Нэг. Оршил хэсэг

Жараад оныхон бид азтай хүмүүс аж. 20 дугаар зуун шувтарч 21 дүгээр зуун гарах, хоёрдахь мянган төгсч гуравдахь ургах, 20 дугаар зуунд пролетари ангийг сэрээж, ядуусыг засгийн эрхэнд дуудсан Маркс, Энгельс, Лениний сургаалыг судалж, амьдралд хэрэгжихийг нь харсан, коммунист мөрөөдөгч, социализмыг гардан байгуулагчид, басхүү тэр нийгэм бутран унаж, ардчиллын баг өмссөн авилагч, зэрлэг капитализм сэргэн мандахыг үзсэн гэрчүүд чухамхүү бидний үеийнхэн билээ. 

Гэхдээ өөрсдийгөө азтайд тооцох гэнэн томоогүй үе дуусч, харин ч өвөг дээдсийн цус нулимс, баяр хөөр, хөлс хүчээр боссон эх Монгол орон, монголын нийгэм мөхөж сүйрэх эмгэнэлт цагийг харж сууна. Энэ бүхнийг монголчууд бид өөрсдөө, өөрсдийн том толгой, бадриун гараар хийж байнам.

 

Хоёр. Эхлэл хэсэг

Уриа  лозунг, мөрөөдөл номлол нь сайхан ч нийгмийг бүтээгчдийг боол болгож, эрх чөлөө, хүний эрхийг  уландаа гишгэсэн коммунист дарангуйлагч  улс-төр нийгмийн тогтолцоо 70-аас дээш насалсангүй. Учир явдал нь дэлхий даяар үнэн тодорхой болсон тул тэр тухай нуршиж, цаг барах хэрэг алга. 

Монголд тогтож байсан тоглоомын дэглэм, социалист байгуулал, коммунист мөрөөдөл 90-ээд онд нэг их хүч шаардсангүй тэгсгээд тэр цагийн салхиннд туугдан өөрөө нисч одлоо. Зөвхөн Монголд л зоригтнууд төрж, ардчилагчид, анхны 13 гараад үүнийг хийсэн юм биш ээ. Түүх гэрчилж, бас өгүүлсээр байх болно. Ертөнц дахинд 20 дугаар зууны эхэнд өрнөсөн Октябрийн шуургын адил мөн зууны эцэст коммунизмыг нураах ардчиллын шуурга дэгдсэнээр Монголд тэр уналаа.

 

Гурав. Өрнөл хэсэг

 

А. Улс төрийн салбарт

Чоно борооноор гэгчээр коммунист дарангуйллын үед нам засагт алба хааж, эрх мэдлийн амтанд орсон туршлагатай зальтнууд Монголын төрд эцэг намаараа түрээ барин дайрч орж ирлээ. 

Ардчилагчид хэмээх улс төрийн туршлагагүй хэдэн бандийг амархан хуурлаа. Хаагдмал ард түмэн толгой нь эргэж, юуг ч тусган авч чадахгүй байв. 

Энэ үүлэн чөлөөний наранд “нийгмийг удирдан чиглүүлэгч МАХН нүүрээ нууж, төрөөс холдон хороо, суманд очсон дүр эсгэснээ буцан дайрч төрийн дээр үсрэн гарах нүх сүвээ сонгууль гэгчээр малтав. 

Ардчилагчид зүсэн бүрийн гоё нэртэй олон намууд байгуулсан ч 70 жилийн туршлагатай коммунист нам, засгийн донтой коммунистуудын дэргэд ёстой шонгүй гэгч боллоо. 

Ийнхүү НАМ гэгч ороолон АРДЫН, АРДЧИЛСАН, ИРГЭНИЙ гэх зэрэг нэр зүүн төрийн дээр эгнэгт залрав. Үүнийгээ ардчилсан нийгэмд үзэл бодлоороо нэгдэн нийлж, нам байгуулан Засгийг  жолооддог онолтой хэмээн цэцэрхэх аж. Харамсалтай нь Монгол Улс дэлхий нийтийн олон жишиг үзүүлэлтээр ардчилсан орны тоонд багтахгүй байгаа билээ. 

