Жил бүрийн арваннэгдүгээр сараас хойш халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл утаанаас ч дутахгүй их асуудал үүсгэдэг. Өвөл хүйтэрнэ, даарна, бас халтирна. Халтирахад ямар нэгэн байдлаар хүнд, хөнгөн гэмтэнэ. Түүнчлэн авто зам дагуух зориулалтын явган хүний зам нь зорчигч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл учруулдаг.

Бүгд ижил төвшинд бус, засвар үйлчилгээ хангалтгүйгээс иргэд унаж гэмтэх тохиолдол элбэг байна. Ялангуяа өвлийн улиралд халтиргаа гулгаа ихтэй, олонх гудамж талбайг хиймэл, гялгар гантиг хавтангаар өнгөлснөөс гулгаа үүсэж иргэд ихээр гэмтэж бэртдэг. Манайд явган хүний замын норм дүрэмд явган хүний хөдөлгөөн 50 хүн/ цагаас бага бол зурвасыг нэг метрийн өргөнтэй байж болно гэж заадаг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан төлөвлөлтийн шаардлагуудыг хавсралтаар оруулан тэргэнцэртэй хүний тусгай зам, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөтөч хавтанцарт замыг төлөвлөх шаардлагатай гэж заасан байна. Гудамж, зам дээрх өгсүүр, уруу газарт халтиргаанаас хамгаалсан өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат, шатны бариул тоноглох шаардлагатай ч манайд ийм хамгаалалт байдаггүй нь харамсалтай. Бэртэж гэмтсэн тохиолдолд иргэн надаас, танаас, биднээс ихээхэн гарз гарна. Наанадаж ажлаа алдана, эм тан авч боолт хийлгэхээс эхлээд мөнгө хэрэгтэй. Нэг өдрийн орлогоо алдах нь энүүхэнд. Бид жил бүрийн өдийд үүнийг зохицуулж амьдрах гэж хэрэндээ л их зүдэрдэг. Тэгвэл өдрийн ихэнхийг өрөөндөө сууж өнгөрөөдөг, хар теньтэй машинаар байнга зорчдог дарга нарт өвөл ямар санагддаг бол.

 

Өглөөнөөс орой болтол гадуур гүйдэг мань мэтэд нь өвөл яггүй улирал. Дээрээс нь өнгөт хавтангаар өнгөлсөн энэ гял цал шал өглөө гэрээсээ бүрэн бүтэн, эрүүл саруул гараад явсан хүнийг орой нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээ рүү “шилжүүлчих” эрсдэлтэй. Хүйтний эрч чангарч байгаа энэ үед хүмүүс олноороо бэртэж, гэмтэж байна. Нэг жилд 12 сар байдаг. Тэгвэл тэр 12 сарын таван сард нь Гэмтэл, согог судлалын үндэсний төв эмнэлэг ачааллаа дийлэхгүй шахам ажилладаг. Яагаад гэвэл арваннэгээс гуравдугаар сар хүртэл нийслэлд халтиргаа гулгаа хамгийн их. Өглөө цас орлоо, үдээс хойш эмнэлгийн үүдээр гэмтэж бэртсэн иргэд дүүрнэ. Гэмтсэн иргэдийн 80 гаруй хувь нь автомашины бус явган хүний зам дээр унаж эрүүл мэндээрээ хохирсон байдаг аж. Нийслэлийн тохижилт хариуцсан компани болон аж, ахуйн нэгжүүд явган хүний замыг цэвэрлэхдээ хойрго ханддаг. Цас орсноос хойш бараг сарын дараа явган хүний замыг цэвэрлэж байгаа юм. Хотын төв хэсгийн явган хүний замыг хальт цэвэрлэсэн болно. Захын хороолол бол цэвэрлэхгүй байсаар дараагийн цастай золгох тохиолдол цөөнгүй. Уг нь цас мөсөө цэвэрлээгүй аж ахуйн нэгж, албан байгууллагад хариуцлага тооцох журмыг Захирагчийн ажлын албанаас хэдэн жилийн өмнө баталсан.

