Хүйтний эрч чангарч, ханиад томуу ихсэх боллоо. Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд томуугийн эсрэг вакцинд хэрхэн хамрагдах талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.

-Томуугийн эсрэг вакциныг хэзээ хийж эхлэх вэ. Эхний ээлжинд ямар хүмүүс  хамрагдах уу?

-Томуу, томуу төст өвчний вирус идэвхжээгүй, хүн амын дунд тархаагүй үед улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдах нь үр дүнтэй. Тиймээс аравдугаар сарын 1-10-ны өдрийг хүртэл томуугийн эсрэг вакцин хийнэ. Эхний ээлжинд эрсдэлт бүлгийнхэн хамрагдах юм. Тодруулбал, зургаан сартайгаас есөн насныхан, жирэмсэн ээж, ахмад настан, амьсгалын замын архаг өвчтэй хүн, олон нийттэй харьцдаг үйлчилгээний байгууллагын ажилтнууд дархлаажуулалтын вакцинд хамрагдана. Мөн иргэд эсрэг заалтгүй бол төлбөрөө төлж хамрагдах боломжтой юм. 

-Улирлын томуугийн эсрэг вакциныг хаана хийх вэ?

-Хоёроос есөн насны хүүхдүүд тухайн цэцэрлэг, сургуулийнхаа дархлаажуулалтын түр цэгт вакцин хийлгэнэ. Харин зургаан сартайгаас есөн насны цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад вакцинаа хийлгэх ёстой. 

-Вакцин хийлгэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Эмчийн үзлэгт орох, сайтар унтаж амрах, дулаан хувцаслах, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцинд хамрагдаагүй байх ёстой. Мөн вакцинд хамрагдсны дараа вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх, боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, бусад зүйлээр жин тавихгүй байх нь чухал байгаа. 

-Энэ жил ямар вакцин хийх вэ. Өмнөх жилийнхээс өөр үү?

-Жил бүр томуугийн вирусийн хэв шинж, хүйтэн сэрүүний улиралд хүн амын дунд томуугийн ямар төрлийн вирус өвчлөл их үүсэж буйг лабораторийн тандалтаар судалдаг. Тухайн тандалтын мэдээллийг судалгаа, шинжилгээний байгууллага болон ДЭМБ гаргаснаар аль вирусийн эсрэг биетийг агуулсан вакцин үйлдвэрлэх хэрэгтэйг шийддэг. Манай улсын хувьд энэ удаад H1N1, H3N2, А, B хүрээний хэв шинжийг агуулсан вакцин захиалсан.