Шүүхийн ёс зүйн хорооноос “Шүүхэд итгэх итгэл ба шүүгчийн сахилга хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг Holi­day inn" зочид буудлын хурлын танхимд өрнүүлсэн юм. Энэ үеэр Шүүхийн ёс зүйн хорооны даргаар ажиллаж байсан хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Өнөөдөр манай улсад хууль шүүхийн байгууллагад итгэх итгэл ямар түвшинд байна гэж та бодож байна?

-. Би шүүхийн байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байна. Миний харж байгаагаар иргэдийн шүүхэд итгэх итгэл жил ирэх тусам суларч байна.

Яагаад иргэдийн шүүхэд итгэх итгэл сулраад байна гэхээр шүүхээс гаргаж байгаа олон нийтэд ил тод байгаа шийдвэрүүдээс болоод байна шүү дээ. Би өнгөрсөн хугацаанд оюутны танхим, малчны хот, эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлэг гээд олон газар салбар салбарын иргэдтэй уулзахдаа нэг асуулт асууж үзсэн. тэр нь “өнөөдөр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнтэй таны асуудал шүүх дээр очиход та өөрийгөө ялна гэдэгт итгэлтэй байна уу” гэхэд бүгд “үгүй” гэсэн хариулт өгсөн. нэг ч хүн манай улсын шүүх шударга гэж хариулаагүй. Бүр нэг ч шүү. Тэгэхээр бид өнөөдөр хичнээн гоё юм яриад нэмэргүй. Гоё боллоо, сайхан байна, хуулийн шинэчлэл хийгдсэн, хууль шударга болчихсон гэж яриад байх юм байхгүй. Үнэндээ өнөөдөр Монгол Улсад шүүхийн нэр хүнд гэж авах юм алга.

-Яагаад шүүхийн нэр хүнд уначихав аа. Уг нь шүүгчийг ямар нэгэн эрх ашгаас ангид байлгахын тулд хамгийн өндөр цалинтай болгосон санагдах юм. Гэвч дээрдсэн юм байна уу?

-Шүүгчийн цалинтай холбоотой асуудал нэг хэсэг нийгэмд маргаан дэгдээсэн. Энэ юутай холбоотой вэ гэхээр шүүгч хэдэн төгрөгийн цалин авч байгаа нь иргэнд сонин биш.

Хамгийн гол нь иргэд муу ажиллаж байгаа гэж дүгнэдэг хүмүүс нь их цалин аваад байгаад л бухимдсан. Шүүгчийн нэр хүндэд нөлөөлдөг ганцхан зүйл нь тухайн хариуцсан хэргээ хэрхэн яаж шийдвэрлэсэнтэй л холбоотой байдаг.

-Иргэдийн хэдэн хувь нь шүүхийн байгууллагад итгэж, хэдэн хувь нь итгэхгүй байна гэдэг бодитой тоо баримт байдаг юм уу. Хэлэлцүүлгийн үеэр энэ чиглэлээр ТББ-ын хийсэн судалгааны тоо баримт, ШЕЗ-өөс хийсэн судалгааны тоо баримт хоорондоо зөрүүтэй байдаг гэж байсан?

-Энэ чиглэлээр хийсэн судалгааны тоо баримтууд байгаа. үнэнийг хэлэхэд хөндлөнгийн байгууллагуудаас хийсэн тоо баримтуудыг л харахгүй бол шүүхийн албан ёсны статистик тоонд итгээд ямар ч нэмэргүй шүү дээ. Шүүх ямар байх ёстой вэ гэдгийг хүн болгон мэднэ. Шүүх шударга л байх ёстой.

-Шүүх энгийн иргэн, эрх мэдэлтэн хоёрт ялгаатай үйлчилж байгаа гэдэг дээр санал нийллээ. тэгвэл ялгаатай, шударга бус шүүхийн тогтолцоог халахын тулд юунаас эхлэх ёстой юм бэ?

- Шүүхийг ард иргэдийн хүсэн хүлээсэн шиг эрх тэгш, шударга, ил тод болгохын тулд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад Шүүхийн сахилгын хороо гэдгийг нэмсэн юм. Шүүхийн шинэтгэлийг гоё хууль яриад хийчихдэггүй юм байна гэдэг нь харагдаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын бүх шүүгчдийг хоёр ч удаа томилж, чөлөөлсөн шүү дээ. Шүүхийн шинэтгэлийг улс төрийн акц болгож, шоудах чиглэлээр хийж болдоггүй юм байна. Шүүхийн шинэтгэл үе үеийн Ерөнхийлөгчдөөс хамааралтай байдаг. Энэ асуудлыг анх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед ярьж эхэлсэн. Олон судлаач, эрдэмтэд үгээ хэлж байсан. Тухайн үед шүүхийн шинэтгэлийн үйл явц ид явагдаж байхад хамгийн их үүрэг роль гүйцэтгэж, идэвх санаачилгатай ажиллаж байсан хүн бол Ц.Цогт шүүгч. Түүнийг улсын Дээд шүүхийн шүүгч болох байх гэж Монголын хуульчид олон жил хүлээсний эцэст сая л нэг улсын дээд шүүгч болохоор асуудал нь орж ирж байх шиг байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд шүүхийн боловсон хүчин ямар байсан нь Ц.Цогт шүүгчийн жишээнээс харагдана. Тиймээс шүүхийн шинэтгэл бодитоор явагдаж уу. Тэгвэл одоо шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж байгаа нөлөөнүүдийг арилгачихад л энэ шинэчлэл явагдана.

