Хятадад Ковид-19 яг ямар байгаа талаар тус улсад ажиллаж амьдардаг сэтгүүлч “Свободная Пресса”-д ингэж ярьжээ-

Коронавирусээр өвдсөн хүний тоо дэлхийд 55 саяыг даваад байна. Эхний давалгааны дараахь эдийн засгийн хямралаас гарах гэж оролдож байхтай зэрэгцээд коронавирусын хоёр дахь давалгаа эхлээд байна. Ганцхан улс л вирусыг шууд дарж чадсан нь  Хятад. Хятадын Засгийн газрын амжилт юундаа байна вэ? Тэдний статистикт итгэж болох уу? Эдгээр асуултад Хятадад ажиллаж амьдардаг “Свободная Пресса” хэвлэлийн сэтгүүлч хариулсан байна.

 

“СП”- Өдрийн мэнд, Светлана. Хятадад өнөөдрийн байдлаар коронавирус ямар байдалтай байна? Өвчнийг тархаахгүй талаар ямар арга хэмжээ авч байна вэ? Ямар хязгаарлалтууд байгаа вэ?

 

-Өдрийн мэнд. Бээжинд 100 гаруй хоног үнэхээр шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Зарим нэг бүсэд өвчлөл үе үе гарч байгаа ч хүмүүсийг шууд тусгаарлан эмчилж байгаа, цар тахлын хэмжээнд хүргэхгүй байна. Саяхан Тяньжинд нэг тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс өмнө Циндао, Шиньжянд тохиолдолууд гарсан ч томоохон хэмжээний тархалт гараагүй.

Хяналт урьдчилан сэргийлэх арга хэмжээний хувьд Бээжинд зарим нэг газар эрүүл мэндийн код нэхэж байгаа, гэхдээ ихэнх газар худалдааны төв зэргүүдэд маск шаардахгүй байгаа.

Нийтийн тээвэрт бол маск заавал зүүнэ. Бээжинд халдварын тохиолдол байхгүй байгаа ч миний анзаарснаар хүмүүсийн 90% нь масктай явж байгаа. Офист, лифтэнд суухдаа заавал маскаа зүүдэг. Хятадад энэ тал дээр дургүйцэх хүн байдаггүй, бүгд ойлгож хандаж байгаа. Би их онцгой хязгаарлалт мэдрэхгүй байгаа.

 

“Бээжинд амьдрал ковидоос өмнөхтэй ялгарах юм алга”.

 

Уулзалт, форум, олон хүн цугларсан арга хэмжээ бүгд оффлайн, хүний тоо хязгааргүй, урьдых шигээ л байна. Саяхан Шанхайд олон улсын III ЭКСПО зохион байгуулагдсан. Түрүүчийн 2 удаагийхаас дутахгүй том арга хэмжээ болж, олон орон, компани оролцсон. Шанхайд бүх хяналт шинжилгээ хийгдсэн, хүмүүсээс хэд хэдэн удаа тест авч, халууныг нь үзэж, бүр үзүүлэнг хүртэл шалгаж байсан. Үзэсгэлэн дууссан ч цар тахлын дэгдэлт болоогүй. Олон орноос хүмүүс ирж оролцсон хэдий ч зүгээр байна. 10 дугаар сард дэлхийд цорын ганц болдог автомашины ЭКСПО болсон. Хүмүүс их, үзэсгэлэн 3 хоног үргэжилсэн ч хэн ч халдвар аваагүй.

 

“СП”-Албан ёсны статистикт итгэвэл Хятадад нийт ердөө л 92 242 хүн өвдсөн гэсэн тоо байна. Энэ чинь Армени, Белорусаас ч бага байна?

 

-Албан ёсны статистикийн хувьд. Миний бодож байгаагаар бол одоо олон улс орон тоогоо дарж байх шиг. Орост ч, Европд ч тэр. Энэ голдуу бүх өвчлөлийг бүртгэж авах боломжгүйгээс болж байгаа байх. Хятадад өвчлөлийн эхний үед яг энэ шалтгаанаар тоо буурч мэдээлэгдэж байсан байх. Тэгээд ч тэр үед шинэ вирусын талаар мэдээлэл бага, хүмүүс яахаа мэдэхгүй, шинэ шинж тэмдэг нь мэдэгдэхгүй байсан үе. Ганцхан Уханьд бусад орнуудтай харьцуулбал маш хурдан дарж чадсан, тиймээс орон хүнд халдвар тараахаас сэргийлж чадсан. Одоо бол албан ёсны статистикт итгэх нь зүйтэй гэж би бодож байна. Эдгээр тоо нь яг бодитоор Хятад дахь нөхцөл байдлыг харуулж байгаа.  

 

-“СП”- Зун Хятадын Засгийн газрын зөвлөлөөс “Ковид-19 эсрэг тэмцэх нь: Хятадын үйл ажиллагаа” нэртэй номыг гаргасан. Энэ ном бестселлер болсон уу?

 

-Энэ номны талаар дуулаагүй юм байна. Тэгэхээр үгүй байх аа.

 

-“СП”- энэ номон дээр коронавирусын эсрэг арга хэмжээ авах 126 стратегийн пункт байсан. Дэлхийн бусад орнууд яагаад Хятадын энэ амжилтыг давтаж чадахгүй байна вэ?

 

-Би бодохдоо сэтгэлгээний ялгаа байна гэж үзэж байна. Европчууд, Оросууд, Азиуд. Анзаараад байхад Азийн ихэнх орон Хятад, Өмнөд Солонгос, Японид өвчлөл баруунтай харьцуулхад хамаагүй бага байна. Хятадад жишээ нь хүмүүс Засгийн газартаа итгэдэг. Маск зүүх ёстой л гэсэн бол зүүнэ. Оросод Засгийн газрын энэ шаардлагыг биелүүлэхгүй байгаа хүмүүс зөндөө байна. Бүр коронавирус байгаа гэдэгт итгэхгүй хүмүүс хүртэл байна.

 

-“СП”- Оросын олон хэвлэлээр “Хятадад чанга нарийн дэглэм сахиж, Засгийн газар нь шийдэмгий арга хэмжээ авснаар энэ өвчгийг давсан” гэж мэдээлж байна. Цар тахлын эсрэг тэмцэлд Хятадад зөрчил илэрсэн болов уу?

 

-Би бодохдоо маск зүүхгүй гэсэн хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа, эсвэл өвдөхийг хүсэхгүй байгаа хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа гэж үзэж байна. Энэ тал дээр иргэний эрх зөрчигдөж байгаа гэж бодохгүй байна.

 

-“СП”-Хятадад Ковид эсэргүүцэгч байсан уу?

 

-Хаа сайгүй л байдаг байх, Хятадад хүртэл. Гэхдээ би энэ тухай сонсоогүй.

 

-“СП”- 10 дугаар сарын 26-29-нд Бээжинд Хятадын Коммунист Намын Төв Хорооны XIX удаагийн V хурал болох байсан. Ямар үр дүнг нэгтгэв? Намын чиг цар тахлаас болж яаж өөрчлөгдөж байгаа вэ?

 

-Эдийн засгийн талаар идэвхтэй яригдсан. Жишээ нь энэ жил дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ тогтоогдоогүй байсан.

 

-“СП”- Цар тахлаас болоод Хятадын эдийн засаг хэр хямарсан бэ? Улсаас ард түмнээ яаж дэмжиж байсан бэ?

 

-Энэ жилийн эхний хагаст л эдийн засагт хүнд байсан. Хятадын Үндэсний статистикийн хорооноос сайхан гаргасан мэдээгээр Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн зөвхөн III улиралд л жилийн тооцоогоор 4,9% нэмэгдсэн. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 5,2%-аас бага байгаа.  V хэлбэрийн нөхөн сэргээлт хийснээр энэ жилийн II улиралд 3,2% болж өсөх эерэг динамик ажиглагдаж байна.

“Жилийн тооцооллоор Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн эхний 3 улиралд 0,7% нэмэгдсэн. Энэ нь энэ эхний хагас дахь 1,6% -ийн уналтыг давж чадсан гэсэн үг юм”.

Цар тахлаас болоод энэ жилийн эхний улиралд эдийн засаг огцом унаж, хасах руу орж -6,8% болсон. Одоогийн үзүүлэлтүүдийг харах юм бол санаснаас ч илүү болсон байгаа. Энэ нь Хятад улс цар тахалтай сайн тэмцэж, урьдчилан сэргийлэх арга нь үр дүнтэй байсныг илтгэж байна. Авсан арга хэмжээ гэвэл дунд, бага, микро аж ахуйн нэгжүүдийн татварыг багасгах эсвэл татвараас чөлөөлсөн юм.

 

-“СП”-Миний мэдэж байгаагаар Хятад улс вакцин гаргах төлөвлөгөөтэй байсан. Вакцин хийгдэж байгаа юу?

 

-Хятадад улс орон даяар вакцин хийгдээгүй.

 

-“СП”-Тоон төхөөрөмж цар тахалтай тэмцэхэд хэр тус болсон бол? Өвчтнүүдийг бүртгэж, хянахад ямар шинэ тоон төхөөрөмж ашигласан бэ?

 

-“Вичатад” (Хятадад хамгийн алдартай ухаалаг утасны мессенжер) эрүүл мэндийн код суулгасан. Энэ нь тухайн хүн өвдсөн эсэх, өндөр эрсдэлтэй бүсээс ирсэн үү гэдгийг харуулдаг. Мөн дулаан хэмжигч тепловизор байсан.

 

-“СП”- Ковид-19-тэй холбоотой ямар дүгнэлт хийв?

 

-Авсан арга хэмжээ нь зөв байжээ.

 

-“СП”- Би өвчин илрүүлэх талаар асуусан юм. Хятад улс хоолондоо аюултай амьтан, шавьж хэрэглэхийг хориглох талаар Засгийн газраас арга хэмжээ авах болов уу? Энэ талаар хэвлэлээр ярьж байна уу?

 

-Энэ талаар ярьсан. Ийм төрлийн амьтдыг хүнсэнд хэрэглэхийг хориглосон хууль гарсан.

 

-“СП”- Бусад орноос мэдээллийн дарамт ирж байгаа юу? Хятадад дотроо Ковид-ын тархалтын талаар үнэн зөв мэдээлэл өгч байгаа юу?

 

-Хятадад үнэхээр бусад улсаас мэдээллийн дарамт ирж байгаа. Ялангуяа худлаа мэдээлэл их байдаг. Жишээ нь өвчлөгсдийн тоо, Хятадад “луу” мэт чанга арга хэмжээ авсан гэх мэтчилэн. Луу шиг чанга арга хэмжээ аваагүй ээ. Ямар ч байлаа гэсэн бүх газар биш. Уханьд бол байсан. Харин Бээжинд болон Хятад орон даяар бол үгүй ээ. Хятадад мэдээлэл зөв түгээгдэж байгаа. Бид Вичат-аар бүх дэлхийн статистикийг харж байгаа, энэнд би итгэж болно гэж бодож байна.

 

З.Батцэцэг

 

Эх сурвалж: www.svpressa.ru

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин