Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н, Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны Даваа гарагт тохиож буй. 

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос эхэлжээ. 

Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Чингис хаан" одонгоор шагнах хүнийг Монгол бахархлын өдрөөс гурван хоногийн өмнө нийтэд мэдээлдэг. 

Гэвч энэ жил цар тахлын халдвар газар авч, улс даяар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор энэхүү өдрийг тэмдэглэхийг цуцалсан байна. Өөрөөр хэлбэл, энэ өдөр олон хүн цуглуулсан ямар нэгэн баярын арга хэмжээ зохион байгуулахгүй, "Чингис хаан" одонгоор хүн шагнахгүй байх шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргажээ.