Хэргээр хөндөе гэж бодож төлөвлөж бичсэн нийтлэл. Үндэсний аюулгүй байдалд маш том аюулын харанга! Архидуулахгүй байх биш, үхүүлэхгүй байх гэдэг нь Монголын ТӨР-ийн бодлого арай ч биш байгаасай!

Нэгэн уулзалт санаанаас ер гардаггүй. Нийслэлийн Засаг дарга (Су.Батболд) өөрөө албатуудаа дагуулж ирээд ярьсан хэлсэн учраас би ТӨР рүү зориглон аваачиж наахаар шийдлээ. 2017 оны эхээр шиг санагдана. Монголын шилдэг нийтлэлчдийн клубын (baabar.mn сайтад нэгдэж ажилладаг) нийтлэлчдийг УБ хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга, ЗДТГ урьдаг юм аа. Хотын хөгжил энээ тэрээ гээд баахан слайд үзүүлэн танилцуулга хийв ээ. Араас нь асуулт залгалаа. Тэд ч боломжоороо хариулж байна. 

Би хэргээр асуулаа. Энэ их архичидаа хотын захиргаа яах гэж байна, алийн болгон архичидыг ард түмэн тэвчих юм, Та нарт ямар бодлого байна гэлээ. Хотын дарга өөрөө хариулсангүй, харьяа нэг чухал хэлтсийн даргаа яриуллаа. Нэрийн хуудас нь надад байна. Нэр усыг нь хэлэхээ азная. Одоо тэр нөхөр лав тэндээ байхгүй байх.

ЗДТГ-ын хэд хэдэн дарга хамсан хариулах гэж оролдлоо. “Баярхүү гуай, Баярхүү ах аа, Та ойлгох хэрэгтэй” гэж байгаад л өрөвдөлтэй (бүр үхээнц) тайлбар хэлцгээв ээ. Юу гэсэн бэ гэхлээр, нийслэл дэх архичидыг Хотын захиргаа сайн мэдэж байдаг гэнээ. Хороо хориндоо ихэнхи нь бүртгэлтэй, хэдэн зуун архаг архичин засрал авахгүйгээр байж байдаг гэв. Бид мэдэж байна, бүгдийг нь мэдэж байна, Цагдаа ч тэднийг сайн мэдэж байгаа гээд л ам амандаа бувтнана. 

Мэдээд мэдээд яадаг юм гэж би асуулаа. Хариулж байнаа. Хааяа хааяа тэднийг бөөнөөр нь баривчлан саатуулах явдал гардаг гэлээ. Цагдаа тэр ажлаа сайн хийчихдэг гэлээ. АСЕМ-ын уулзалтын үеэр тэднийг албадан саатуулж хотоос гаргаж бөөгнүүлээд дараа нь сулласан гэх мэт. Өвлийн хүйтэнд осгоод үхчих вий гээд Цагдаа, эмнэлэг хоёр хамтран ажилладаг гэж байна. Зохион байгуулж байгаа ажлаа дурдаад л байна. Их л ажил хийдэг бололтой юм ярилаа. Эрүүл мэндийг нь л яриад байна, цаана нь ёс суртахуун, нийгмийн дэг журам, нийгмээ доромжилдог, сахилга бат, ариун цэвэр, ахуйн соёл гэх ганц ч үг өгүүлбэр олж сонссонгүй. 

Асуулаа. Тэгвэл яагаад архичид амь бөхтэй, харин ч тоо толгой нь өсөөд байгаад байдаг юм бэ? Хариулт нэг л биш ээ. Харин ч өрөвч хүмүүнлэг тал руугаа хариулт хэлбийлээ. Баривчлаад хорьдог, ганц хоёр хонуулаад тавьж явуулахгүй бол хоригдсон газраа шууд үхчихдэг, эсвэл бие нь муудчихаад сандаргадаг тул дур зоргоор нь гадуур архидуулж байхгүй бол болохгүй гэж хэлэх шиг дуулдав. Архиа уухгүй бол үхчихдэг, үхээд гай тарьдаг, үхүүлж байхаар гудамж зээлд нь сул тавиад архийг нь уулгаад амьд явуулж байгаа нь хүмүүнлэгийн үйлс шахуу юм хэллээ. Нинжин сэтгэл рүүгээ хэлбийгээд явчихлаа.

