УИХ-ын түр хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүд саналаа хэлж байна. Энэ үеэр иргэдийн зээлийн төлөлт, дарамтыг бууруулах асуудлыг хамгийн ихээр хөндөв. УИХ-ын гишүүдийн байр суурь, Монголбанкны хариултыг нэгтгэн хүргэе. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Энэ бол маш онцгой үе. Ийм үед зээлийн хүүг хойшлуулах, царцаах биш тэглэх хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Монголбанканд байдалд хүндэрвэл авах арга хэмжээний орон зай үлдсэн үү. Цаашид яах вэ? Ер нь төв банкныхан болгоомжлоод байна. Гэхдээ энэ бол маш онцгой цаг үе шүү. Зээлийн хүүгээс жилд 2.1 их наяд төгрөгийн орлого олдог юм билээ. Хагас жилд нэг их наяд төгрөг гэсэн үг. Үүн дээр эх үүсвэр гаргаад боломжууд гаргаад ирээч ээ.

УИХ-ын гишүүн Ж.Дэлгэрсайхан: Энэ онцгой нөхцөлд хадгаламжийн хүүг зогсоовол яадаг юм бэ. Ингэвэл зээлийн хүүгийн зардал буурна. Үүнд илүү ач холбогдол өгч, зоригтой шийдвэр гаргаач ээ. Давагдашгүй хүчин зүйл гэсэн хуулийн заалтаа баримтлаад 3 эсвэл, 6 сар хүүгүй болгооч ээ. Засгийн газар бүхнийг даах боломж байхгүй. Эрсдэлээс айгаад байвал юу ч хийхгүй. Хадгаламжийн хүүгээ 3 байна уу 6 сар байна уу зогсоо. Одоо гудсан доороо мөнгөө хийдэг хүн байхгүй болсон. Тэгэхгүй бол хадгаламжийн хүү авах байтугай юм болно. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монголбанк шийдвэрүүдээ ажил хэрэг болгох хэрэгтэй. Захиргаадалтын арга хэмжээ авахгүй юм уу. Банкуудад хүнд үед нь Монголын төр зөндөө тусалж, эрсдэлийг нь авч байсан. Одоо банкууд ард иргэдээ бодох цаг зайлшгүй байна. Банк бүр шийдвэрийг өөрөөр тайлбарлаж, өөр өөр нөхцөл шахаж байна. Монгол Улсад байгаа зээлтэй 1.8 сая иргэний зээл яг яах вэ. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Зээлдэгчийнхээ эрх ашгийг хамгаалсан зүйл алга. Дандаа банкны эрх ашгийг хамгаалж байна. Ядаж хөл хориотой үеийн, орлого олохгүй, бизнес зогссон үеийн зээлийн хүүг тэглэх асуудлыг хадгаламжийн хүүтэй уялдуулаад зохион байгуулах арга байхгүй юу. Гаднын банк оруулж ирэх асуудал юу болсон бэ?

Хадгаламжийн хүүг тэглэхтэй холбооотой хууль гаргаад хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ...

 

Эдгээр асуултад Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн дараах хариултыг өглөө. 

  • Зээлдэгчийн эрх ашигтай холбоотой асуудлаар эрх бүхий хуулийн этгээд иргэнтэй гэрээ байгуулахдаа Иргэний тухай хуулийг баримталж, өөрсдийн тохиролцоон дээр гэрээ байгуулж байгаа. Нөгөө талдаа Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийг боловсруулсан байгаа. 
     
  • Хадгаламжийн хүүг тэглэхтэй холбооотой хууль гаргаад хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ Монголбанк хадгаламжийн хүүг зогсоо гэх эрх зүйн боломж байхгүй. Энэ нь санхүүгийн зээл зээлийн 95%-ийг бүрдүүлж байгаа банкны системээ татаад унагах вий гэсэн  болгоомжлол байгаа.   
     
  • Хадгаламж эзэмшигчдийн тухайд нэг тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай нь нийт хадгаламж эзэмшигчдийн 20-30%-ийг эзэлж байна. Үүнд ААН-үүдийн хадгаламж жин дарж байгаа. Дундаж давхаргын иргэдийн хувьд хадгаламжийн хэмжээ нэлээд өссөн байна. 10-100 сая төгрөгийн хадгаламжтай байна. Тиймээс хадгаламжийн хүүг тэглэх нь массыг хамарсан асуудал болох болов уу. 
     
  • Гаднын банк оруулж ирэх хууль явж байгаа. 
     
  • Бага зардалтай эх үүсвэр гаргах саналыг дэмжиж байгаа. Тиймээс Монголбанк шинээр бий болгосон репо санхүүжилтийг жилийн 10 орчин хувийн хүүгийн зардалтайгаар гаргахаар байгаа. Бодлогын хүү 6% болсноор энэ хүү дахин буурна гэж хүлээж байна. Мөн банкны заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулснаар 410 тэрбум төгрөгийн гарц зах зээлд гарах боломж бүрдсэн. Энэ мөнгийг уул уурхайн бус экспорт, ЖДҮ-ийг дэмжихэд зарцуулах бөгөөд бид банкуудад олгоод банкууд өөрсдийн зээлийн журмын дагуу цааш гаргана. 
     
  • Банкны салбарт 6 их наяд төгрөгийг зах зээлд гаргах болмож байгаа. Гэвч эсрэг талдаа хадгаламж эзэмшигчдийн мөнгө учраас эрсдэлд санаа зовж байна. Монголбанк бэлэн мөнгөний гарцыг нэмэгдүүлэх талаар бодлогын шийдвэр гаргаж байгаа.