Улирлын шинж чанартай ханиад томуугийн өвчлөл дэлхий даяар тархаад буй шинэ коронавирусын халдвар буюу COVID-19-ийг шинж тэмдгээр нь хэрхэн ялгах вэ. Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед хүмүүс бие биеэсээ цэрвэхээс гадна хоолой загатнаж, ханиалгах үед өөрсдөөсөө айж байна. Үүний ялгааг эмч нар хэрхэн тайлбарласныг хүргэе.

 

Доктор Поланд: Коронавирус, ханиад, харшлын шинж тэмдгүүд эхэн үедээ төстэй илэрнэ

 

Нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед вакцин бүтээлцэж буй Маёо клиникийн Халдварт өвчин судлах төвийн профессор Грег Поланд ард иргэдэд  ханиад, харшил, коронавирус өвчний төстэй шинж тэмдгүүдийг хэрхэн ялгаж таних тухай зөвлөж байна.

Нүд загатнах, нус гоожих бол харшлын шинж тэмдэг: Улирлын шинжтэй харшил нүд болон хамарт нөлөөлөх нь их байдаг. Харшил ихэнхдээ хамарт нөлөөлдөг. Зарим тууралтыг эс тооцвол бүх шинж тэмдэг толгойд мэдэгдэнэ. 

Ханиад, коронавирус хоёрын шинж тэмдэг нэлээд төстэй: Ханиад, коронавирус хоёр ижилхэн бүх биед нөлөөлдөг. Гэхдээ ханиад, коронавирус хоёр харшлаас ялгаатай. Нус гоожихгүй ч байж болно. Харин хоолой хатах, ханиах, халуурах, амьсгал давчдах шинж тэмдэг голдуу илэрдэг. Гэхдээ халуундаа анхаарах хэрэгтэй. Зарим тохиолдолд харшлаас болж халуурах үе бий. Гэхдээ харшлаас үүдсэн халуун хэрвээ та астматай биш бол амьсгал давчдуулахгүй.

 

Коронавирус, ханиад, харшлын шинж тэмдэг эхэндээ төстэй илэрнэ: Хэрвээ коронавирус, эсвэл ханиад хүрвэл бүх бие ядарч, хөндүүрлэх болно. Заримдаа орноосоо ч өндийхөд бэрх болдог. Эдгээрийг харшлын шинж тэмдгээс амархан ялгаж болно. Харшил бие ядраах тохиолдол байдаг ч булчин өвтгөдөггүйг анзаараарай. Гэхдээ коронавирус болон ханиад, харшлын шинж тэмдгүүд эхэн үедээ тун төстэй илэрдэг. Зарим тохиолдолд коронавирус ч нэг их хурц шинж тэмдэг үзүүлэхгүй байх боломжтой. Тиймээс эрсдэлтэй бүлэгт хамаарагдаж байгаа бол анхааралтай байж, шинж тэмдгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Эрсдэлтэй бүлгийн хүмүүс гэдэгт өндөр настай, астматай, зүрхний өвчин болон чихрийн шижинтэй, жирэмсэн хүмүүс багтаж байгааг санаарай.  Хэрэв та өөрийгөө халдвар авсан гэж үзэж байвал эдгээр асуултыг өөрөөсөө асууж үзэх хэрэгтэй. Тухайлбал, “Та сүүлийн үед аялсан уу, тийм бол хаашаа”, “Таны гэр бүл, ажил, сургуулийн хэн нэгэн олон хүнтэй газраар явсан, аялсан эсэх”, “Сэжигтэй газраас ирсэн хүн гэртээ оруулсан уу”, “Өвчин илэрсэн газрын ойролцоо амьдардаг эсвэл зорчсон уу”. Эдгээр асуултад яг л мөрдөгч шиг болсон бүх үйл явдлаа санаж байгаад хариулах хэрэгтэй. Хэрэв бүх асуултад үгүй хэмээн итгэлтэй хариулсан бол шингэн зүйл сайн уугаад сайн амрах хэрэгтэй”. Эргэлзэж байгаа бол яаралтай эмчид хандах хэрэгтэй. 

Энгийн болон хөнгөн ханиадыг танихад хялбар: Хэрвээ өндөр нас болон өөр шалтгаанаар дархлаа муудаагүй бол хэвтэж амраад, тохирсон эмчилгээ хийвэл энгийн ханиад түргэн хугацаанд эдгэрнэ. Харин коронавирус болон хүнд ханиад удах тусам хүндэрдэг. Хэрэв та коронавирус эсвэл хүнд ханиад хүрсэн бол цаг өнгөрөх тусам биеийн байдал хүндэрнэ. Иймд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Хэрвээ амьсгал богиносч, давхцаж байвал коронавирусын халдвар авсан байх аюултай. Хүнд ханиад уушгинд нөлөөлж ижил шинж тэмдэг үзүүлэх магадлалтай. Гэхдээ аль нь ч бай даруй эмчид хандах шаардлагатай шүү хэмээн доктор Поланд зөвлөжээ.

 

Б.Туул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин