Сүүлийн үед цахим орчинд улс төрчдийн буу шийдэм агсаж, цэргийн хувцас өмссөн зургууд ихээхэн үзэгдэх боллоо. Энэ жилийн Засгийн газрын болоод УИХ-ын гишүүд дунд энэ байдал хэт их давамгайлаад байна уу гэлтэй. 

Хамгийн анх энэ шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан эхлүүлсэн бөгөөд тэрбээр цэргийн дүрэмт хувцас өмсөөд Засаг дарга нарыг командалж буй зураг сошиал хэрэглэгчид болон олон нийтээс ихээхэн шүүмжлэл хүлээсний дараа манай хүн дахин нэг зургийг инстаграм хуудсандаа тавьж, "БСШУЯ-ны ТНБД-аар ажиллаж байхдаа 1998 онд батлагдсан Дайчилгааны тухай хуулийн дагуу цэргийн үүрэгтний сургалтанд сууж, улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн үед салбараа манлайлан ажиллах үүрэг хүлээсэн бэлтгэл офицер цолтой хүн юмаа, би" гэх тайлбарыг бичиж байв. 

Дээрх тайлбараас үүдээд дахиад "бэлтгэл офицер" гэх цол байдаг эсэх талаар маргаан дэгдэв. "Бэлтгэл офицер" гэдэг нь чөлөөндөө гарсан цэргийн албан хаагчдыг хэлдэг. Бэлтгэл дэд хурандаа, бэлтгэл хошууч гэхээс биш "бэлтгэл офицер" гэдэг цол байдаггүй. Учир нь офицер гэдэг бол цол биш, цолны ангилал, зэрэг дэв. Манай гишүүний хувьд ч гэсэн дээр хэлсэн сургалтандаа суусан, цэргийн цол зэрэг авсан бол хаяж дэслэгчээс дээшээ цолтой байж офицерүүдийн эгнээнд багтана. Тэгээд  зүгээр л "бэлтгэл офицер хүн байна аа" гэсэн бол шууд ойлгогдоно. Түүнээс биш "бэлтгэл офицер" гэдэг цол байхгүй. Ядаж энэ зэргийн наад захын мэдлэгтэй, мэдрэмжтэй байж офицерүүдийн нэр барих хэрэгтэй л дээ. 

Хоёрдугаарт, цэргийн үүрэгтний сургалтанд сууж, цол зэрэг, дүрэмт хувцас олгогдсон байлаа ч түүнийгээ энгийн үед хаа хамаагүй, дуртай газраа өмсөөд, хүн командлаад бай гэсэн үг биш. Зөвхөн өөрийнх нь хэлсэн "улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн үед", эсвэл цэргийн бэлтгэл сургуулилтын үеэр өмсдөг журамтай. Энэ зэргийн зүйлийг ялгаж салгаж байж өөрийгөө зөвтгөх учиртай юмсан...

Дараагийн эрхэм бол мэдээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Түүний хувьд мөн л өөрийгөө бэлтгэл хурандаа хэмээн нэрийддэг. Ямартаа ч түүний хувьд цэргийн бэлтгэл сургуулилтын үеэр өмссөн гэсэн тайлбартай ч буу зэвсэгээ ил гарган алхсан нь гэнэт харсан дэмжигч нартаа нэлээд сүржин харагдсан болов уу. 

Цэргийн хувцастай улс төрчдийн жагсаалтыг Хууль зүйн сайд Х.Нямбаатар, УИХ-н шинэхэн гишүүн Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар удаалж байна. Тэдний хувьд бас л нэг тайлбараа бэлдээд сууж байгаа байх. Ер нь бол цэргийн хувцас өмсөх тодорхой дүрэм журмаа олон нийтэд сайтар тайлбар хийхгүй бол бусдын бухимдалыг эрээн хувцаснууд чинь нэлээд их бадраах нь байна шүү улс төрчид өө.