МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тайлбар хийжээ.

Тэрбээр "Сүүлийн үед хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр “МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан шинэ Засгийн газарт сайдаар очих гэж байна” хэмээх ташаа мэдээлэл нэлээд явах боллоо. 

Миний бие Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар зургаа дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол Ардын Намаа олон түмэнд нээлттэй, цахим, бодлогын нам болох тухайд томоохон шинэчлэлүүдийг намын дарга У.Хүрэлсүхийн хамт эхлүүлээд байгаа. Цаашид ч намын шинэчлэлийг ард түмэн алга ташин хүлээж автал үргэлжлүүлэн ажиллах болно. 

Монгол Ардын Намын 100 жилийн ой удахгүй болно. 100 жилийн түүхтэй, засгийн эрх барьж буй улс төрийн намын хувьд түүхт ойгоороо өмнөө тавьсан том зорилго, ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэхийн төлөө бид хичээн зүтгэх ёстой. 

Монгол улс ардчилсан дэглэмд шилжин орсноос хойш нэг улс төрийн хүчин хоёр удаа дараалж засгийн эрх барих боломжийг анх удаа сонгогчид маань Монгол Ардын Намд олгосон. Энэ эрхэм итгэлийг зүтгэлээр хариулахын тулд бид хичээн ажиллаж байна. 

Улс төр тогтвортой, улс төрийн нам тэр дундаа төрийн эрх барьж байгаа улс төрийн нам тогтвортой, зөв бодлого явуулж чадвал улс орон, хүн ардад үр дүн нь хэрхэн мэдрэгдэж, ямар хэмжээний хөгжил дэвшил авчирч болдог юм бэ гэдгийг бид харуулах учиртай.

Сүүлийн 30 жил ардчиллыг хөгжүүлэх үйл явц Монголд тасралтгүй өрнөж нийгмийн хөгжлийг түргэтгэх үйлсэд намуудын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдсээр байна. Гэтэл намууд өсөн нэмэгдэж буй энэхүү үүргээ ухамсарлах, биелүүлэх тал дээр ахицтай дэвшил гаргаж чадахгүй байгаагаас болоод иргэдийн улс төрд болон улс төрийн намд итгэх итгэл буурч байгаа нь судалгаанаас харагддаг. Зөв бодлого боловсруулан хэрэгжүүлж, улс орноо хөгжилд хөтлөх үүрэгтэй улс төрийн намууд, улс төрчид бид эсрэгээрээ хөгжлийн садаа болж байна шүү гэдгийг иргэд олон нийт сануулж, анхааруулж байгаа юм. 

Тийм учраас Монгол Ардын Нам нь Монгол улсын ууган, хамгийн том улс төрийн нам болохын хувьд хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, цаг үеийн шаардлагыг хамгийн түрүүнд мэдэрч, өөрчлөлт шинэчлэлд бусад намуудаа манлайлан оролцдог байх ёстой. 

Иргэд маань ч үүнийг биднээс хүсч, итгэл хүлээлгэж байгааг бид өндөр хариуцлага хэмээн хүлээн авч намынхаа шинэчлэлийн төлөө, улс төрийн намуудын шинэчлэлийн төлөө зүтгэх болно" хэмээн фэйсбүүк хуудсаараа мэдэгдсэн байна.