Л.АЛТАНХИШИГ

Иргэд товчоон дээр ирж өвлийн идшээ тосож авч байна

Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байна. Гэхдээ уг хязгаарлалтад буяны ажилтай, албан томилолт, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа тээвэрлэлт хамаарахгүй. Манай сурвалжлах баг 22-ын товчоогоор орж, гарч байгаа иргэдийн хөл хөдөлгөөнийг сурвалжиллаа. 

22-ын товчоогоор баруун аймгууд руу явах зайлшгүй шаардлагатай иргэдээс гадна Эмээлтийн оршин суугчид давхар нэвтэрдгээрээ онцлогтой. Эмээлтийн иргэд шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэхдээ оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхээрээ хот руу орж, гарч байлаа. Халдварын голомттой байгаа нийслэл хотоос гарах гээд PCR шинжилгээ өгөөд хариу нь сөрөг байсан ч гарах боломжгүй олон иргэдтэй бид таарлаа.

PCR ШИНЖИЛГЭЭ СӨРӨГ ГАРСАН Ч ТОВЧООГООР ГАРАХ БОЛОМЖГҮЙ

 Завхан аймгийн иргэн Н.Байгалмаа “Охин маань төрөх гээд нийслэлд дагаж ирсэн. Нутаг буцаж чадалгүй хоёр сар болж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл нэг шат буурсан учир шинжилгээ өгөөд сөрөг гарвал хотоос гарч болно гэж ойлгосон. Өглөө 09:00 цаг гээд ирсэн. Одоо болтол гарч чадахгүй хүлээж байна. Яагаад хотоос гарах гээд байгаа шалтгаанаа УОК-т хүргүүлэх ёстой гэнэ. Хэрэв гарч болно гэсэн хариу ирвэл явуулна гэж хяналт шалгалт хийж байгаа албаны хүн хэллээ” гэв.

БИЕ НЬ ТААРУУ БАЙГАА ААВТАЙГАА УУЛЗАХЫН ТУЛД УВС ЯВНА

 Увс аймгийн иргэн П.БатЭрдэнэ “Би Өмнөговь аймагт уурхайд ажилладаг байсан. Өнгөрсөн оны аравдугаар сарын 18-нд ажил зогссон тул нутаг буцах шаардлагатай болсон. Дээр нь манай аав 97 настай. Бие нь тааруу байна гэх мэдээг өрхийн эмч дуулгасан. Тиймээс нийслэлд байсан гэр бүлийн хүмүүсээ аваад Увс аймаг явах гээд 22-ын товчоон дээр ирээд байна. Бид бүгд PCR шинжилгээ өгсөн. Гэвч явж чадалгүй хоёр хоног хүлээлээ. Аймгийн Онцгой байдлын газраас бидний хүсэлтийг хүлээн авсан. Тиймээс УОК руу хүсэлт явуулсан. Хариу нь ирээгүй байна” гэлээ. 

БУЯНЫ АЖИЛД ОРОЛЦСОН ХҮН ХОТООС БУЦАЖ ГАРЧ ЧАДААГҮЙ 

Орхон аймгийн иргэн С.Оюунцэцэг “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд ээжтэйгээ уулзахаар нийслэлд ирсэн. Манай аймгийн эгч буяны ажлаар мөн хотод ирсэн. Бид нутаг буцах гээд хөөцөлдөж байна. Ямар бичиг баримт шалган нийслэлээс гаргаж байгааг мэдэхээр 22-ын товчоог зорьж ирсэн. Буяны ажилд оролцсон хүн эргээд нутаг буцах боломжгүй юм байна гэж бодлоо. 

Учир нь нийслэлд Ковид-19 халдварын тархалт их байна. Тиймээс хотоос гарах хөдөлгөөнд маш өндөр хяналт тавьж байгааг харлаа” гэсэн юм. Энэ мэт орон нутагт буцах гэж байгаа иргэдийн дунд хагацал үзсэн, өвдөж шаналсан, санхүүгийн хүндрэлтэй гээд өөр өөрийн шалтгаанаа хэлэх олон хүн бий. Гэвч төрийн зүгээс иргэдийн аюулгүй байдлыг бодолцон тодорхой шийдвэр гаргасан. Үүнийг иргэд ухамсартайгаар дагаж мөрдөх шаардлага үүсээд байгаа юм.

