Өсвөр насны хүүхдүүд ахуйн газ, будаг шингэлэгч, шар цавуу зэрэг дэгдэмхий бодисыг хэрэглэж, донтох тохиолдол нэмэгдсээр байна.

Энэ төрлийн бодист донтсон хүүхдүүд сэтгэлзүй болон эрүүл мэндийн эмгэгтэй болж байгаа талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн тасгийн эмч Х.ЦЭНДСҮРЭНТЭЙ ярилцлаа.

 

-Хүүхдүүд газ үнэртэж эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй учирч байна. Хэдээс хэдэн насны хүүхдүүд энэ төрлийн бодист донтож, эмчилгээ хийлгэж байна вэ?

 

-Одоогийн байдлаар зургаан хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ахуйн газ, будаг шингэлэгч зэрэг дэгдэмхий уусгагч бодистой холбоотойгоор хүүхдүүд хэвтэн эмчлүүлж, эцэг эхчүүдэд нь зөвлөгөө өгдөг. Насны хувьд харилцан адилгүй байна. Хамгийн багадаа 12 настай хүүхэд хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлзүйн ярилцлага хийж, хүүхдүүдтэй ажиллах явцдаа ерөнхий дүр зураг, янз бүрийн бодис хэрэглэх болсон шалтгааныг тогтоодог. 

“Хэдэн настайдаа газ, будаг шингэлэгч хэрэглэж эхэлсэн бэ” гэхэд наймтайгаасаа хэрэглэсэн гэдэг. Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд энэ төрлийн бодист донтдог.

-Хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдэд сэтгэл заслын эмчилгээ хийхээс гадна харилцан ярилцдаг гэлээ. Хүүхдүүд газ болон бусад дэгдэмхий бодисыг ямар шалтгаанаар хэрэглэдэг вэ. Сэдэл нь чухам юу юм бол?

 

-Хэрэглэх болсон шалтгаан харилцан адилгүй, өөр өөр байдаг. Эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж, хүүхэд донтуулах эрсдэлтэй бодисыг хэрэглэж байна. Мөн найз нөхдийн уруу таталт шалтгаална. Хүүхдүүд бие биенийхээ ятгалганд орж сонирхох байдлаар хэрэглэж эхэлдэг. Ар гэрт нь ямар нэгэн асуудал гарах эсвэл өөрийнх нь сэтгэлзүйн байдал хямарсан үедээ хэрэглэж, түр зуурын сэтгэл хөөрөлд автаж, жаргалтай мэдрэмжийг авдаг. Тухайн хүүхэд ойр ойрхон хэрэглэсээр байгаад донтчихдог.

 

-Хүүхдийн биед ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

 

-Энэ төрлийн бодис хэрэглэх нь хүүхдийн бие махбод болон сэтгэлзүйд маш их хор нөлөө үзүүлдэг. Эхний ээлжинд хордлогод орно. Хэрэглэсний дараа толгой өвдөж, дотор муухай оргино. Мөн бие сульдаж, ядардаг. Бүр цаашлаад оюуны олдмол хомсдолыг үүсгэх аюултай. Танин мэдэхүйн болон сэтгэн бодох чадваргүй, мартамхай, аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болдог. Дэгдэмхий уусгагч бодисыг олон дахин хэрэглэснээр сэтгэцийн хараат байдал үүснэ. Хэрэглэсний дараа амьсгалын төвийг дарангуйлдаг учраас үхэлд шууд хүргэх магадлалтай.

 

-Эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт суларснаас гэмт хэрэг болон хорт зуршилд донтоод байна. Хүүхэд нь олон сарын турш газ үнэртээд  донтолтын байдалд орчихсон байхад хамт амьдарч байж мэдээгүй хүмүүс ч байдаг. Үүнд амьжиргааны түвшин нөлөөлдөг үү?

 

-Амьжиргааны түвшинтэй шууд холбож, үзэж болохгүй. Одоогоор гэр бүлийн орлогын түвшинг хүүхдүүдийн донтолтын хувьтай харьцуулж нарийвчилсан судалгаа хийгээгүй. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдтэй болон эцэг эхтэй нь ярилцахад амьжиргааны түвшин дунд буюу дундаас доогуур орлоготой байдаг. Газ үнэртээд донтчихсон байхад мэдээгүй тохиолдол ч бий. Зарим эцэг эх мэдчихээд эмчилгээ хийлгэж, зөвлөгөө авах гэж хүүхдээ дагуулаад ирнэ. Хүүхэд нь яагаад ийм төрлийн муу зуршилд автах болсон шалтгааныг эрж хайж, олохыг хүсдэггүй. Хайр халамжаар дутааж байгаагаа мэдэхгүй байж, хүүхдийг шууд буруутгах хандлага ажиглагддаг. 

