Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал гэж нэрлээд байгаа, гадаад их гүрний эзэн хараат байдал, авторитари дэглэм, сталинист коммунист засаглалын эсрэг, цаг үеийн олон улсын байдлын шууд нөлөөтэй өрнөсөн Монголын нийт ард түмний бослого хөдөлгөөн эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгийн шуналаа далдлан нууж, тэр үеийн МоАХ, АСХ, ШДХ зэрэг хөдөлгөөн тэдгээрийн улс төрийн байгууллага болох МоАН, СДН, ҮДН зэрэгт шигдсэн үл бүтэх нөхдийн гар дамжин, МАХН, МАН- тай үгсэж, МАНАН будан, урвалт шарвалт, хулгай дээрэм, хуувилдааны 30 жилийг туулан эцэстээ АН  гэсэн анх байгуулагдсан үзэл онолоосоо эрс ялгаатай, ангич улс төрийн хүчний гарт орж, ялагдал доромжлолын дор амь төдий л оршиж байна.

Жаран тэрбумын хэрэг, ждү болоод бусад завхарлаас үүдэлтэйгээр, дангаар ноёрхож байсан УИХ-аа тараахад тулсан МАН 2019 онд арай ядан хөл дээрээ тогтож байлаа. Ийм эгзэгтэй үед зөв залсан бол 20 онд АН Засгийн эрхэнд гарах байсан юм шүү. АН үзэл онолын тодорхойгүй байдал, удирдагч, бүлэглэлийн явдлаас үүдэн унасан. Өнөөдөр тэр УИХ-д бүлэгтэй байгаа нь найдвар итгэл тээсээр ирсэн ардчилал, эрх чөлөөг хүсэгч мянга мянган гишүүд, дэмжигчдийн ач гавъяа юм.

АН Үндсэн дүрмэндээ их өөрчлөлт оруулж, гишүүдийн нам болсон гэх боловч энэ нь хоосон сүржигнэл болохыг сүүлийн үеийн намын амьдралын өрнөл нотлож байна. Дүрэм ёсоор сонгуулийн дараа суудлаа өгсөн дарга гэнэт амилж, үүрэг гүйцэтгэгчээр үлдээсэн нөхөр дүрэм бус үйлдэл хийж буйг илчлээд өөрөө хууль ёсоор дарга хэвээр хэмээн зүтгэв. Гэтэл намын дүрмэнд нь сонгуульд ялагдсан бол дарга огцорсонд тооцдог ажээ. Энэ явдал холион хутгаж, цахимаар хуралдсан Их хурал хүчинтэй эсэх нь эргэлзээнд орлоо. Шинэ хуучин хоёр нөхөр эвдрэлцэхэд л энэ нам эргэлзээнд орж байна. Тэгэхээр гишүүдийн нам мөн байна уу. Гишүүдийн нам юм бол түүний дотор асуулга явуулаад л шийдчих л дээ. Орчин үед үүн шиг амархан юм алга. Харамсалтай нь тийм хүсэл алга, дээд доод шүүх болоод явчихлаа. 

Уг нь улс төрийн нам дүрмээ биелүүлж буй эсэхэд Дээд шүүх хяналт тавих шаардлагагүй л дээ. Намууд Засгийн эрхийн төлөө байгуулагдаж, түүнд хүрэхийн тулд сонгуульд оролцон дүнгээ тавиулдаг. Тэгвэл сонгуулийг явуулдаг, хянадаг, үр дүнг зарладаг СЕХ гээч л улс төрийн намуудыг бүртгэж, үйл ажиллагааг нь хянах нь зохимжтой юм. Юун тэр Шүүх засаглал вэ. Тэр чинь “ажлаа” дийлэхгүй буюу шударга засаглалын хэмжээнд очоогүй, авилга хээл хахууль, амь биеэ хорлолт гэсэн хэл ам дагуулаад удлаа шүү дээ. Шинэ хуультай болоод дордох, сэхэхийн алин болохыг цаг хугацаа харуулна биз. 

Аливаа сонгууль нь улс төрийн намуудын хувьд цусгүй тулаан байдаг. Чухамхүү энэ тулаанд ялан дийлж байж, зорилгоо биелүүлдэг нийтлэг зүй тогтол энэ ертөнцөд тогтсон байна. Тулаанд командлагчгүй орно гэж байхгүй. Тэгвэл ялагдана. Гэтэл өнөө Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН жанжингүй зогсох ажээ. Яагаад гэвэл УДШ шинэ хуучин хоёр даргын хэнийг ч намын тэргүүнээр бүртгэсэнгүй. Нам дотроо ингэж арсалдах нь хэнд хэрэгтэй юм бол? За лав АН-ын язгуур эрх ашигт эрс харшилах нь тов тодорхой. Эндээс энэ асуудал ямар нэгэн бүлэг этгээдийн эрх ашигт хамаатай болох нь тодорхой гэж хардах бүрэн үндэс байна. Бүлэглэл, бүлэг этгээд гэдэг ойлголт намуудын үйл ажиллагаатай шууд холбоотойгоор Монголын улс төрийн хэллэг, ойлголтын санд ороод удаж байгаа шүү дээ. АН-ын хувьд энэ явдлыг харин ч зөвтгөөд 2000 онд янз бүрийн онол, үзэл баримтлалтай олон нам нэгдсэн учраас тэр хэмээн хариуцлагагүй хийгээд хүүхэд хуурах шиг юм ярьдаг. Угтаа бол нэг үзэл бодол, онолыг зөвшөөрч, тодорхойлж байж нэг улс төрийн хүчинд нэгддэг теором энэ гаригт үйлчилдэг юм. Логик нь ч ойлгомжтой. Ухаандаа амьдран сууж, насыг илээнэ. Хайртай дуртай хэмээн хосууд нийгмийн үндэс гэр бүл үүсгэдэгтэй утга нэгэн билээ. 

Гарман дээр морио сольдоггүй гэж монгол ахуй амьдралаас үүдэлтэй сайхан сургаал үг бидэнд бий. Намууд ч хэрэг болвол ашигладаг. Харин АН гарман дээр морио солих гээгүй юм бол өмнө нь хэцүү чанга үед газрын наймаа, МАНАН бүлэглэлийн хорт явуулгаас бүрэн залхсан ард түмний сонголтоор гарч ирсэн Баттулгыг дэмжээд явах нь яасан юм бэ. Ийм жишиг Монголд бүү хэл дэлхийд тогтсон юм шүү дээ. Багабанди, Энхбаяр, Элбэгдорж намаасаа л хоёрдох эрхээ авсан. Гэтэл үгүй ээ. Сунгадаг, сонгодог юм болоод явчихлаа.

Үнэнийг өчихөд АН-д өнөөдөр Х.Баттулгаас өөр сайн өрсөлдөгч байхгүй гэдгээр мөрийцсөн ч бэлэн байна. Үүний цаана бас л нэг бүлэглэлийн эрх ашиг, явууллага оршиж буй нь тодорхой. Энэ бол бараг хардлагаас даваад байна. Өөрөөр хэлбэл АН-ын эрх ашиг гэдэг бугшсан бүлэглэлийн эрх ашгаас доогуур тавигдаж буй хэрэг л дээ. Ийм тохиолдолд “гишүүдийн” АН оршиж байна уу үгүй юү гэдэг асуудал тавигдана.

Тулааны өмнө командлагчгүй АН зогсож харагдана. Гишүүдийн АН оршиж байна уу үгүй юү Та юу бодож байна. Ламаар, зоосоор тоглодог Монгол Улс намаар бас тоглодогоо зогсоохгүй бол 21 дүгээр зууны аяыг даахгүй шүү. Энэ намыг энэ зууныхны гарт, ухаанд өргөх цаг нэгэнт ирсэн юм биш үү. Бас л Та юу бодном?

 

 

Түндэвдоржийн Залаа-Уул