 Бидний очсон 22-ын товчоо хөл хөдөлгөөн ихтэй байв. Зарим иргэн хөдөө орон нутгаас өвлийн идэш, хоолоо хамаатан садангаараа зөөлгөж байгаатай таарсан. Тодруулбал, товчооны хоёр талаас өдөр, цаг тохирсон иргэд ачаа, бараагаа солилцож байх юм. 22-ын товчоо яг хилийн зурвас гэсэн үг. Хөдөө орон нутгаас ирсэн хүн өгөх ачаагаа үүрээд товчооны шалган руу ойртож ирээд дөхүүлж тавих. Авах эзэн нь мөн л гартаа нэг тор, шуудайтай юм бариад өөдөөс нь очих юм.

 Цагдаа, мэргэжлийн хяналт гээд олон хүнээс зөвшөөрөл авч ачаа, бараагаа бие биедээ дөхүүлж тавьсан иргэд хоорондоо бараг юм ярилгүй бушуухан захисан зүйлсээ аваад явцгааж байгаа харагдсан. Тухайлбал, нийслэл хотод сурч, амьдарч байгаа иргэн Б.ГэлэгЁндон “Хотоос гарч болохгүй байгаа тул Архангай аймгаас өвлийн идшээ захьсан. Өчигдөр манай гэрийнхэн хүний унаанд дайж явуулсан. Одоо ирж байна гэсэн тул хүлээгээд зогсож байна” гэлээ. 

Б.САЙХАНБИЛЭГ: ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД ГУРВАН ЭЭЛЖЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА 

-Эмч мэргэжилтнүүд шалган нэвтрүүлэх товчоонд ямар хяналт тавьж байна. Эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх шаардлага гарч байна уу?

 - Эмч мэргэжилтнүүд товчоонд 24 цаг ажиллаад 72 цаг амарч байгаа. Гурван ээлжээр гарч байна. Нэг ээлж найман хүний бүрэлдэхүүнтэй. Биднээс гадна цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын алба хаагчид хяналт тавьж байна. Хэрэв товчоон дээр хүний бие өвдөх асуудал гарвал анхан шатны тусламж үзүүлэх шуурхай баг бий. Мөн шаардлагатай эм, тариа ч хангалттай байгаа.

 -Товчоон дээр иргэдээс яаралтай PCR шинжилгээ авах боломж бий юу?

 -Энэ боломжгүй. Бид зөвхөн иргэдээс эрүүл мэндийн асуумж авч байна. Нийт 26 асуултад иргэд үнэн зөв хариулах ёстой. Тухайлбал, хамар битүүрч, үнэрлэх, амтлах мэдрэхгүй алдагдаж байгаас эсэх. Мөн хуурай ханиалгах, амьсгал давчдах, халуурч байгааг нь заавал мэдэх шаардлагатай. Хэрэв сэжигтэй тохиолдол гарвал шуурхай мэдээлэх үүрэгтэй. 

Хөдөө орон нутгаас ирж байгаа иргэд бичиг баримтаа үзүүлээд, асуумжид хариулаад нэвтэрч байна. Харин Улаанбаатар хотоос аймаг, орон нутагт доорх зөвшөөрөгдсөн шалтгаанаар зорчигчид бүгд PCR шинжилгээний хариутай байна. Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа жолоочоос жолоочийн ажлын үнэмлэх, хүнс нийлүүлэх гэрээ, баримт зэргийг заавал шаардаж байна. Эмч гэлтгүй тухайн хүнд тавих хяналтыг бид хамтраад тавьж байгаа. 

Г.ДАЛАЙЖАРГАЛ: ХУЛГАЙН ЗАМААР ЗОРЧСОН ИРГЭНИЙГ 7-30 ХОНОГ БАРИВЧИЛЖ БАЙНА

 Замын цагдаагийн алба хаагчид товчоодод хэрхэн хяналт тавьж байгааг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Далайжаргалаас тодрууллаа.

 -Нийслэл хот руу орох хөдөлгөөнд хэрхэн хяналт тавьж байна вэ?

 - Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн ЗамынҮүд сумаас зорчиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл PCR шинжилгээний хариутай нэвтэрнэ. Бусад аймаг, орон нутгаас ирэх иргэдийг эрүүл мэндийн асуумжаар нэвтрүүлж байна. Мөн Баянзүрх дүүргийн XX хороо, Сонгинохайрхан дүүргийн ХХI, ХХХII, Хан-Уул дүүргийн XIII, XIV хороонд амьдардаг болон үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн ажиллагсдын нотлох баримтыг үндэслэн PCR шинжилгээний хариу шаардахгүйгээр товчоогоор нэвтрүүлж байгаа.

Нотлох баримтад тухайн оршин суух нутаг дэвсгэрийн хаягтай иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар, ажлын үнэмлэх , бусад шаардлагатай баримт багтана гэсэн үг. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих иргэд иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явах ёстойг анхааруулмаар байна. 

-Нийслэлийн зарим иргэн зусландаа очиход ямар нэг асуудал бий юу?

 - Иргэд товчоод доторх зусландаа очих боломжтой. Алслагдсан хороодод оршин суудаг иргэд тухайн газар оршин суудаг бичиг баримт, газар эзэмших гэрчилгээгээ нотариатаар баталгаажуулаад шаардлагатай тохиолдолд зорчиж болно. Зөвхөн хот хоорондын хөдөлгөөн хязгаарлагдсан. Өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунгасантай холбоотойгоор хөдөө орон нутгийн хяналтын постуудад УОК-ын зөвшөөрөлгүй зорчиж байгаа иргэдийг саатуулах арга хэмжээг тооцох, буцаах үйл ажиллагаа хийж байна.

 

 - Зарим иргэн хулгайн замаар нийслэлээс гарах гэж оролдож байна. Ийм зөрчилд ямар хариуцлага тооцож байна вэ?

 -Сонгинохайран дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин орон нутаг руу зорчих эрсдэлтэй 18 цэг бий. Энэ бүх цэгийг бүчлээд замын цагдаагийн алба хаагчид хяналт тавьж байна. Өөр дүүрэгт хулгайн замаар зорчих гэж завдсан зөрчил гарсан. Тухайлбал, Иргэн А хорио цээрийн дэглэм зөрчиж хууль ёсны зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн “Prius-30” маркийн тээврийн хэрэгслээр коронавирусний шинжилгээ өгөлгүйгээр Улаанбаатар хотоос Багануур дүүрэг рүү зорчигч тээвэрлэж хулгайн замаар зорчиж явсан зөрчлийг илрүүлсэн. 

Мөн иргэн Г хорио цээрийн дэглэм зөрчиж коронавирусний шинжилгээ өгөөгүй дөрвөн иргэнийг Улаанбаатар хот руу тус бүр 50.000 төгрөгөөр тээвэрлэж хулгайн замаар зорчсон. Мөн иргэн А өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчиж иргэн “Н”, “Б” “Ө”, “З”, “О” нарыг тээвэрлэн Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт зохих зөвшөөрөлгүй орох гэж байсан зөрчлийг илрүүлж, зөрчлийн хэрэг нээж, материалыг дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд хүргүүлж , зорчигч тээвэрлэсэн жолооч, зорчигч нийт 11 иргэнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж шийдвэрлүүлсэн байна. 

PCR шинжилгээний хариу 48 цаг хүчинтэй. Иргэд энэ хугацаанд багтаж хотоос гарах ёстой гэж сандарч товчоодод ачаалал үүсгэж байна. Гэтэл Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Хот хоорондын зорчигч хөдөлгөөнийг зохион байгуулах тухай” түр журам, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/06 дугаар захирамжийн хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын ажилтан, албан хаагчид үүрэг гүйцэтгэн хяналт тавьж байна. 

Иймд иргэд Улаанбаатар хотоос орох , гарах хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байгааг анхаарах хэрэгтэй. Мөн PCR шинжилгээ сөрөг гарсан ч зөвшөөрсөн тусгай ангилалд багтаагүй бол шалган нэвтрүүлэх товчоог зорьж очихгүй байхыг бидний уулзсан эх сурвалжууд сануулж байсан юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН