Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтыг хумих үйл ажиллагаа дууссан уу?

- БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт анх 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр өвчлөл бүртгэгдсэн. Тус эмнэлгийн ажилчид, эмнэлэгт хэвтэж байсан болоод хэвтээд гарсан хүмүүстэй холбоотой халдвар хяналтад орсон.

Бид тухайн голомтод гарсан тохиолдлуудыг илрүүлээд, хавьтлуудыг нь хянаад тусгаарлалтын 14 хоног нь дууссан хүмүүсээ гэрт нь гаргаж буй. Гэхдээ амьсгалын замын халдвар учраас гэр бүлийн 2, 3 дахь голомтоос эхтэй халдвар үргэлжилж байна.

Иймд БЗД-ийн эмнэлэгтэй холбоотой тухайн үеийн халдвар хяналтад орсон гэж ойлгох хэрэгтэй.

БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс гарсан халдвар маш том голомт. Өнөөдрийн байдлаар тус голомтоос 326 тохиолдол батлагдаад байна.

-Тэтгэвэрт гарсан эмч, мэргэжилтнүүдийг бэлэн байдалд байх чиглэл өгсөн гэдэг нь үнэн үү?

-Эрүүл мэндийн байгууллагад хүний нөөцөө бүрдүүлэх, дайчлан ажиллуулах төлөвлөгөө гэж бий. Тэр төлөвлөгөөнийхөө дагуу цаашид бусад эмнэлгийн байгууллагын ажилчид, Анагаахын сургууль төгссөн оюутнуудыг нөөцөд байлгана.

Тангараг өргөсөн эмч нар, тэр дундаа халдвартын эмч нар ийм үед ажиллахад бэлэн байгаа тухай сайн мэдээг бидэнд өгч байна.

Гаднын улс, орнуудтай адил эмнэлгийн эмч ажилчид их халдварт өртөнө, ядарна. Иймд эмч, ажилчдаа нөөцлөхийн тулд зарим хүмүүсээ бэлэн байдалд байлгаж байгаа.

-Тусгаарлах байрнаас халдвар авсан талаар гомдол мэдээлэл байдаг. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Тусгаарлах байранд эрүүл ороод тэндээсээ халдвар авчихлаа гэх ойлголт иргэдийн дунд байх шиг байна. Ойрын хавьтлуудыг 14 хоног тусгаарлаж байгаа. 

Вирус агаар дуслын замаар дамжиж халдварлаад биед үржиж, өвчин үүсгэж эхлэх нь тодорхой хугацаатай тул халдварт өвчинд нууц үеийн хугацаа байгаа юм. Нууц үеийн хугацаандаа шинж тэмдэг илрэхгүй буюу эрүүл мэт байж болно.

Гэхдээ хавьтал болсон тул 14 хоногийн хугацаанд өөрийг нь халдвар авсан байж магадгүй гэж тусгаарлаж байгаа болохоос эрүүл хүнийг тусгаарлахгүй.

Хавьтал болсон хүмүүсийн 80 гаруй хувь нь эхний шинжилгээгээр вирус илэрч байгаа бол 10 гаруй хувь нь хоёр дахь шинжилгээнд, 3-4 хувь нь гурав дахь шинжилгээнд вирус илэрч байна.

Түүнээс гадна ажиглан тусгаарлан байранд хүмүүсийг нэг, нэгээр нь тусгаарлаж байгаа. Харин гэр бүлийн бага насны хүүхэдтэй, өндөр настантай хүмүүсийг гэр бүлээр нь тусгаарлаж байгаа. Үүнийг иргэд зөв ойлгох хэрэгтэй.