Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр үл таних 4 хүн хүч хэрэглэн 50,000 доллар, 2,500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Энэ этгээдүүд ТЕГ-т ажилладаг тул Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2020 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан баривчлан саатуулж, Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгалтын ажиллагааг явуулсан билээ.

Тэдэнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт хэлэлцэж, Эрүүгийн хуулийн 17.2-2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон”, дээрэмдэж авсан уг мөнгөө валют арилжааны төвд солиулж, өр зээлээ төлсөн, автомашин худалдаж авсан нь дээрх хуулийн 18.6-1 дэх хэсгийн мөнгө угаасан үйлдэл гэж дүгнэн гэм буруутайд тооцсон байна.

Ингэхдээ “Бурхан халдун” группийн захирал Н.Мөнхдаш, иргэн Д.Одбаяр, Б.Бат-Эрдэнэ нарын гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэг цугласан болон хэргийн газарт үлдээсэн, тагнуулын байгууллагын дансанд бүртгэлтэй эд зүйл зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж шүүгч нар дүгнэжээ. 
Улмаар шүүгдэгч зургаан хүн Н.Пүрэвдаш, Ю.Ю.Горшков нарт учруулсан хохирлоо төлөхийн тулд тав хоногийн завсарлага авах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, эрүүгийн хариуцлага ногдуулах хурлыг өчигдөр 15.30 цагт хийхээр хойшлуулаад байв. Уг хуралд улсын яллагчаар оролцсон НПГ-ын хяналтын прокурорууд шүүгдэгчдэд дөрвөөс дээш жил хорих ял шийтгэх санал гаргасан гэх мэдээлэл бидэнд ирсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Ц.Намжилцогтод таван жил найман сар, Б.Төгөлдөрт дөрвөн жил найман сар, Г.Доржсүрэнд гурван жил найман сар, Т.Лхагвасүрэнд гурван жил зургаан сар, М.Мөнхцогт, Я.Баярсайхан нарт гурван жил хорих ялыг нээлттэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.