Дархан-Уул аймагт төмөр зам дагасан COVID-19 халдварын голомтыг хумьж чадсан тул өнөөдрийн 06:00 цагаас тэг зогсолтыг цуцалсан билээ.

Гэхдээ энэ нь халдварын голомтыг бүр таслан зогсоосон үг биш гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

"Голомтын нарийн тандалт судалгаа цааш үргэлжилдэг"

Тэрбээр "Дархан-Уул аймагт халдвар дамжин тархах эрсдэлийг бууруулах арга хэмжээ нь үр дүнтэй байгаа гэж бид үзэж байгаа. Түүнээс биш Дархан-Уул аймагт гарсан голомтыг бүр таслан зогсоосон гэж мэргэжлийн хүний хувьд хэлэхгүй. Голомтын нарийн тандалт судалгаа цааш үргэлжилдэг.

Тиймээс Дархан-Уул аймагт одоогоор зөвхөн халдвар тархах эрсдэлийг л бууруулсан гэж үзэж буй" гэсэн юм.

"Шинэ халдвар гарснаас хойш 28 хоногийн дараа дахин гарахгүй бол хяналтдаа бүрэн авлаа гэж үздэг"

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Дархан-Уул аймгийн хувьд эхний арга хэмжээ нь оновчтой байсан. Гэхдээ халдвар цааш үргэлжлэхгүй гэж хэлэхгүй. Учир нь сүүлийн тохиолдол батлагдаад дөнгөж 2-3 л хонож байна. 

Коронавируст халдварын нууц үеийн хугацаа 14 хоног байдаг. Тиймээс хамгийн сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаанд халдвар дахин гарах эрсдэлтэй.

Голомтыг цомхтгон дарна гэдэг нь шинэ халдвар гарснаас хойш 14 хоног ажиглаж, дахин 14 хоногийн дараа буюу нийт 28 хоногийн дараа дахин халдвар гарахгүй бол хяналтдаа бүрэн авлаа гэж олон улсад үздэг" хэмээн тайлбарлав.