Монголын төрд сүүлийн үед ард түмнийхээ идэх хоолоор улс төр хийж тохуурхдаг муухай хандлага бий боллоо. Энэ нь хавар цаасан дээр тариа тарьж, намар нь цас бороо, ган ганчиг гээд байгалийн ямар л үзэгдэл байна тэр бүхэн рүү бурууг нь чихээд өнгөрдөг адгийн жишиг тогтох аюул нүүрлэлээ.

Энэ хаврын явдлыг монголчууд мартаагүй байгаа. Өнгөрсөн намар өндөр ургац хурааж авлаа, дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангалаа гээд манай төр засаг баахан сүржин мэдэгдэл хийж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар газар тариалангийн бүс нутаг Төв, Сэлэнгэ аймагт тариа хураалтын үеэр ажиллахдаа тэгж мэдэгдэж толгой дээгүүр ханхалзаж байсан. “240 мянган тонн улаанбуудай хурааж авлаа. 2019-2020 онд дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангалаа” гэж хөдөө аж ахуйн сайд нь мэдэгдэж байсан.

Гэтэл хаврын тэргүүн сар дөнгөж гараад удаагүй байтал Монголын Засгийн газраас “Улсын хэмжээнд 30 орчим мянган га талбайн ургацыг хураан авч чадаагүй. 2020 оны хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд 60 мянган тонн, хаврын тариалалтад 15 мянган тонн улаанбуудай дутагдаж байна” гээд улаанбуудайн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэж мэдэгдээд хүн бүхний гайхаширлыг төрүүлсэн. Коронавирусийн аюул тулгарч, ард иргэд айдас хүйдэст автсан хөл хорионы үед Монголын төр ингэж мэдэгдсэн нь олныг улам цочролд оруулсан юм. Урьд намар нь Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан ард түмэндээ өндөр ургац хурааж авлаа, гурилын хэрэгцээгээ 100 хувь хангана гэж худлаа хэлснээ коронавирусийн цар тахлаар цайруулах гээд бүтээгүй л дээ. Тариалан эрхлэгчид ард түмнээ хуурсан төр засгийн бодлого шийдвэрийг эсэргүүцэж хөдөө аж ахуйн яамны гадаа жагсаж байсан.

Өнөө жилийн хувьд энэ байдал бас л давтагдах нигууртай болоод ирлээ. Хаврын тариалалт эхлэх үеэр төр засгийнхан “Энэ жил гурилын хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангаад зогсохгүй 200 мянган тонн гурил экспортолно” гэж зогсоо зайгүй мэдэгдсэн. Сонгуулийн жил байсан учир хавар, зун, намрын туршид гурилын хэрэгцээг бүрэн хангана гэж Ерөнхий сайдаасаа аваад, салбар яамныхан бүгд л итгэл төгс ярьсан. Бүр сүүлийн жишээ гэхэд орон нутгийн сонгуулийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Дархан, Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуйн салбарыг ирэх жилүүдэд хөгжүүлэх дунд хугацааны бодлого гэгчээ танилцуулсан. Түүндээ “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг зохион байгуулна, гурилын хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж, гадаадад 200 мянган тонн гурил экспортолно, өндөгний хэрэгцээний 52 хувь буюу 178 сая ширхэгийг дотооддоо үйлдвэрлэж байгааг 90 хувьд хүргэнэ, хүнсний ногооны хангамжийн 56 хувийг хангаж байгааг цаашид бүрэн хангах хэмжээнд хүргэнэ, “Монгол мал” үндэсний хөтөлбөрөөр махны экспортын өнөөгийн түвшин 58.6 мянган тонн байгааг гурав дахин нэмэгдүүлнэ гээд туучихсан.

Хөдөө аж ахуйн сайдыг мундаг ажиллах нь, ямар чиг л байсан гурилын хэрэгцээгээ бүрэн хангах юм байна, гадагшаа экспортлох нь яамай дотооддоо бүрэн хангаж байвал болох нь тэр гэж ард түмэн хүлээж байв. Гэвчиг орон нутгийн сонгуулийн дараагаас байдал бишдээд эхэллээ. Гадаад руу 200 мянган тонн гурил экспортлох нь байтугай гаднаас импортоор улаанбуудай авах Улаан сайдын “сайхан” жишиг өнөө жил дахин давтагдах өнгөтэй болоод явчихлаа. Үндсэндээ 360 мянган га талбайд улаанбуудай тариаллаа, гурилын хэрэгцээ асуудалгүй гэж дээр дооргүй мэдэгдээд байсан нь худлаа болж таарах нь. Ард түмэнд хэлсэн үг нь аанай л цаасан дээр тарьсан тариа нь байж. Сүүлийн өдрүүдэд ургац хураалтын албан мэдээг мэдээлж буй нөхдүүдийг анзаарахад гурилын хэрэгцээнд асуудал үүснэ, цас бороо их орсон учир тариа хураалтад онц хэмжээгээр нөлөөллөө гэсэн хандлага яваад байна.

Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ахлах шинжээч Б.Одонхүү “Тариа цасанд дарагдсанаас гурилын үйлдвэрт нийлүүлэх буудайн чанар асуудал дагуулж мэдэхээр байна” гэж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн. Тэрээр “Хураалтын хэмжээг тонноор нь авч үзвэл үр тариа, улаанбуудайн хураалт 60 хувьтай явж байна. Энэ нь 267 мянган тонн улаанбуудай хурааж аваад байна гэсэн үг. Гэхдээ есдүгээр сард яг ургац хураалтын үед цаг агаарын байдал хүнд байлаа. Хүйтэн бороо, нойтон цас, шамарга шуурганы улмаас улсын хэмжээнд нийтдээ 40 мянга орчим га тариан талбай ямар нэг байдлаар гамшигт өртөж, цасанд даруулсан хүндрэл үүслээ. Аймаг орон нутгаас авсан мэдээллээр цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж 18.8 мянган га буудайн талбай цасанд дарагдаж болц нь дутуу байсан учир буудайн чиглэлээр хураах боломжгүй болж, таримал ногоон тэжээлд хураагдахаар боллоо. Үндсэндээ 267 мянган тонн хурааж авсан улаанбуудайн 18.8 мянган га талбай нь буудай биш таримал ургамал боллоо” хэмээн мэдэгдсэн. Одоогийн байдлаар 20 орчим мянган га талбайгаас авах улаанбуудай буюу гурил маань малын тэжээл болчихож. Ургац хураалтын албан ёсны мэдээ гарахад хэдэн мянга га талбай нь цасанд, хичнээн нь бороонд, мөн ган гачигт нирвэгдэж “будаа” болсныг бид таашгүй.

Улаан сайд улсын хэмжээнд 30 орчим мянган га талбайн ургацыг хурааж авч чадаагүй гээд орос ах нараасаа идэх хоолоо гуйж, гуйлгачин царайлсан шиг шинэхэн сайд З.Мэндсайхан бас л цаасан дээр тариа тарьснаа хүлээн зөвшөөрч орос ах нараасаа царай алдах уу? “Хэдий хэмжээний буудай дутна, тэр саналаа Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, импортоор авах буудайн хэмжээг тогтоож өгнө. Гурилын үйлдвэрүүд зөвшөөрлөө аваад эртхэн импортоо хөөцөлдөх болдог. Шуурхай арга хэмжээг арваннэгдүгээр сард авах байх” гэж газар тариалангийн мэргэжилтнүүд хэлж байна. Тэгэхээр гадаадад гурил экспортлох бус гаднаас гурил импотлох нь үнэн болоод явчихлаа. Үндсэндээ өнөө жил цаасан дээр тариа тарьсан гэдэг нь баталгаатай болж байх шиг байна.

Үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон улаанбуудай, ард түмнийхээ хоолоор Монголын төр ингэж поопорч худлаа хэлдгээ одоо болих хэрэгтэй. Идэх хоолоороо тоглоом тохуу хийж болдоггүйг эцэг өвгөд минь эртнээс сургасан. Энэ засаг идэх хоолоороо тоглож эцэс сүүлд нь модоо барих вий дээ. Өнгөрсөн хавар хөл хорио тогтоонгуут ард түмэн хамгийн түрүүнд гурил руу дайрсан, гурилын лангуунууд хоосроод эхэлснийг бид харсан.

Цаашид байдал улам эвгүйтнэ гэдгийг ДЭМБ-аас зарласаар байна. Ийм хүнд бэрх үед зөвхөн сонгууль бодож, эрх мэдлийн төлөө улайрч ард түмнээ хууран мэхэлдэг нь ямар учиртай юм бэ, Ерөнхий сайд аа. Хэрвээ гурил ховордоод ирвэл өлсгөлөн ходоодтой ард түмнээс юу ч гарч болохыг хууран мэхлэгч төр засгийнхан мэддэг л байгаа даа???