Шарк танк нэвтрүүлгээр анх олноо танигдсан УИХ-н гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа 33 тэрбум төгрөгийн зээл олгох зөвшөөрөл олгосон гэх сэдэв өнөөдөр цахим орчинд олны анхаарлыг татав.

Тодруулбал, Хөгжлийн банкны захирлаар зургаан сар ажиллаад УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж, ажлаа өгсөн Г.Амартүвшин ямар, ямар зээлүүд гаргасан нь нийт ил боллоо. Г.Амартүвшин зургаан сарын хугацаанд хамгийн их зээлийг  “МАК цемент үйлдвэрлэлд 197 тэрбум зээлийг олгожээ. Дараа нь Моннис интернэйшнл ХХК-ийн голлон хувьцаа эзэмшдэг “Эм эм и кью” гэх уул уурхайн олборлолт явуулдаг компанид 67 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. 

Харин түүний гарын үсэг зурж олгосон гурав дахь том зээл нь  Вертекс майнинг партнер ХХК-д олгосон 33 тэрбум төгрөг.

Тэгвэл уг компанийг өнөөгийн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нар хамтран үүсгэн байгуулжээ. Тус компанийн гүйцэтгэх захиралаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн дүү Х.Хашчимэг ажилладаг байна. МАН-ыг дагаж албан тушаалд очсон даруйдаа хоёр найзынхаа компанид их хэмжээний зээл гаргаж өгсөн нь эрх ашгийн зөрчилтэй холбоотой байсан болж таарах нь.

Тус компанийг үүсгэн байгуулагчдын нэг УИХ-ын гишүүн Г.Дамдинням нь “Топ майнинг солюшнс” ХХК, “Вертекс майнинг партнер” ХХК,  “Хера инвестмент” ХХК-уудаас мөн хувь хүртдэг.  Дархан-Уул аймгаас сонгогдож, УИХ-д анх удаагаа сууж байгаа гишүүн. Уул уурхайн салбарын шинэ үеийн шилдэг судлаачдын нэг. Канадын Бритиш Колумбын их сургуульд уул уурхайн чиглэлээр мастер, улмаар докторын зэрэг хамгаалсан.  “Прокон Майнинг Монголиа” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тус компанийг “Хера-Инвестмент” компани Канадын Procon Holdings Inc-тэй хамтран байгуулсан байдаг. Г.Дамдинням “Хера Инвестмент” компанид 10 хувь эзэмшдэг тухай http://www.asiamining.mn/view/422 сайтад дурджээ.

Ийнхүү уул уурхайн компаниудаар халаасаа нэгтгэсэн МАН-ын гишүүд болох Г.Ганхуяг Г.Дамдинням нар сонгуулийн жилийн өмнөхөн их хэмжээний зээлийг мөн л намын гишүүн Г.Амартүвшингийн гарын үсэгтэйгээр гаргуулан авсан нь анхаарал татаж байна.