- Тийм боломж байгаа гэж үү. Шүүгчийн хараат бус байдлын талаар их л ярилаа. Үр дүн гарахгүй л байна шүү дээ?

-Нэг ийм яриа явж байна л даа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай хуулийг буцаана. Засгийн газраас өргөн барьсныг УИХ-ын гишүүд хэлэлцэнэ гэж байна. Энэ асуудлыг харахаар хоёр хуулийн төслийн асуудал яригдаж байгаа юм шиг боловч гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болон Ерөнхийлөгчийн институцийн байгууллагын хоорондын асуудал байгаа юм. Парламент нь шууд гүйцэтгэх эрх мэдлийнхээ талд орж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдлийн байгууллагад Ерөнхийлөгч маш их үүрэгтэй оролцдог. Монгол Улсын Үндсэн хуулиараа шүүгч нарыг томилох, чөлөөлөх эрх нь түүнд бий. Өөр хэнд өгөх юм бэ. Энэ эрхийг улс төрийн байгууллага УИХ-д өгч болохгүй. Улстөрчид шүүгчийг томилдог байж болохгүй. Засгийн газар буюу улстөрчдөөс томилогддог байгууллага шүүгч нарыг томилж болохгүй. Тэгэхээр манай улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Ерөнхийлөгчид өгөхөөс өөр ямар ч сонголт байхгүй.

-Шүүгч,прокурорыг томилдог Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн байгууллагын тухай хууль санаачлахаар түүнийг нь хэлэлцэхгүй хэмээн буцаадаг энэ хандлага зөв үү?

-Өнөөдөр МАН-ын бүрдүүлсэн УИХ, ЗГ нөгөө талд нь хараат бус байх ёстой шүүх байна. Тэгвэл ЗГ, УИХ-тайгаа нийлж байгаад шүүх эрх мэдлийг төлөөлж хуулийн төсөл боловсруулсан Ерөнхийлөгчийнхөө хуулийн төслийг хэлэлцэхгүй гэж байна. Хэлэлцэнэ гэдэг батлахын нэр биш. УИХ-аар хэлэлцэж байгаад батлахгүй байж болно, өөрчилж болно. МАН-ыг ард түмэн сонгохдоо Засгийн газрыг байгуулах эрхийг нь өгсөн. Гэхдээ Монгол Улсын хууль энэ хүмүүст шүүхийг өөрсдийнхөөрөө бий болгох эрхийг нь өгөөгүй. Тиймээс шүүхийг өөрсдийн дураар бий болгож болохгүй л дээ.

-УИХ-ын гишүүд хуулийн хүрээнд өөрсдийн эрх мэдлийг мэдэхгүй байгаа юм биш үү. тухайлбал, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилох асуудлыг ШЕЗ-өөс журмын дагуу сонгон шалгаруулаад УИХ-ын гишүүдэд танилцуулсан. Гэтэл танилцахгүй хэмээн чуулганы танхимыг мөн л орхин гарсан шүү дээ?

-УИХ-ын гишүүд Дээд шүүхийг шүүгчдийг томилдоггүй. Бас баталдаггүй. ШЕЗ-өөс УИХ-д танилцуулдаг. “Ийм хүн Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч болж байна шүү манайхаан” гээд танилцуулж байгаа юм. Энэ асуудлыг бүх гишүүд мэдэж байгаа мөртлөө танилцахгүй гээд зугтаад байдаг. Энэ бол зөвхөн С.Батхүлэг гэж хүний асуудал биш. Үүнээс хойш улстөрчид байдаг УИХ-аас, ЗГ-аас холдуулсан шүүхийн Үндсэн хуульд тусгаж өгсөн зарчим хэрэгжихээ больчих вий дээ гэдэгт л асуудлын гол байгаа юм. Монгол Улсын Үндсэн хууль зарчимынхаа дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлээ хуваарилсан зарчмын дагуу цаашид ажиллах юм уу. Улстөрчид нь хуулийн байгууллагын томилгоонд өөрсдөө гүйгээд орчих юм уу, илт хувийн сонирхол гаргах юм уу гэдэг байгаа юм. Гэтэл улстөрчид сурснаараа энэ асуудлыг улс төржүүлж, энэ хүн Голомт банкинд ажиллаж байсан, ийм тийм гээд хувь хүний асуудал яриад байдаг. Уучлаарай, энэ бол хувь хүний асуудал биш. Зарчмын шинжтэй асуудал, тэр дундаа сонгуулийн үр дүнгээр Засгийн эрх авсан нэг нам нь, улстөрчид нь бүх асуудлыг шийдээд, томилоод явах юм уу гэдэг л асуудал.

-Манайд шүүх хуралдаан болохоос өмнө хэн нь ял авах, хэн нь суллагдах, хэрэг нь хэрэгсэхгүй болох нь шийдэгдчихсэн байдаг гэх хардлага иргэдийн дунд байдаг. Энэ тал дээр юу хэлэх вэ?

- Бүх шийдвэр урьдчилан төлөвлөөд гардаг гэж ойлгож болохгүй. Дийлэнх хэрэг хуулийн дагуу мэтгэлцээний зарчмаар шийдвэрлэгдэж байгаа гэдэгт би эргэлздэггүй. Харин авлига, албан тушаалын хэргүүд, албан тушаалтантай холбоотой, хөрөнгө мөнгөтэй, үндэсний томоохон компанид холбоотой гэх мэт томоохон хэргүүд дээр шударга бус шийдвэрлэлт нэлээд гардаг. Тухайлбал, улс орон даяар л ЖДҮ-гийн хэрэг дээр шуугьсан. Гэтэл хариуцлага хүлээсэн ЖДҮ-чид хаа байна. Энэ хэргийг гол зохион байгуулсан асуудалд холбогдсон хүмүүс торгуулаад, ял шийтгэлгүй байна. Зарим нь ажил албан тушаал өгсөөд явчихсан. Тэгэхээр үүнийг яаж шударга Шүүх гэх вэ. Ганцхан ЖДҮ гэхгүй шүү дээ. Өдөр бүр л албан тушаалтууд ард иргэдийн төсвийн мөнгөнөөс шамшигдуулсан хэрэг сонсогдож байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлдэг, хувийнхаа тансаглалд зарцуулдаг гэх мэт. Энэ гэмт хэрэг шүү дээ. Ийм байхаар хэн хуулийн байгууллагад итгэх юм бэ. Ард түмний нүдэн дээр ил тод байгаа энэ асуудалд холбогдсон хүмүүс ял шийтгэл авахгүй байхад шулуухан хэлэхэд хүний амь нас, эрүүл мэндийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг үйлдсэнээс бусад гэмт хэрэгтнүүдээ суллачих хэрэгтэй. Бүгдээрээ шударга л байя л даа. Жижиг хулгайтай тэмцэж байаа шигээ том хулгайч нартайгаа тэмцэх хэрэгтэй.Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгаар нэг хонь 40 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл нэг тэрбум төгрөг шамшигдуулсан хүн 25 мянган хонь хулгайлсантай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, 500 хоньтой, 50 өрх нийлээд нэг ЖДҮ-чиний үнийн дүнд хүрэхгүй байна. Гэтэл яагаад 5-10 хонь хулгайлсан хүн гурван жилийн ял сонсоод шоронд орж байгаа юм бэ. Нэг бол албан тушаалтнууддаа адилхан ял оноо, үгүй бол шоронд байгаа хүмүүсээ сулла. Бүгдээрээ шударга байя.

-Ер нь шүүхийг ашиглаж хэн нэгнийг хүчээр буруутгах сонирхол ч байгаа юм биш үү?

-Шүүхийн хамгийн том аюул нь ерөөсөө л тэр шүү дээ. Нэг талдаа Монголд сүүлийн жилүүдэд хавтгай байсан үзэгдэл шүүхийг ашиглаж улс төрийн хариуцлагаас, авлига албан тушаалын гэмт хэргээс мултарцгаасан. Энэ асуудлын дараагийн давлагаа нь шүүхийг ашиглаж өрсөлдөгчөө намнана гэдэг хамгийн аюултай шүү дээ. Тийм учраас л манай шүүхийнхэн, хуульчид, асуудлыг ойлгодог улстөрчид бодох ёстой. Яагаад улстөрчид сүүлийн үед шүүхийн асуудлыг яриад, нэг нам илт давуу дангаараа эрх барьж байгаа үед хэний ч саналыг сонсохгүйгээр зөвхөн өөрсдийнхөө асуудлыг зүтгүүлээд байна гэдгийг хардаж бодох л ёстой. Сая бид харлаа шүү дээ. Онцгой байдал тогтооно, сайхан болгоно гээд Эрдэнэт үйлдвэр ажилласан. Гэтэл сая харахад зөвхөн удирдлагын зардал нь хуучин байснаасаа 30 гаруй тэрбумаар хэтэрчихсэн байна шүү дээ. Гэтэл улстөрчдийн шударга ёс, сайхан санаачилга, уран гоё үгний цаана хулгай, хувийн эрх ашиг нуугдаж байх вий гэж болгоомжилж, сэрэмжилж л байх ёстой. Үүний тэнцвэр бол талуудын жигд оролцоо олон нийтэд ил тод нээлттэй байх явдал. Харамсалтай нь өнөөдөр Монгол Улсын шүүхийн байдал, Шүүхийн тухай хууль, томилгооны эргэн тойронд ийм зүйл ерөөсөө харагдахгүй байна. Нэг улс төрийн хүчин хууль шүүхийн байгууллагыг эрхэндээ авах гэсэн оролдлого л харагдаж байна.

П.БАТЗАЯА