Харамсалтай нь, Монголын хууль гурав хоног хэрэгждэг гэдэг шиг энэ журмыг дагаж мөрддөг албан газар Улаанбаатарт бараг алга. Гэмтэж, бэртчихээд гомдол мэдүүлбэл түүнээсээ ч эс юм болж мэднэ. Мөнгө, төгрөг авч хохирлоо барагдуулах нь битгий хэл мангар, тэнэгээрээ дуудуулаад, хөөгдөөд гарах тохиолдол цөөнгүй. Хотын төвд тавьсан гоё шал иргэд гэмтэх өөр нэг шалтгаан болж байна. Урд хөршөөс импортолж, улмаар нийслэл хотыг гоё, цэвэрхэн харагдуулах үүднээс хэд хэдэн байршилд тавьсан өнөөх гоёмсог гялгар хар саарал өнгөтэй хавтангууд миний, таны эрүүл мэндэд тун халгаатай. Хэдэн жишээ дурдъя. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн хил хязгаарыг тусгаарладаг Арслантай гүүр, Монгол орны төрийн жолоог атгаж буй эрх мяндагтнуудын сууж буй Засгийн газрын ордны зүүн болон хойд тал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Цагдаагийн хэлтсийн хойд тал, “Цэцэг” төвийн уулзвар, УДЭТ-ын өмнөх явган хүний замыг ийм гялгар, мөлгөр чулуун хавтангаар гоёсон. Энэ бол наад захын жишээ. Үүнээс ч олон газар иргэдийн амь насанд заналхийлсэн гялгар хавтантай зам бий. Дээрх хоёр шалтгаанаас болж гэмтлийн эмнэлгийг зоригсдын тоо өдрөөс өдөрт, жилээс жилд нэмэгдсээр байна. Өнгөрсөн өвлийн дөрвөн сарын байдлаар 70 мянга гаруй хүн халтирч унаснаас болоод хүнд, хөнгөн гэмтсэн. 

Халтирч унасан иргэдийн 20-иод хувь нь группт шилжсэн гэх тоо баримт ч бий. Тэгвэл өвлийн улирал айлчилж ирснээс хойш нийслэлд гурван удаа их хэмжээний цас ороход 4000 гаруй хүн ямар нэгэн байдлаар гэмтэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард орсон цаснаар л гэхэд Гэмтлийн эмнэлэгт 1149 хүн хүнд болон хөнгөн бэртэл авч хүргэгджээ. Үүний 206 нь зам тээврийн осол, 360 нь явганаас халтирч унасан, үлдсэн нь албан байгууллагын шат, үүд орчимд халтирсан хүмүүс байна.

Зам тээврийн осол тоогоо алдаад буй энэ үед ядаж явган хүнийхээ замыг нийслэлчүүдийн хэрэгцээнд тохируулаад, улиралд нь зохицуулаад засаж, янзалдаг болъё гэсэн санааг дэвшүүлэх гэсэн юм. Учир нь, хотын төвөөр дэвссэн гоё хавтангууд иргэдийн эрүүл мэндэд халдаж, амьд явах эрхийг минь боомилж байгааг дуулгая. Үе үеийн хот, дүүргийн удирдлагууд энэ асуудалд барагтай л анхаарал хандуулдаггүй. Ер нь явган хүний замд ач холбогдол өгч, үүрэг даалгавар өгсөн дарга тун цөөхөн биз.Тиймдээ ч өнөөдөр хотын явган хүний зам стандарт бус, солонгын долоон өнгө шиг элдэв төрлийн чулуун хавтангаар дүүрчээ. Хотын удирдлагууд үүнд анхаарал хандуулах бус иргэдийг пингвин алхалтаар алхах нь аюулгүй гэж даапаалдаг нь эгдүүцмээр. Идэр есийн хүйтэн эхлэхэд 18 хоног үлдлээ. Хүйтний эрч ч энэ долоо хоногоос нэлээд чангарах төлөв байна. Ялангуяа нийслэл хотод. Шөнөдөө багахан хэмжээний хялмаатай. Ер нь л энэ өвөл өмнөх жилийнхийг бодвол арай ахиу цастай байх төлөвийг цаг уурчид гаргасан. Хотын төвөөрх явган хүний зам дээр гялгар чулуун хавтан их байдаг учраас халтирахаас сэргийлээрэй. Хэдхэн минутын хялмаа хаяхад л гялгар чулуун хавтан дээр нэг мэдэхэд та тэнгэр ширтээд хэвтэж байхыг үгүйсгэхгүй. Муу ёрын хог вэ гэж бүү зэмлээрэй. Бодит үнэнээс урьдчилан сэргийлж буй царай нь энэ.