Ийнхүү 30 жил буруу замаар будаа тээж, буцахдаа элс ачдаг Монголын нэн шинэ түүх хөвөрч эхэллээ. МАХН, МАН, АН, ИЗН гэх мэт орчин үеийн улс төрийн байгууллагын агуулга шингээгүй, хуйвалдаан, аллага, дээрмийн шинжтэй бүлгүүд ээлжлэн 30 жил засаг төрөөр тоглов. 

Ард түмэн учир зүйг ойлгох сэхээ өгөлгүй НАМаар хувааж, мөнгөөр зодон, улс орны баялагыг өөр хоорондоо сэмхэн хувааж хүртэв. Иргэд ядуурсаар..”Хүмүүнлэг ардчилсан нийгэм” байгуулна  хэмээх уншихад чимэгтэй үгийг дуртай цагтаа өөрчлөх буюу зөрчдөг ҮНДСЭН ХУУЛЬ гэгчдээ тунхаглаж, түүнийг долоо долоогоор доройтуулав. 

Иргэд эрх баригчдын өөгшүүлдэг эрх чөлөөндөө умбан архин далай, садар самуундаа живжээ. Замын хажууд хадуур барьсан үхээрүүд л үздэг боллоо. 

Улс төрийн тоглоом, шоглоом үргэлжилсээр Монголыг хувааж, зарж борлуулж бараг дууслаа. Улаанбаатарын газрыг наймаалж дуусаад, Засаг төрийн албан тушаалыг үнэлэн зарах замаар улс төрийн сонгуульд ялж, Үндсэн хуулийн бус аргаар засаг авдаг 60 тэрбумын хэрэг мандав. УИХ-ын гишүүд Засгийн газрын сангуудын мөнгийг тэрбум тэрбумаар нь хуйвалдан завшдаг ЖДҮ өвчин дэлгэрэв. Хэн ч ямар ч ял үүрсэнгүй. Эрх зүйт Монгол орон цэцгэлсээр, луйврын зоосоор орд харш сүмбэрлэсээр, харин нийслэлчүүд утаанд хордон мажийсаар ший янгуу үргэлжилсээр байна. 

 

Б. Эдийн засгийн салбарт

Монголын баялагт шунагч гадны цөөврүүдийн зөвлөхүүд их, бага хувьчлал гэгч шидийн зүйлийг гэнэн өвгөн Бямбасүрэнгийн толгойд тарьж, тэрээр социализмын үед 70 жил бүтээн босгосон хөнгөн аж үйлдвэрийн салбарыг үнс нурам болгов. 

Ах дүү орнууддаа өр тавин байж босгосон үйлдвэр заводууд хувьчлалын давалгаанд хийсэв. Үүнийгээ зах зээлд дэвшсэн том алхам гэв. Иргэд эргүүтсээр үлдэв. 

Социализмын үед ихэвчлэн хулгай зэлгий хийж, шорон гянданд хоригдож явсан сүйхээтэй хэдэн монгол сайд дарга, эрх мэдэлтнүүд хийгээд нам, сэм этгээдүүдтэй хамсан улсын эдийн засгийн гол гол байгууламжуудыг завшин хүртэв. 50 мөнгө зарцуулж, 26 төгрөг босгодог байсан архи пивоны үйлдвэрүүд хамгийн түрүүнд хувьд одов. АПУ, Зүүн Хараагийн спирт бал бурам гээд л цааш хөврөнө. Ноос, арьс шир, мод, барилга, оёдлын үйлдвэрлэл, түүхий эд бэлтгэлийн баазууд, хүнсний комбинатууд, ер тэгээд ядарсан түмнийг тэжээж байсан бүхэн будаа болов. 

Эдийн засгийг гартаа авсан баячууд буцаад мөнгөөр цохиж, Очирбат, Багабандийнхныг зайлуулав. Нийгмийн баялагын ерэн хувь хулгайч нарын халаасанд орж, НҮБ-ын албан ёсны мэдээгээр монгол түмний гучин хувь нэн ядуугийн туйлд хүрлээ. Хэн ч юу ч хэлсэнгүй. Харин ч Оюу Толгой, Таван Толгой, Цагаан суварга, Асгат гээд олон олон орд газар хулгайн замаар орж, Эрдэнэт, Хөтлөөс эхлээд Эмээлт хүртэл зарагдан замхарахад хүрэв. Энхбаяр, Элбэгдорж, Энхболд Ми эх орноо удирджээ.

