НМХГ-гаас ЕБС-иудын "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Цэнд-Аюуш мэдээлэл өгөв.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 138, төрийн бус өмчийн 99 сургууль нийтдээ 275 сургуульд 1-5-р ангийн 170 мянган орчим сурагчид үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байна.

275 сургуулийн үдийн цайны хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ. 77,2 хувийг нь шалгалтад хамруулаад байна. Хяналт шалгалтын явцад хоолноос 450 арчдас, уснаас 75, хоолны илчлэг тодруулах шинжилгээ 25, ариутгалын бодис 10, хүнсний бүтээгдэхүүнээс 30 сорьц авч шинжилсэн.

Хяналт шалгалтын явцад зөрчилтэй байсан 35 иргэн, ААН-д Зөрчлийн тухай хуулийн дагуу 15.5 сая төгрөгийн торгууль ногдуулж ажиллалаа. Зарим зөрчил дутагдлууд арилахгүй байна. 2021 оноос “Үдийн цай” хөтөлбөр “Үдийн хоол” болж хэрэгжинэ. Тиймээс анхаарах хэд хэдэн асуудал байна.

-Нийслэлийн хэмжээнд төрийн өмийн 138 сургуулийн 74 буюу 53,6 хувь нь зориулалтын, 59 буюу 42,7 хувь нь зориулалтын бус цайны газартай байна.Төрийн бус өмчийн 117 сургуулийн 23,3 хувь нь л зориулалтын байртай.

Мөн үдийн цай хөтөрбөрийг хэрэгжүүлэхдээ тухайн хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргуулж байж үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл 28,2 хувь нь Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулаагүй ажиллаж байсан.

Үдийн цайг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой байдаг. Гэтэл 37,9 хувь нь зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байна.

Мөн хүнс хадгалах зориулалтын сав байхгүй, хөргүүр хөргөгч дутагдалтай байна” гэлээ.

НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор "Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 33 газарт хяналт хийсэн.

ТЕХНОЛОГИЙН ШАТ ДАМЖЛАГЫГ НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ БАЙХ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ: СХД-ийн Ирээдүй цогцолборын Хоёрдугаар бага сургууль, 129 дүгээр сургуулийн "Халиунбат арвижих" компани, СБД-ийн 71 дүгээр сургууль, БГД-ийн "Гурван тамир", "Жишиг эрдэм", БЗД-ийн "И Эс Эм" олон улсын сургууль, 32 дугаар сургууль, ХУД-ийн 10 дугаар сургууль, Эрдмийн гүүр шаардлага хангаагүй.  

ХҮНСНИЙ ХӨРГӨЛТ, МАХ НОГОО ЖИМС ХУУРАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХҮНСНИЙ САВ БАГЛАА БООДОЛ ТӨРӨЛЖСӨН АГУУЛАХТАЙ БАЙХ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ: ХУД-ийн "Эрдмийн гүүр", БЗД-ийн "Арвис",  Гёте, 132 дугаар сургууль, 87 дугаар сургууль, 79 дүгээр сургууль, БГД-ийн Гурван тамир, 20 дугаар сургууль, 37 дугаар сургууль, 71 дүгээр сургууль, 129 дүгээр сургууль, 83 дугаар сургууль, 129 дүгээр сургуулийн "Халиунбат арвижих" компани, СХД-ийн Ирээдүй цогцолборын Хоёрдугаар бага сургууль шаардлага хангаагүй.

ХООЛНЫ ЖОР ТЕХНОЛОГИЙН КАРТЫГ МӨРДӨӨГҮЙ: ХУД-ийн "Эрдмийн гүүр", 10 дугаар сургууль, "Жишиг эрдэм", СХД-ийн 107 дугаар сургууль, 83 дугаар сургууль, 80 дугаар сургууль, 86 дугаар сургууль, 2 дугаар бага сургууль шаардлага хангаагүй байна.

ЕБС-ИЙН ОЙРОЛЦОО ЗАРЖ БОРЛУУЛАХЫГ ХОРИГЛОСОН БҮТЭЭГДЭХҮҮН БУФЕТЭЭР ЗАРЖ БАЙСАН ЗӨРЧИЛ: 20 дугаар сургууль, 79 дүгээр сургууль, 87 дугаар сургууль, Гёте, 132 дугаар сургууль, "Арвис"-д зөрчил илэрсэн байна.