Хүлээж авах газар олддоггүй л гэнэ, гэр бүл гэж байхгүй л гэнэ, эмнэлгүүд бараг бүгд архичидын өмнө хаалгаа барьсан л гэнэ, Цагдаа мэдэж байдаг, хараа хяналтнаасаа гаргахгүй, хотын захиргаа бас мэдэж байдаг, үхүүлчихгүйн тулд сул чөлөөтэй архидуулаад явуулдаг, тэднийг тэгсгээд байлгаж байхаас өөр арга алга, Та ойлгооч гэх нь тэр. Хариулт нь ердөө энэ. 

Гоё хариулсан байгаа биз? Үүнд чинь эцэс төгсгөл гэж байна уу? Манай Монголыг, Монголын нийгмийг, Нийслэлийг маань муухай харагдуулаад тэд чөлөөтэй архидаж байх ёстой юу гээд шалгаах тусам “Үхүүлчихгүйн тулд архидуулаад явуулж байхаас өөр арга байхгүй!”. Ямар ч гарц хувилбар байхгүй хэмээн шууд л миний амыг таглав. Гол хариулт: Архидуулахгүй байх биш, үхүүлэхгүй байх! Дүгнэлт: Монголын төр архичидынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байдаг юм байна, архийг нь уулгаад, толгойг нь илээд! 2017 оноор авч ярьж байна шүү.

2017 оноос хойш Нийслэлийн Засаг дарга, ЗДТГ хэд хэд солигдлоо. Архичидтай тоймтой тэмцэл явуулж ялалтад хүрлээ, амжилттай тэмцэж байна, үр дүн нь энэ байна гэсэн тайлбарыг ард иргэд маань олж сонсоогүй өнөөг хүргэлээ. Эсвэл би сонсоогүй, уншаагүй өнгөрчихөв үү?  Архитай амжилттай тэмцээд байгааг нь би харалгүй өнгөрчихсөн бол ёстой далан таваар бууж өгсүгэй! Томоос том уйчлалт гуйя.

2017 оноос хойш гурван жил дурайтлаа өнгөрчихжээ. Нийслэл хотын гэр хороолол, хотын зах хавьд архичидын бөөн сүрэг бэлчээстэй. Аймаг сумын төвүүдэд тэр гэх тэмдэгтэй архаг гавьяат архичид бас ярайж байдаг гэсэн. Тэднийг бор шувуу, болжмор, бөбө гэх мэт өхөөрдөн нэрлэнэ. Тэд өвөл зунгүй, өдөр шөнөгүй, цаг наргүй архины мөнгө, архины хамтрагч хайн сүрэглэн зогсоно. Тэдний биологийн цаг нийтэд тодорхой, хот хөдөө ялгаагүй. Архи нь толгойноос гараад шартаж үхэхдээ тулсан нөхөр үүр шөнөөр хэвтрээсээ босоод гудамжинд гарна. Өглөө ажил цуглахаас өмнө тэд л гудамжны чимэг болон зогсоцгооно. Ажил цуглах үеэр дэлгүүр онгойно. Гуйлгаа гуйж эхэлнэ. Хүн танина гэж жигтэйхэн. Шууд дээрэм хийх чадалгүй болцгоосон. Зуун цаас, хоёр зуун цаас, хэд ч байсан голохгүй. Бөөгнүүлж байгаад “нөгөөх”-өө авч ууцгаана. Өдөр шал согтуу, гэхдээ хамгийн аз жаргалтай сүрэг хүн. Үдээс хойш согтоод ухаан алдаад унана. Хот, дүүргийг муухай харагдуулан энд тэнд ундуй сундуй унтаж байна. Хэн ч тоохгүй. Цагдаа бүр ч тоохгүй. Өвөл бол осгож үхүүлэхээс сэргийлээд нэг тийш аваачдаг бололтой. Унтаж унтаж шөнө дунд сэрнэ. Толгой нь хага үсрэх шахна. Үүр шөнөөр ээлжит ажилдаа гарна. Хорин дөрвөн цагийн хэмнэл нь энэ. 