Эдүгээ нэг монгол иргэнд ноогдох гадаад өрийн хэмжээ дэлхийд тэргүүлэхэд хүрчээ. 

 

В.Нийгэм, оюун санааны салбарт

300 жил ханцуйндаа залбирч, хир даг болсон хэнд ч туслаагүй, харин мөлжсөн шарын шашнаас арай ядан салсан ч коммунизм зүүдэнд үзэгдэж, зүрхэнд орсон байлаа. Намаа дагавал алдахгүй, нараа дагавал даарахгүй хэмээх коммунист хэлц үгэнд итгэдэг монгол хүн ард шинээр төрсөн олон намд хуваагдан үрэн таран болов. 

Эцэг эхээс үнэтэй, энэрэлт нам нь ялбал тэнгэрийн умдаг атгаж, жолоочоос жолоодогч, сэтгүүлчээс сайд, бармэнээс бодигард болж чийчаан хөлөглөнө. Үүнээс үүдэн Төрийн алба, Монгол Улсын Засаг захиргаа нуран уналаа. Дээдсийн зарлигаар хууль гарч, даргын захиалгаар шоронд хийж, шүүгчийн захирамжаар егүүтгэж, авилагч намын шуналт түшмэл төрийн яаманд хүн алж, оймс дотоождоо ногоон чихэж байна.

Аймаг сум, дүүрэг хороогоороо нам даган зодолдох гуйлагчин монгол өдрийн хоолоо бараан зах, нийтийн тээврээс хулгайлж байна. Цуст Октябрийн босгонд тулаа биш үү. Хуваагдал хэрээс хэтэрч хөнжил гудас хүртэл урагдан салбарлаа. Энэ бол нэг хэсэгтээ бүү хэл нэгэн жаранд оёж нөхөгдөхийг хэлж үл чадам муу үйл. 

Тэгвэл Их, Бага Тэнгэр, Зайсан, Нүхт, Хандгайт, Баянгол, Шарга Морьтод төгрөг тоолдоггүй баячууд, сайд дарга, генерал, хурандаа, шүүгч, прокурор, төрийн түшмэдүүд хундаг тавилгүй сархад гударч, хутга тавилгүй мах зулгааж, охид эмсээр дэрээ хийж, орд харшаар гэрээ хийн, богино насны  жаргал эдэлж Богдын дүрээр аяглан сууна даа. 

Монголд нийгмийн шударга ёс уланд гишгэгдэж, хар тамхи, архидалт, янханчлал, зугаа цэнгэл, аллага таллага газар аван, түмний ёс суртахуун уналтад орсон байна. Оросын суут зохиолч Достоевский “ Шударга ёс тогтоохгүйгээр нийгэм оршин тогтнож чадахгүй” гэж айлджээ. Үнэн аж. Түүнийг тогтоож үл чадсан Ромын, Чингэсийн, Манжийн, бүр бидний гэрчлэх Зөвлөлтийн эзэнт гүрэн мөхсөн байнам.

Хуулинд биш хүндээ учир явдал байгааг харсаар атлаа бурууг түүнээс хайж, алдаа оноогоо шарх сорвитой Үндсэн хуулинд чихлээ. Дээдлэх эзэнгүй бол Үндсэн хууль ч, дагаж мөрдөхгүй бол хууль журам дүрэм ч ЦААС билээ.

Монголын нийгэм хоногоо хүлээсэн аятай мөхлийн эрмэгт тарчилж байна. Ийм тохиолдолд юу болдог вэ гэвэл энэ ард түмний заяа тавиланг өөр улс гүрэн шийдэх болдог юм билээ шүү.

Дипломат, Монгол Улсын ОББЭЭ Түндэвдоржийн ЗАЛАА-УУЛ