 МОНГОЛД MNS56822006 СТАНДАРТ МӨРДДӨГ

 

Монгол Улсад явган хүний зам тавихад MNS56822006 буюу явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зам, техникийн шаардлагыг мөрдөж байгаа юм. Жишээ нь, хотын төвийн явган замыг хийхдээ элсэн суурь дээр цохиж, цутгаж өнгөт хавтангаар хийдэг юм байна. Нийслэлийн явган хүний замуудыг энэ стандартын дагуу хийдэг хэмээн албаныхан ярьдаг ч бодит байдал дээр үгүй. Холбогдох мэргэжилтнүүд замыг хүлээж авахад олон газраас эксперт ажиллаж, чанарыг шалгадаг учраас явган хүний зам өвөлдөө халтиргаа гулгаатай байдаг ч стандартын дагуу хийгдсэн хэмээн тайлбарлаж байна. Нийслэлд хийдэг явган хүний замыг бүгдийг нэг стандартаар, хяналт шалгалтын дагуу хийдэг гэж албаныхан мэдээлж байгаа юм. Гэхдээ иргэдээс ч гэсэн халтиргаа гулгаа үүсэх материалаар явган хүний замыг хийсэн байна, ялангуяа хараагүй хүний зам ихээр халтирч байна гэх гомдол ирдэг гэв. Гэвч нэгэнт явган хүний замыг хийхэд тодорхой стандарт гэж байдаг. Тэрийгээ мөрдөж л ажиллаж байгаа. Хэрвээ одоогийн загвар нь үнэхээр болохгүй байна гэвэл стандартыг нь өөрчлөх л боломжтой гэж мэргэжилтнүүд нь ярьж байна. Нэгэнт ийм нөхцөлд иргэд өөрсдөө л анхаарал болгоомжтой зорчих, бэртэж гэмтсэн бол аль байгууллагын өмнө халтирч унасан бэ, тухайн байгууллага 50 метр хүртэлх цас мөсөө цэвэрлэсэн байна уу гэдгийг анхаарч эргээд тэр газартаа гомдол гаргаж, эмчилгээний төлбөр авах л боломжтой ажээ. Гэхдээ ингэж эмчилгээний төлбөрөө гаргуулах тохиолдолд тухайн байгууллага цас мөсөө цэвэрлээгүйн улмаас үүдэнд нь халтирч унасан гэдгээ нотлох баримт, бичлэг, зураг дарах, эсвэл хөндлөнгийн гэрчтэй байх ёстой. Байгууллагууд явган хүний замаа Хятадын дулаан бүсэд хэрэглэдэг гөлгөр хавтангаар хийдэг. Энэ нь цас орсон тохиолдолд ямар ч мөсөн гулгуураас дутуугүй халтиргаа үүсгэдэг. Цөөнгүй хүмүүс ийм замтай байгууллагын буруугаас болж гэмтэж байна. Тиймээс гэмтэж бэртсэн иргэд хохирлоо нэхэмжилдэг болцгоовол амьдралд ойрхон. Хот, дүүргийн удирдлага, холбогдох албаныхан биеэ өмөөрөх нь ойлгомжтой. Гэхдээ стандартаа дахиад нэг нягтлаад үзвэл ямар вэ. Лав л хотын бүх явган хүний замыг нэг стандартаар хийдэггүй. Эцэст нь, Хотын ерөнхий менежерийн нэг жилийн өмнө хэлж байсан “Нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээг сайжруулна. Цас ормогц тохижилт үйлчилгээний байгууллагууд явган хүний замын цасыг нягтаршиж халтиргаа гулгааг үүсэхээс нь өмнө өглөө эрт цэвэрлэх хэрэгтэй. Аж ахуйн нэгж, байгууллагууд, Сууц өмчлөгчдийн холбоод орчныхоо 50 метр газрыг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгааг арилгаж хэвших ёстой. Халтиргаа гулгаа үүсгэж иргэний эрүүл мэндийг хохироосон аж ахуйн нэгжид холбогдох мэргэжлийн байгууллага хариуцлага тооцно” гэснийг эргээд нэг сануулъя. Хамгийн гол нь “Цас ормогц тохижилт үйлчилгээний байгууллагууд явган хүний замын цасыг нягтаршиж халтиргаа гулгааг үүсэхээс нь өмнө өглөө эрт цэвэрлэх хэрэгтэй. Аж ахуйн нэгж байгууллагууд, Сууц өмчлөгчдийн холбоод орчныхоо 50 метр газрыг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгааг арилгаж хэвших ёстой” гэсэн үүрэг даалгаврыг л хэвшүүлмээр байна. Цаашилбал, гоёлын гэх тодотголтой гялгар хавтангуудыг нэн даруй солих хэрэгтэй. Хэвлэл мэдээллийнхэн болон иргэд сүүлийн таван жилд энэ асуудлыг хөндөж байгаа ч тоодог дарга, удирдлага алга. Сонссон ч нүдэн балай чихэн дүлий өнгөрч байна. Би стандартаа өөрчлөх ёстой. Стандарттай, аз жаргалтай хот хамгийн түрүүнд иргэдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарал хандуулдаг гэдгийг эрхбиш мэдэх биз.

 

 

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин