Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Сүүдэр бүү тусга” аяныг өрнүүлж байна.

Тус аян цагдаагийн байгууллага болон “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”, “Дэлхийн зөн Монгол”, “JCI Монгол” олон улсын байгууллагаас хамтран “Сүүдэр бүү тусга” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар “Дэлхийн зөн Монгол”, “JCI Монгол” байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Тус аян нь есдүгээр сарын 10-наас аравдугаар сарын 10-ны хооронд зохион байгуулагдаж байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээгээр сүүлийн 3 жилд гэмт хэрэгт 5043 хүүхэд өртөн амь хохирч, 3378 хүүхэд холбогджээ. Гэмт хэргийн 70,1 хувь нийслэлд, 29,9 хувь нь орон нутагт үйлдэгджээ. Тухайлбал, энэ оны эхний 8 сарын байдлаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирч, үүнээс 82 хүүхэд нас барж, 290 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хохирсон хүүхэд 411 буюу 35,0 хувиар, гэмтсэн хүүхэд 120 буюу 29,3 хувиар тус тус буурч, насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 390 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 223 хэргээр буюу 36,4 хувиар буурсан байна.

Хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа нь эцэг эхийн хараа хяналт сул, гэр бүлийн тогтворгүй байдал, салалт болон архидан согтуурах, хувь хүний ёс суртахууны төлөвшил ухамсрын доголдол, иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг зэргээс гадна хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хохирол учруулж буй шалтгаанаас үүдэн гардаг байна. ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “Цагдаагийн байгууллагаас олон нөлөөллийн аяныг зохион байгуулдаг. Өнөөдрөөс эхэлж нэг сарын хугацаатай хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах зорилготой “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяныг эхлүүлж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан нь ахуйн хүрээнд хамаарал бүхий этгээдүүд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгааг бууруулах, гэр бүлийн соёлт хандлага, төлөвшил, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой.

Нөлөөллийн аянаар гэмт хэргийн гаралт тодорхой хувиар буурдаг. Хүүхдийн асуудал гэхээр нэг байгууллагын асуудал биш. Хүүхэд хүн бүхэнд хамаатай. Хүүхдийг үл хайхарч болохгүй. Тиймээс эерэг зүйлийг түгээж, эерэг хандлагыг бий болгоход энэхүү нөлөөллийн аяны зорилго бөгөөд томчуудын хайхрамжгүй хариуцлагагүй байдлаас болж бага насны хүүхэд эрүүл мэнд болон бие махбодиороо хохирдог үзэгдэл их бий. Тиймд өндөг шиг охидоо нууж, өөдөсхөн хөвгүүдээ хүчирхэг өсгөе уриатай энэхүү нөлөөллийн аян айл бүрийн хаалгыг тогшиж байна.

Хүүхдийн ертөнцийг хайрлаж хамгаалцгаая уриан доор “Сүүдэр буу тусга” арга хэмжээний хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдал хамгааллын чиглэлээр иргэдийн ойлголт эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, иргэдээс мэдээ мэдээлэл авах, нийгэмд хүүхдийн эрх хамгаалах эерэг хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн ажил арга хэмжээг сар зохион байгуулах юм байна. Мөн Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоотой хамтран “Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” арга хэмжээг эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн байгууллага, цагдаагийн байгууллагын алба хаагчдад онлайн сургалтуудыг зохион байгуулна. Учир нь хүүхдийн эрхийг хамгаалахад иргэн, аж ахуйн нэгж байгууллага, бүх шатны байгууллагын оролцоо, үүрэг хариуцлага нэн чухал бөгөөд хор уршгийг мэдээлэх, таниулах, олон нийтэд ойлгуулах нь чухал ач холбогдолтой юм.

Бидний ирээдүй хойч үе болсон хүүхдүүдийнхээ эрх, аюулгүй байдлыг хамгаалах, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байна.