Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.7 дугаар зүйл “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын мөн оны А/1472 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах архи, согтууруулах ундаа худалдан борлуулж буй иргэн, аж ахуйн нэгжийг илрүүлж, хуулийн хариуцлага тооцох зорилгоор "Шалгалт" хэсэгчилсэн арга хэмжээг 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн зохион байгуулж эхэллээ.

"Шалгалт" хэсэгчилсэн арга хэмжээ нь “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн үед цахим орчинд хяналт тавьж, хууль бусаар архи согтууруулах ундаа худалдан борлуулж буй этгээдүүдийн талаар мэдээ, мэдээлэл олох, илрүүлэх, таслан зогсоох зорилготой юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт шалгалтын ажиллагаа явуулан 16 лааз пиво, 77 шил архийг цахим хуудас болон автомашинаасаа худалдан борлуулах гэж байсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоож байна.

Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг үйлдвэл Зөрчлийн тухай хуулийн 5.12-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.