Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран 5.125%-ийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай $600 сая долларын өртөг бүхий "Номад" бондыг аравдугаар сарын 29-ний 04:00 цагт босгосноо өнөөдөр танилцууллаа.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ тухай: "Сүүлийн гурван 7 хоногт Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллаж, “Номад” нэртэй шинэ бондыг олон улсын зах зээл дээр амжилттай арилжааллаа. Шинэ бонд гаргаад Монгол Улсад мөнгө орж ирэхгүй.

 

Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор солих ажил хийсэн.Засгийн газар 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг 2021 онд, нэг тэрбум ам.долларын “Чингис” бондын 2022 онд төлөх ёстой. Бид ирэх 2 жилд бондыг сольж, арилжаалсан гэсэн үг. 2012 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувийн өсөлттэй, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт ид идэвхижсэн байхад 5.125 хувийн хүүтэй бонд гаргаж байсан.Монгол Улс “Мазаалай”, “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” гэсэн 4 бондын хүүд жилд 203 сая 100 мянган ам.доллар төлдөг. Шинэ бондыг сольж арилжаалснаар 176.4 сая ам.доллар төлөх нь. Өөрөөр хэлбэл, нэг жилд гадаад бондуудад төлж буй мөнгө 26.7 сая ам.долларыг буюу 70 орчим тэрбум төгрөгийг хэмнэж байгаа" хэмээв.