Эрх баригч, ихэс дээдсийн “хэтэвч” нь болсон гэх Тавантолгой орд газар тойрсон асуудал хэрээс хэтэрч, энэ салбарт эрх мэдэлтнүүдийн хүрээ тэлж байгаагаас тэнд ажиллагсад, ард түмэнд хүртэх өгөөж тун бага болжээ.

Тус газарт  “Ногоон гарц” журмаар нүүрсний тээвэрлэлт эхлүүлж, төсөвт ихээхэн хэмжээний мөнгө төвлөрүүлэх замаар ажиллаж байгаа ч энэ замд 24 Төрийн бус байгууллагын ашиг сонирхол баттай шургалж, тээвэрчдэд саад болсоор.

Хүний амь насанд заналхийлсэн, авлига хээл хахуулийн сүлжээ торлосон, бусдыг дарамталсан гээд юу эс мундах билээ. Учир нь энд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас эхлээд Шадар сайд, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүд болон мэргэжлийн бүх байгууллага гээд эрх мэдэлтнүүдийн халаасны нөхөд энэ замд ажиллаж байгаа нэрээр эрх ашгаа уралдуулан сууна. Уг нь мэргэжлийн байгууллагуудаас эхлээд төрийн өндөр дээд түвшний хүмүүсийн оролцоо энэ замд байгаа гэж үзвэл ямар нэг түгжрэл саад, амь насны аюул занал байх учиргүй. Гэтэл тэдний хэтэвчээ зузаалах эрх ашиг дундаа зөрчилдсөнөөр ийнхүү сөрөг зүйл ихэд дэлгэрчээ гэхэд болно. Тодотговол тэдний хэтэвч хүний амь насанд хүрсээр байна.

Тиймдээ ч тээвэрчдийн зүгээс Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Засгийн газраас бүх эрх мэдлийг зангидсан бүрэн эрхт төлөөлөгч томилж өгөхийг шаардсан байдаг.  Зам, тээвэр түгжрэлтэй байгаа энэ үед манай нүүрсний гол экспортлогч Хятадын Гадаад хэргийн сайд Ван И айлчилж байна. Гэтэл бид зам дагуух энэ олон сөрөг зүйлээ цэгцлэх нь бүү хэл анхаарах ч сөхөөгүй байгаа нь харамсалтай.

Ядахад энэ олон эрх ашгийг цэгцэлж, Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилчихсон байх учиртай. Саяхан тус замд бүх мэргэжлийн байгууллагууд ажиллаж байхад гурван жолоочийн амь эрсдэн, гэр бүлийнх нь 13 хүн өнчирч үлдэж байх жишээтэй. Гэтэл энд Тээврийн цагдаагийн албанаас эхлээд Онцгой байдал, цагдаа, тагнуул, хил хамгаалах гээд мэргэжлийн бүх байгууллагууд ажиллаж байгаа гэх. Тэгэхээр энэ замд эдгээр байгууллага  зөвхөн хувийн эрх ашиг уралдуулж суудаг нь ойлгомжтой харагдана.

Тиймээс хатуу чихтэй, харалган ихэс дээдэст үгээ хүргэхээр “Баян зам” тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн зөвлөл, Тээвэрчдийн гэргий нарын холбоо хамтран олон нийтэд хандаж байгаа нь энэ аж. Ерөөсөө УИХ-ын дэд даргаасаа эхлээд ихэс дээдсийн хэтэвч л зузаарч байвал эгэл ард, жолооч нарын амь нас хамаагүй бололтой. Болзошгүй дүр зургийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн ч харсан бусад эрх мэдэлтнүүд ч газар дээр нь харсан учраас энэ олон эрх ашгаа нэгтгэж, ард түмнээ, ажиллагсадаа, улсаа гэсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд яагаад болохгүй гэж. Хамтраад ажиллах болно, бид.