Цар тахлын улмаас улс даяар арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд 13 чиглэлээс бусад байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад байгаа бөгөөд байгууллагуудыг ажилтан, албан хаагчдаа гэрээсээ цахимаар ажиллуулахыг зөвлөж буй.

Үүнтэй холбоотойгоор интернэтийн ачаалал нэмэгдэж, удааширчээ. Энэ байдал зарим иргэдэд интернэтийн гарц дүүрсэн байх магадлалтай гэх таамаглал төрүүлж байна.

Тухайлбал, өнгөрсөн хавар коронавирусийн тахлын улмаас интернэт хэрэглээ эрс нэмэгдэж, сүлжээний ачаалал ноцтой түвшинд хүрсэн тул Netflix компани Европ тивийн хэрэглэгчдэд үзүүлэх видео агуулгынхаа чанарыг 30 хоногийн хугацаатай бууруулж байв.

Иймд бид интернэт удааширч байгаа талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.

"Интернэтийн урсгал гарцад үүссэн ямар нэг асуудал байхгүй"

Энэ тухай Харилцаа холбооны зохицуулах хорооны албаны хүн хэлэхдээ "Манайхаас ямар нэг байдлаар интернэтийн хурдад хязгаарлалт огт хийгээгүй. Мөн интернэтийн урсгал, гарц дүүрсэн, эсвэл ямар нэг асуудал үүссэн зүйл байхгүй.

Хөл хорионы энэ үед мэдээж интернэтийн ачаалал ердийнхөөс нэмэгдсэн. Гэхдээ үйлчилгээ хэвийн явагдаж байна.

Айл, хорооллын интернэтийн жижиг төхөөрөмжүүдийнх нь ачаалал нэмэгдснээс хамаарч удааширсан байх магадлалтай" гэсэн тайлбар өглөө.

"Иргэд гэрээсээ ажиллаж байгаа зэргээс хамаарч интернэтийн ачаалал 60 гаруй хувиар нэмэгдсэн нь хурд удаашрахад нөлөөлж байна"

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Уранцэцэг “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоогоод буй энэ үед иргэдийн интернэтийн хэрэглээ эрс нэмэгдсэн байна.

Тухайлбал, Монгол Улс цахим шилжилт хийж байгаатай холбоотойгоор төрийн байгууллагуудын интернэт холболтыг нэмэгдүүлсэн. Мөн иргэд гэрээсээ ажиллаж байгаа зэргээс шалтгаалж интернэтийн ачаалал 60 гаруй хувиар нэмэгдсэн байна. Энэ нь хурд удаашрах зэрэгт нөлөөлж байна. Түүнээс интернэтийн гарц дүүрсэн асуудал байхгүй.

Мэдээж интернэтийн ачааллыг бууруулах, гарсан гэмтлийг түргэн шуурхай засварлахаар инженер, техникийн ажилчид ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч хатуу хөл хорионд захирагдан зөвхөн хөдөлгөөнд оролцох боломжтой цагаар л аливаа гарсан гэмтэл зэргийг засварлаж байгаа юм.

Түүнчлэн илгээмж, олон улсын илгээмж ч хөдөлгөөнд оролцох боломжтой цагаар л иргэдэд хүргэгдэж байна" хэмээн учирлав.