АН өнгөрсөн хугацаанд Их хурал, ҮБХ-ны хуралдааныг хэд хэдэн удаа, хуралдуулж, олон үзүүртэй шийдвэр гаргаад байна. Энэ нь сөрөг хүчний дотоод хагарал ямар хэмжээнд хүрснийг харуулж буй юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Ц.Туваан намын түр удирдлагын хувьд ҮБХ-г хуралдуулж, Их хурлаа зохион байгуулсан.

Тус хурлаар намын даргаа бүх гишүүдийн саналаар сонгодог дүрмийг өөрчилж, ҮБХ, Их хурал гэсэн хоёр шатлалаар сонгох асуудлыг хэлэлцэн дэмжжээ.  Улмаар Их хурлаас гарсан намын дүрмийн өөрчлөлтөө Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн байдаг.  Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр АН-ын өмнөх дарга С.Эрдэнэ нарын гишүүд ҮБХ-г ээлжит бусаар хуралдуулж, мөн л шийдвэрээ танилцууллаа.  Ингэхдээ  Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн байна.  С.Эрдэнэ даргын хувьд “Улсын бүртгэл дээр АН-ын даргаар С.Эрдэнэ миний бие хэвээр байгаа. Ц.Туваанаар дамжин Х.Баттулгын гарт орсноороо АН сүйрч байна” гэсэн тайлбарыг өгсөн байдаг.  Ийнхүү АН-ын тамга яг хэний гарт байгаа вэ гэдэг нь ч одоогоор тодорхой бус  байна.

 

АН-ЫН ҮБХ-НЫ ГИШҮҮН Б.ГАН-ОЧИР:  ЯМАР ХУРАЛ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ВЭ ГЭДГИЙГ ШҮҮХ ШИЙДНЭ

 

-АН Х  их хурлаар хэлэлцсэн дүрмээ хуулийн дагуу Дээд шүүхэд илгээсэн. Батлагдах эсэхийг шүүх шийднэ. Хугацааны хувьд янз бүр байдаг. Дүрмийг бүтнээр нь баталж болно. Аль ч тал юу ч гэж гомдолсон хуулийн дагуу УДШ эцсийн зогсоол. Тиймээс Х их хурлын дүрмийг шүүх хүлээн авах эсэх хүртэл хэний ч үг зүгээр үзэл бодол төдий.  Сая болсон шиг ҮБХ гэнэ үү, зөвлөлдөх гэнэ үү хурал санал солилцох ямар ч уулзалт хаана ч хийж болно. Дээр хэлсэнчлэн чухам аль хурал хүчин төгөлдөр вэ гэдгийг Шүүхийн шийдвэр Х их хурлын дүрмийг хүлээж авахаас шалтгаална.

 

Ер нь С.Эрдэнэ даргын хэлж байгаа гол асуудал нь би дүрмийн дагуу сунгаа зарлаад өгсөн байхад сунгаагаа хийж намын дараагийн даргаа сонгосонгүй гэсэн гомдол байна лээ. Намын даргын сунгааг орон нутгийн сонгуулийн өмнө явуулахыг гишүүд дуу нэгтэй эсэргүүцсэн. Үндэслэл нь амьдралтай. Хэрэв орон нутгийн сонгуулийн өмнө дахиад таван хүн намын даргад өрсөлдвөл үр дүнд нь анхан шатандаа намаа тав хуваана гэсэн үг. Юун найман аймагт ялах. Өнгөрсөн намын даргын сунгаанд нэр дэвшсэн таван хүнээ хар л даа.

 

АН-ЫН ХЭГ-ЫН ДАРГА А.ЦЭРЭНБАТ: ХУУЛЬ БУС ДҮРМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ БУЦААЖ, ТАТНА

 

-АН-ын дүрмэнд түр орлон гүйцэтгэгч гэж байхгүй.  Тиймээс АН-ын Үндэсний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, намын даргын түр орлон гүйцэтгэгч байсан  Ц.Тувааныг чөлөөллөө.  Манай ҮБХ 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй.  Үүний 200 гаруй хүн нь хуралдаж, ийм шийдвэр гаргалаа.  Улмаар  Ц.Тувааныг чөлөөлсөн ҮБХ-ны тогтоолыг Дээд шүүхэд хүргүүлээд байна. Тэгэхээр одоо Үндсэн дүрмийн заалтаараа намыг  АН-ын дарга С.Эрдэнэ гэж хүн төлөөлнө.  Мөн өнгөрсөн Их хурлаар гаргасан дүрмийн өөрчлөлтийг  АН Дээд шүүхээс татаж байна.  Ц.Туваан нарын хүмүүсийн тухай гомдол ҮБХ-нд олон ирсэн.  Ер нь өнгөрсөн хугацаанд Ц.Туваанд дараагийн намын даргад тамга шилжүүлэх эрхийг л өгсөн.  Үүнээс биш намыг авч яв, дүрмийг өөрчил гэж өгөөгүй.  Тийм учраас намын дүрмийн дагуу Дүрмийн хороо шийдвэрээ гаргаж, чөлөөллөө.  Удахгүй намын даргын сунгаа болно.  Мөн дунд шатны намын дарга нарыг сонгох гэж байна.  Дараагийн даргыг сонгогдтол С.Эрдэнийн бүрэн эрх хэвээрээ байна.

 

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин