадамд шөвгөрсөн 16 бөхийн допингийн шинжилгээний хариуг Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн талаараа мэдээлсэн билээ.

Н.Батсуурь

 "Би өнөөдөр өөрийн биеэр допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийж байна. Би энэ оны долоодугаар сарын 12-нд Баяр наадамд үзүүрлэж Тод сайхан гэдэг чимэг авсан. Түүнээс хоёр сарын дараа допингийн хариу ирсэн байна. 

Шинжилгээний хариуд "Таны биеэс эмийн бодис илэрсэн гэсэн байна" гэсэн байсан. Би энэ хариуг хүлээн зөвшөөрч байна. Допинг илэрсэн учраас эмнийхээ талаар ойлголт өгье. 

Хариу авснаас хойш гурван хоногийн хугацаанд уг эмийг судаллаа. Энэ бол зүрхний эм. Эмийн сангуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр жоргүй худалдаалагддаг" гэв. 

Миний шинжилгээний хариун дээр S4 бүлэглэлд багтдаг Передизин гэдэг эм гарсан. Ингэхдээ “маш бага” хэмжээгээр гарч ирсэн нь шинжилгээний бичигт байна. /үзүүлэв/ Уг эм нь допингийн хориотой эмийн жагсаалтад багтдаг юм байна. Би лабораторийн шинжилгээтэй маргахгүй. Би Ардын хувьсгалын 100 жилээр барилдахгүй байх гэдэг ч юмуу, ямар нэг хариуцлагаа хүлээхэд бэлэн байна.

Гэхдээ маш их харамсаж байна. Өнөөдрийг хүртэл барилдахдаа үнэн шударгаар барилдсаар ирсэн. Энэ эмийг би уугаагүй. Гэхдээ хариуцлагаа хүлээнэ. Бөх сонирхогчдоос уучлал гуйж байна. Энэ эм миний биед орж ирсэн учраас л надаас илэрч байгаа шүү дээ. Тиймээс хариуцлагаа хүлээнэ.

Ямар хариуцлага хүлээхийг Бөхийн салбар хороо зэрэг холбогдох байгууллага нь тооцох байх аа.
Передизин гэдэг эм нь зүрхний шигдээсийг үед уудаг. Өдөрт 3 удаа 30мг-аар уух заавартай эм юм байна. Нифидефинтэй ижил үйлчилгээтэй эм юм байна. Польш улзад үйлдвэрлэгдсэн, жоргүй зарагддаг эм юм байна. Нэг ширхэг нь Моносын бүх эмийн сангуудаар 400 төгрөгөөр зарагддаг юм байна.

Миний үе удам гурван үеэрээ монгол бөхийн спортод барилдлаа. Надад бэлтгэл байна. Зорилго мөрөөдөл байна. Би допинг хэрэглэх шаардлага байхгүй. Гэхдээ дахиад хэлье, хариуцлагаа хүлээнэ.

Бөхчүүддээ хандаж, хоол хүнсэндээ анхаарах ёстой юм байна. Цөвүүн цаг ирсэн байна гэдгийг хэлье.
Миний зүрх цоо эрүүл. Надад энэ эмийг хэрэглэх шаардлага байхгүй. Би В сорьцын шинжилгээ өгөхгүй. Яагаад гэвэл А сорьцод өгсөн шинжилгээний дээжийг В-д явуулдаг. Тиймээс А, В сорьц зөрүүтэй гарах боломжгүй. Би шээсээ өөрөө лацдаад өгсөн. Тэнд алдаа гарах ёсгүй.
Дархан аварга цолыг мөрөөдөж, зорьж яваа байж би ийм эм хэрэглэх шаардлага надад байхгүй.