Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр дамжин гарч буй гэмт хэрэг зөрчлийг Эрүүгийн цагдаагийн алба шалган ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд фэйсбүүк хуудсанд “Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэх зарыг байршуулан иргэдийг залилан мэхэлж байсан 35 настай Б, 33 настай У нарыг Булган аймгийн цагдаагийн газартай хамтран илрүүлж, таслан зогсоожээ. 

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр "Тухайн этгээдүүд “Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” зарыг байршуулж, нас барсны гэрчилгээ, буяны компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж иргэдийг залилан, иргэдээс тус бүр 250 мянган төгрөг авдаг гэдгийг урьдчилсан байдлаар мэдүүлж байна.

Мөн тухайн этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1, Эрүүгийн хуулийн 23.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. 35 настай иргэн Б нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилах гэмт хэргийн яллагдагчаар татагдаж, шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг зөрчилд холбогдсон нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн цагдаагийн албанд шалгалтын ажил үргэлжилж байна" гэв. 

Эрүүгийн хуулийн 17.1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 23.2.1.Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

33 настай иргэн У: Замын хөдөлгөөнд оролцуулахыг зөвшөөрсөн бичиг явж байхыг нь хараад компьютер дээр хийчихсэн. Манай найз зүрхний өвчтэй болохоор гэнэт өвдвөл эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй болно. Гэнэт өвдвөл явж чадахгүй болохоор хэрэг болох байх гээд хийчихсэн. Цаашаа юу болсныг  сайн мэдэхгүй байна. Би мөнгө төгрөгтэй нь ямар ч холбоогүй.

35 настай иргэн Б: Найз маань тийм бичиг хийж өгөөд, би ч тэрүүгээр нь саадгүй явж байсан. Тэгээд ганц хоёр коммент бичсэн чинь харьж чадахгүй байна орцонд гурав хонож байна, хорт хавдартай энд ирчихсэн, үр хүүхдээ орхичихсон гэсэн хүмүүс холбогдож орж ирсэн. 12 хүнд тийм хуурамч бичиг гаргаж өгсөн. Гаргаж өгснийхөө хариуд 150 мянган төгрөг авсан. Хийсэн зүйлдээ харамсаж байна. Хүмүүст тусалчихъя гээд л мэдэхгүй ийм зүйл хийсэн.

Иймд иргэд та бүхэн УОК болон Засгийн газраас гаргасан шийдвэрийг мөрдөж хэрэгжүүлэх, баталгаатай эх сурвалжийн мэдээ мэдээллийг авдаг байх, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.