Төр хөл хорионы дэглэмийг сулруулсан нь “Хүн бүр өөртөө найдаж хариуцлагаа нэмэгдүүл” гэсэн үүргийг иргэдэд өглөө. Нэг үгээр бол, хөл хориог сулруулсан нь аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийг дэмжих бодлого болохоос халдварыг хумьж эрсдлийг бууруулсан гэсэн үг биш юм.

Орон нутагт халдварын тархалт буурснаас биш нийслэлд шинээр илэрч байгаа тохиолдол, голомтын гинжин хэлхээ тасраагүй. Өдөрт 10-20 шинэ тохиолдол бүртгэгдэж, хамгийн олон хүн үйлчлүүлдэг эрүүл мэндийн  байгууллага, нийтийн тээвэрт голомтлон тархаж байгаа нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна. Улсын хэмжээнд COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 1442 болсны дотор зөвхөн нийслэлд 616 нь бүртгэгдсэн. Халдвар илэрснээс хойш хоёр сарын хугацаанд нийслэлийн найман дүүрэг, зургаан аймагт бүртгэгдээд байгаа юм.

 

Үйлдвэрлэгч, худалдаачдын эдийн засгийн хүндрэлийг бодолцож УОК-оос өмнө нь ч гэсэн хатуу хөл хориог сулруулж зоогийн газар, зарим худалдаа үйлчилгээний салбарыг нээсэн.

 

Гэтэл халдварын тархалт нэмэгдэж нэгдүгээр сарын 6-нээс эхлэн дахин чангатгаад байсан бол өчигдрөөс эхлэн дахин нэг зэрэглэлээр сулрууллаа. Засгийн газраас хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг, автотехникийн зах, ресторан, кафе, цайны газар, хувцас захиалга засвар, гэр ахуйн тавилга, засвар, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнүүдийн нээж байна. Тиймээс энэ удаа ч гэсэн хариуцлага алдаж дахин хатуу хөл хорионд орохгүйн тулд иргэд илүү хариуцлагатай, сэрэмжтэй байх цаг үе ирлээ. Энэ бол гэр бүл хайртай хүмүүсээ халдвар өвчнөөс сэргийлэхээс гадна иргэд орлоготойгоо үлдэх боломж юм. Үүний тулд халдвараас маш сайн хамгаалж, байгаа орчиндоо дасан зохицож амьдрах чадварыг нийгэм хүн бүрээс шаардаж байна. Монголчууд нэг үеийг бодоход маск зүүж сурлаа. Ямартаа ч гадуур явахад маскгүй хүнтэй тааралдахгүй. Харин дэлхий нийтээр халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэгдэж буй зай барих дэглэмийг хэвшил болгож чадахгүй байна. Тиймээс худалдаан үйлчилгээний салбараар үйлчлүүлэх зэргээр ямар ч тохиолдолд зай барих дэглэмийг заавал мөрдүүлэх шаардлага тулгарч байна.

Тухайлбал, ажилтнууд хэт ойрхон байрладаг бол суудал алгасуулж ажлын байрыг зохион байгуулах буюу эсвэл зарим ширээ сандал, төхөөрөмжийг зайтай болгож хөдөлгөх. Энэ нь маск зүүсэн хоёр хүн хоёр метрийн зайнаас бие биедээ халдвар тараахгүй гэсэн үг юм. Ресторан, хоолны газарт ширээ алгасч суухаас гадна аль болох хоолоо савлуулах, хүргэлтийн үйлчилгээ сонгохыг зөвлөж буй.

 

Халдварын тархалт нэмэгдэхээс гадна зарим улс оронд COVID-19 халдварын шинэ хувилбар бүртгэгдэж буй цаг үед маскаа зүүж, гараа ариутгаад, зай барих дэглэмийг тантай ойр байгаа хэн нэгнээс санаа зовохгүйгээр шаардаж, мөрдүүлж чадвал халдвараас бүрэн сэргийлэх хамгийн энгийн, хичээвэл хүн бүр хийж чадна. Нийтийн эрх ашиг нэг хүний хариуцлагаас шалтгаалж буйг ухамсарлаж, өвчнөөс айх биш сэрэмжтэй, хариуцлагатай хандах л чухал байна.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин