Орон нутгийн ээлжит сонгууль өндөрлөж, нийслэлд МАН ялалт байгуулснаар дараагийн хотын даргын марафон үргэлжилсэн өдрүүд өнөөдрөөр эцэс болох бололтой. Учир нь өнөөдөр Нийслэлийн Монгол Ардын намын хорооны, залгуулаад МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хуралдахаар тов гараад байна. 

Өнөөдөр хотын удирдлага хэн байх вэ гэдгийг шийдэх чухал томилгоо улс төрийн хүрээнд хийгдэх гэж байна.

Яг одоогийн байдлаар нийслэлийн МАН-ын хурал болж, хотын даргын асуудлыг хэлэлцээд, Д.Сумъяабазарыг Улаанбаатар хотын даргад нэр дэвшүүлээд байна.  Энэхүү томилгоог МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэж дэмжих юм бол НИТХ-ын хурлаар батламжлах юм. 

Ийнхүү Д.Сумъабазар хотын дарга болох юм бол Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын дахин сонгууль болно.

Тэгэхээр дээрх мэдээлэл баттай бол Нийслэлийн шинэ Засаг даргаар Д.Сумъяабазар очиж, харин Ж.Батбаясгалан буурь сэлгэж НИТХ-ын дарга болох нь.

Хэрэв энэ тохироо үнэн бол  Д.Сумъяабазарын гэгдэх төлөөлөгчид дуу нэгтэй дэмжиж, Ерөнхий сайд батламжлах нь  тодорхой.