Хүүхдээ найзуудаас нь шууд салгах эсвэл тусгаарлах, хорьж цагдах нь асуудлыг шийдэх гарц биш.

 

-Ахуйн газ, будаг шингэлэгч зэргийг хэрэглэсэн үед хүүхдийн биед яг ямар өөрчлөлт гарах вэ. Хэрэглэчихээд гэртээ орж ирэхэд эцэг эхчүүд мэдэх боломж бий юу?

 

-Байлгүй яахав. Хүүхэд гуйвж дайвах, нүдний харц болон хүүхэн хараа өөрчлөгдөх, хэл ээдрэх зэрэг зовиур илэрдэг. Эмчлүүлж байгаа хүүхдүүдтэй ярилцахад ихэвчлэн гэр бүлийн бүтэц алдагдсантай холбоотой байх нь олонтаа.

Салалт хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг. Хүүхдийнхээ сэтгэлзүй болон бие махбодид дарамт учруулдаг зэрэг нь энэ төрлийн бодист донтох шалтгаан болж байна. Эцэг, эхчүүдийн хараа хяналт маш чухал.

-Эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал хүнд байдаг байх. Эмчлүүлээд хорт зуршлаасаа бүр мөсөн салсан хүүхэд бий юу?

 

-Донтолттой байна гэдэг нь бие болон сэтгэлзүйн хараат байдалд орчихсон гэсэн үг. Газ үнэрлэж байгаад гүнзгий хордлогод орсон хүүхдүүд ЭХЭМҮТ-д эмчилгээ хийлгээд манай тасагт шилжин ирдэг. Сэтгэл заслын эмчилгээ хийлгэхдээ дахиж газ үнэртэж хэрэглэх хүсэлтэй, үгүйлсэн байдалтай байдаг. Нойр, хоолонд муу, тайван байж чаддаггүй. Эмнэлгээс гараад буцаж ирсэн ч тохиолдол бий. Эмчилгээ хийлгээд хорт зуршлаасаа бүр мөсөн салсан хүүхдүүд ч байдаг. Гэхдээ эцэг эхийн эргэх холбоо чухал. Эмнэлгээс гараад товлосон хугацаанд хүүхдээ авчирч ирж үзүүлдэпүй.

 

-Эцэг эх, хүүхдүүдийн амьд харилцаа үгүй болчихлоо гэх шүүмжлэл нийгэмд бий. Хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсож ярилцдаг хүн цөөхөн байдаг байх?

 

-Өсвөр насны хүүхдүүдэд бусадтай харилцах хэрэгцээ их байдаг. Зарим эцэг эх хүүхдүүдтэйгээ төдийлөн сайн ярилцдаггүй. Түүнээс шалтгаалж найзуудтайгаа нийлэх зорилгоор буруу зүйлд . уруу татагддаг. Найзтай байхын тулд газ үнэртэж, донтсон тохиолдол ч бий. Сэтгэл заслын эмчилгээ хийх явцдаа хүүхэдтэй харилцан ярилцахад “Найзууд намайг газ үнэрлээд үз гэсэн. Хэрэглэхгүй бол би найзгүй болчихно шүү дээ” гэдэг. Үүнээс хүүхдэд найз нөхдийн хэрэгцээ маш өндөр байгааг харж болно. Бусдад “үгүй” гэж хэлж чадахгүй, уруу татагдаж байгаа хүүхэд өөртөө итгэлгүй, аливаа зүйлд шийдвэр гаргах чадамжгүй хүн болж төлөвшдөг. Тэгэхээр эцэг эхч үүд л хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, санаа бодлыг сонсож, хамт цагийг үр дүнтэй өнгөрүүлмээр байна.

 

-Насанд хүрээгүй хүүхдэд ахуйн газыг зарахыг хориглосон хууль бий. Гэвч дагаж мөрдөхгүй учраас хүүхдүүд хэрэглэж хохирсоор байна. СЭМҮТ-д эмчлээд эмнэлгээс гаргахад холбогдох хүүхдийн байгууллага, сургуулийн багш нар хэр анхаарч ажилладаг юм бол?

 

-Уг нь хуулиндаа насанд хүрээгүй хүүхдэд ахуйн газ болон дэгдэмхий бодис худалдахыг хориглосон байдаг. Гэхдээ худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН болон худалдааны төв, дэлгүүрүүд дагаж мөрддөггүй юм шиг санагддаг. СЭМҮТ болон холбогдох эрүүл мэндийн байгууллагууд хүүхдүүдээ эмчлээд гаргасны дараа сургууль, хороо, дүүргийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, багш нар, гэр бүлийнхэн нь хамтарч ажиллаж, хараа хяналтаа сайжруулмаар байгаа юм. Хэн хүүхдэд хараа хяналт тавих вэ гэх асуулт хариултгүй үлдэж байна.

 

 

С.Ичинхорлоо

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин