2017 оны аравдугаар сарын 18. Ч.Хүрэлбаатар бөөн эсэргүүцэл дундаас гүрийж суусаар Сангийн сайд болов. Тэр үед У.Хүрэлсүх дөнгөж Ерөнхий сайд болоод танхимаа бүрдүүлсэн.

Сүүлд дахин сонгогдоод “давхар дээл”-тэй дөрвөн сайд томилоход Ч.Хүрэлбаатарыг бас оруулж ирсэн. Дахиад л эсэргүүцэл дундуур зүтгэсэн. Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэлбаатар 2017 оноос хойш тасралтгүй гурван жил Сангийн сайдаар ажиллаж байгаа юм.Харин сүүлд томилогдсоноосоо хойшх 100 хоногт тэрээр хоёр том ажил амжуулсан гэсэн PR явж байна. Эхнийх нь “Мазаалай”, “Чингис” бондуудын өрийг төлөхөөр “Номад” хэмээх бонд гаргасан. Монгол Улс 2021 онд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.долларын өрийг төлнө. Эдгээр өрийг сая гаргасан “Номад” бондын 600 сая ам.доллараар сольж, арилжаалж авсан гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь, манай сайдыг өрөө хэрхэн дарахаа мэдэхгүй, хуйхаа маажиж суухад нь өмнөх зээл өгсөн эзэд өөрсдөө санал тавьж, мань эр түүгээр нь PR-даж гарсан байдаг. Мөн Ч.Хүрэлбаатар “ФАТФ-ын саарал жагсаалтаас улсаа гаргасан гавьяатан” гэж навсайтал PR-даж байна. Тэр “саарал жагсаалт”-ын түүхийг олон нийт мартсан гэж бодсон бололтой. Үгүй. Одоогоос яг жилийн өмнө Монгол Улс саарал жагсаалтад орсон. Тэр үед Ч.Хүрэлбаатар өөрөө Сангийн сайд байв. Тухайн үед Монгол маань  Исланд, Зимбабве улсын “саарал жагсаалт”-д бичигдэж байлаа. Тэгэхэд ФАТФ-аас Монголд хугацаатай үүрэг өгсөн байдаг юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин