Дэлхий нийтэд коронавирусний вакцин хэрэглэж эхлээд 2 сар гаруй болж байгаа бөгөөд үүний нөлөөгөөр халдварын тоо 22-25 хувиар буурч байгааг ДЭМБ мэдээлжээ.

Энэ талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэхдээ, “Дэлхийн 95 орон 293 сая тун вакцин хэрэглэсэн байна. Дэлхий нийтэд Израйль улс хүн амынхаа 70-80 хувь, АНУ 50-60 хувиа вакцинжуулсан бөгөөд халдвар тоо буурч, эмнэлгийн ачаалал багасаж байгаа юм.

Монгол Улсад энэ сарын 23-наас БНЭУ-ын буцалтгүй тусламжаар "Астразенека" вакциныг хэрэглэж эхэлсэн” гэлээ. Монгол Улс хүн амынхаа 60 хувь буюу насанд хүрсэн 2 сая иргэнээ энэ оны долоодугаар сараас өмнө вакцинжуулахаар төлөвлөөд буй юм.

 

Үүнээс эхний ээлжинд цар тахлын эсрэг эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдыг вакцинд хамруулах юм.