 

 

 

Төр засаг, УБ хотын ЗДТГ, Цагдаа, эрүүлжүүлэх тэднийг сайн мэдэж мэдэрч байвч амьд явуулах хүнлэг үүргээ ухамсарлан нүдэн балай чихэн дүлий өнгөрүүлнэ. Зовлонг нь архичидыг тойруулсан дэлгүүр, дэлгүүрт үйлчлүүлэгсэд, архичидын ар гэрийнхэн, орцныхон, хамар хашааныхан үүрнэ. Амьд яваасай, хөөрхий минь гэж байгаа нэг ч хүн үзээд өгье гэхнээ байхгүй. Бүгд л үхэж далд ороосой гэх ганцхан хараалтай (ерөөлтэй). Aлвaл таарна гэх хараал бишгүй дээ л сонсож байна. Уншигчид ч бишгүйдээ сонсоо байлгүй. 

 

 

 

Архичидыг нийгмээсээ шахан зайлуулах арга замыг би зөндөө бичсэн дээ. Дахиад л улиглая. УИХ-аар яаралтай хууль батлая. Архичид архидаж болно. Өндөр татвар төлөөд архидаг. Энэ тухай хууль. Юун татвар вэ гэвэл ажил хөдөлмөр эрхлэхгүй, бас нийгэм ба гэр бүлдээ архины хар энерги цацаж байгаагийнх нь төлөө төрөөс авах татвар. Татвар төлж чадахгүй гэвэл архинаасаа гар. Хоёр л зам байна, тэдний хувьд. Архитайгаа хамт явах бол татвар төлж байж яв, татвар төлөхгүй, төлбөрийн чадваргүй гэж байгаа бол архинаасаа үүрд гар. Хөөрхий тэд ямар татвараа төлдөг юм гэж ам асуух хүн зөндөө олон. Ганц л хариулт:  Тэднээс татвар авч улс баяжих гэсэн асуудал биш, тэднийг архинаас бүрмөсөн гаргах асуудлыг л хатуу тулгаж байна. Тэгж тулгахгүй бол оройтлоо! 

Төрийн өгөөмөр хараа хяналт дор оршдог, ядаж архины мөнгө гуйх нүүртэй архичидын (танагтай нь) тухай би энд ярьж байна. Харин хог ухдаг, гуйлга гуйдаг, хүн гэж нэрлүүлэх гавьяагүй болчихсон золбин тэнэмэл түг түмэн хүний (танаггүй нь) тухай яршиг цаашаа гээд орхилоо. Буянаараа болог. Тэдэн дээр Монголын төрийн хараа хяналт (ядаж зохицуулалт) илт үгүйлэгддэгийг иргэд бухимдан ярих юм билээ. Би бас хошуу нэмчихье. Золбин тэнэмэл иргэдийг үхүүлэхгүй нь Төрийн үүрэг байлаа гэхэд мөнх наслууж (30 жил оршин тогтножээ!), нийгмээ муухай харагдуулж, нийгмээ доромжлуулж байх нь бас Төрийн үүрэг үү? 

Дэлгүүр хоршоогоор нэг ярайсан олон төрлийн архи манай эдийн засагт нэмэр болдог, улсын төсвийг архины үйлдвэр ба худалдан авалтаар бүрдүүлдэг гэх хуучирсан, тэнэг ойлголтоосоо төр-засаг, эрх баригчид минь салах цаг болсон. Эдийн засагт, төсөвт нэмэртэй гээд Монголын эрдэнэт хүний амийг хэдэн зуу, хэдэн мянгаар нь золиослож чимээгүй үхэл рүү нь түлхэх чинь хүнлэг үйлс мөн үү, төсвийн санхүүчид ээ? Энэ асуултыг Улаанбаатар хотын шинэ дарга болон аймаг сумдын шинэ дарга нарт бас тавья. Хариултаа нэхнэ шүү!

 

 

    

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү