Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. Улаанбаатарт болон орон нутагт хөл хорионд орсон иргэдийн талаар УОК-ын дарга Я.Содбаатар хариулт өглөө. 

-Арванхоёрдугаар сарын 1-нээс танхимын хичээл орохгүй гэж байна. Тэгвэл Улаанбаатар хотод байгаа оюутнуудыг хэзээ нутаг руу нь буцаах вэ? 

-Улаанбаатар болон орон нутагт гацсан иргэдийн судалгааг аваад дуусаж байна. Мөн тухайн иргэдийн нэвтрүүлэх журмыг бэлэн болгосон. Мөн бүртгэлийн аппликэйшнийг бэлэн болгосон. Эдгээр иргэдийг өнөө маргаашдаа гаргах боломжгүй, маш их эрсдэлтэй байна. Хэрэв энэ иргэдийг явуулбал 21 аймагт халдвар алдах эрсдэлтэй.

Орон нутгаас Улаанбаатарт ирсэн 27,169 иргэн байна. Албан ажлаар ирсэн төрийн албан хаагч 1,907 бий. Харин Улаанбаатарт ирэх хүсэлт гаргасан 11 мянга гаруй хүн байна. Гэхдээ энэ тоо нэмэгдэх байх. 

Халдварт өвчнийг улс даяар тараачихгүйн тулд хянуур хандаж байгаа юм. 

Тун удахгүй эдгээр иргэнтэй холбоотой бүртгэлийн программыг танилцуулна. Тухайн программаар дамжуулан иргэд хаана шинжилгээ өгөх зэргийг нь зааж өгөх юм. Хот хоорондын автобусанд дээд тал нь 13-15 хүн суулгах зэргээр зохион байгуулна. Ингээд орон нутагтаа очсон хойноо холбогдох журмын дагуу тусгаарлагдана. 

Жишээ нь, Өвөрхангай аймгийн харьяат 4,247 иргэн хотод байна. Энэ иргэд очиход тухайн аймгийн 120 мянган иргэн эрсдэлд орно. Тиймээс энэ асуудалд нухацтай хандаж байгаа юм. 

-Орон нутгийн иргэдийн чухам яаж бүртгэлжүүлсэн бэ. Тодорхой мэдээлэл өгнө үү?

-Улаанбаатар хотод илэрсэн халдварын нөхцөл байдалтай уялдуулан энэ ажлыг зохион байгуулна. 119.mn гэдэг программ, аппликэйшн бэлэн болчихсон байгаа. Энэ апп-аар орохоор өөрөө бөглөх олон асуулт байгаа. Энэ апп-аар тухайн иргэдийн нарийвчилсан мэдээллийг авч, аймаг орон нутаг руу нь мэдээллийг явуулна. 

Өнөөдөр Улаанбаатарт түргэвчилсэн оношилгоо авч байгаа 102 цэг байгаа. Энэ цэгийн яг алинд, хэдэн цагт очиж шинжилгээ өгөхийг дээрх апп-аар тухайн иргэнд мэдэгдэнэ.