УИХ дахь Ардчилсан намын бүлэг Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдлээ.

Энэхүү хуулийг анх Ардчилсан нам санаачлан өргөн барьж,  УИХ-аар  2014 оны долдугаар сарын 1-ний өдөр баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн аж.

Анх өргөн барьсан хуулийн төслийн зорилго нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах,  ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байсан байна. Гэвч хууль хэрэгжих явцад  дараах зөрчил илрэх болжээ.

 

Үүнд:

-Шилэн данс хөтлөхгүй байх

-Буруу, худлаа хөтлөх

-Шилэн дансанд мэдээлсэнээ засах

-Илэрхий зөрчил гаргасан ч хариуцлага хүлээлгэхгүй байна.

Иймд УИХ дахь Ардчилсан намын  бүлэг Шилэн дансны тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж буй бөгөөд уг өөрчлөлтөөр одоо мөрдөж байгаа хуулиар төсвийн хөрөнгөөс таван сая төгрөгөөс дээш хийсэн гүйлгээг шилэн дансны цахим хуудсанд мэдээлнэ гэснийг  1 сая төгрөг болгон бууруулах, зөрчил гаргасан албан тушаалтанд тооцох хариуцлагыг тодорхой болгож, хуулийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй байхаар төсөлд тусгажээ.