Цагдаагийнхан “Сайн ах” ажиллагаа явуулдаг. Саяхан хэдэн шүүгч дээр энэ ажиллагаагаа явууллаа л даа. Яагаад энэ ажиллагааг “Сайн ах” гэж нэрийдэх болсныг та бүхэн санаж байгаа байх. 2014 онд энэ ажиллагааг анх тухайн үед Хууль зүйн сайд байсан Х.Тэмүүжин дээр явуулсан юм.

Түүнтэй нэр холбогдсон Г.Сарангэрэл гэх бүсгүйгээр “Би Тэмүүжинг сайн ах гэж боддог байсан” гэж зориуд хэлүүлсэн. Тэрнээс хойш цагдаагийн ийм төрлийн ажиллагааг “Сайн ах” гэцгээх болсон. Х.Тэмүүжин дээр явуулсан тэр ажиллагаагаа сая шүүгчид дээр давтлаа. Энэ ажиллагааны онцлог нь хөнгөмсөг явдалтай залуу бүсгүйчүүдийг татан оролцуулдаг. Бай болох хүнийхээ бичлэгийг нийгмийн сүлжээгээр тарааж, нүдний булай болгодог. Энэ ажиллагааны хамгийн зэвүүн, хар тал нь эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн амьдралыг тэр чигээр нь золиосолчихдог. Залуу, сайхан, гэнэн байхад хэн ч хөнгөмсөг явдал үзүүлж болно. Энэ бол хүний л зан, эм амьтны жам. Үүн дээр л тоглолт хийж охид, бүсгүйчүүдээр гараа угаадагт нь Монголын цагдаад зэвүү хүрдэг юм.

“Сайн ах” ажиллагаануудыг ажиглахад хөнгөмсөг явдалтай залуу бүсгүйчүүдийг ашиглаж бичлэг хийж, тэрийгээ цацдаг нийтлэг төстэй байдал бий. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг унагах зорилготой явагдсан “Сайн ах” ажиллагааг эргэн саная. Тэр үед Цагдаагийн Ерөнхий газрын дарга нь Б.Билэгт гэж хүн байлаа. Ерөнхий прокурор нь Д.Дорлигжав байв. Ерөнхийлөгч нь Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд нь Н.Алтанхуяг байлаа. Ерөнхий сайдын хувьд энэ ажиллагаанд ямар ч оролцоогүй байсан юм. Ийм ажиллагаа явагдсаныг ч бараг мэдээгүй байсан байх шүү. Үүнтэй адил сая шүүгчид дээр явагдсан “Сайн ах” ажиллагааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч гадарлаагүй байж мэднэ.

Тэр үед Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах, ичгэвтэр байдалд оруулах, үгэнд нь ордоггүй, хонгилын талаар гон гонхийж гэрэл цохиулсан, Эрүүгийн хуулийг шинэчилж эхэлсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг даруй унагах зорилгоор “Сайн ах” ажиллагааг явуулсан. Энэ ажиллагааг нийгэмд хүргэхийн тулд хэвлэл мэдээллийг нөлөө бүхий хүмүүс гардан удирдаж байлаа. Үүнийг мэдэж ядаад байх юмгүй. Г.Сарангэрэл бүсгүйг шөнө шоронгоос нь гаргаж авч ирээд нөлөө бүхий нэгний телевизийн нэвтрүүлэгт оруулахдаа нүдний булай юмнууд асууж, тэрэндээ хариулт авах гэж яаж хүчилснийг бүгд харсан. Тэгж л Х.Тэмүүжинг сайдаасаа огцорсон. Нэр холбогдсон бүсгүй цагдаагийн байгууллагад бүртгэлтэй, өмнө нь ч хар тамхины хэрэгт холбогдож байсан нь цагдаагийнханд “олзлогдох” үндэслэл болж. Тэр бүсгүйн амьдрал тэгээд л сүйрсэн гэж болно, дараа нь дахин хар тамхины хэрэгт холбогдсон тухай дуулдаад өнгөрсөн дөө. Бүсгүйг “Сайн ах” ажиллагаанд оролцуулснаараа амьдралыг нь тэр чигээр нь үрчихэж байгаа юм.

Сая шүүгчид дээр явуулсан “Сайн ах” ажиллагаанд мөн л хөнгөмсөг явдалтай бүсгүйчүүдийг татан оролцууллаа, бичлэг хийлээ, нийтэд цацлаа. Нийгмийн сүлжээгээр яг өмнөх технологиороо түгээж, шившиглүүллээ.

Энэ удаагийн “Сайн ах” ажиллагааны зорилго юу байв? Энэ бол Хууль зүйн сайд Х.Нямбаатарыгаа авч үлдэх гэсэн цагдаагийнхны ээлжит ажиллагаа. Хууль зүйн сайд Ерөнхийлөгчийг шүүмжилсэн. Тэрээр УИХ-ын чуулган дээр “Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад удаа дараа тавьж байсаан. Төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг тэр ёсыг халахын тулд Ерөнхийлөгчийн тавьсан шахалт, шаардлагыг бид биелүүлээгүй” гэж ярьсан. Үүний дараа У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, дараагийн Засгийн газар шинээр бүрэлдэхэд Х.Нямбаатар үргэлжлүүлэн ажиллахаар болж, шинэ сайдуудыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзсан. Энэ үеэр Ерөнхийлөгч Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарт хандан “Хууль зүйн сайд яагаад улстөржөөд байна вэ, яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганы танхимаас худлаа гүтгээд байна вэ. Үүнийгээ тайлбарлах ёстой шүү. Би өөрийг чинь шүүхэд өгнө. Би яахаараа Төрийн ордны гуравдугаар давхраас хүмүүст ял өгөөд сууж байдаг юм бэ. Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй. Чи Монгол Улсын Хууль зүйн сайд болохоос биш Монгол Ардын намын Хууль зүйн сайд биш” гэж хатуухан анхааруулсан. Энэ удаагийн “Сайн ах” ажиллагаа бол хэрвээ Ерөнхийлөгч шүүхэд гомдол гаргавал Хууль зүйн сайд ойчих магадлал өндөр учир сайдаа авч үлдэх гэсэн цагдаагийн дарга нарын ажиллагаа байлаа. Нөгөө талдаа хонгил байгаа шүү гэдгийг батлан харуулах гэсэн зорилго давхар агуулжээ. Өмнөх болон саяны ажиллагааны ерөнхий технологи нь яг адилхан, захиалгынх. Харин ялгаатай тал нь гэвэл, нэг нь Хууль зүйн сайдаа огцруулах, нөгөөх нь Хууль зүйн сайдаа авч үлдэх. Гэхдээ тэр бичлэг ч үнэхээр ой гутмаар харагдсан шүү. Цахилгаан шатанд оцгоноод л. Орцонд оцгонодог “бригад” үнэхээр захиалгаар ажилладаг, найраа хийдэг нь үнэн юм билээ. Яг тэгж бөөгнөрөхөд нь л бичээд авчихсан юм байна лээ шүү дээ. Гэвч энэ бичлэгийг нийтэд цацахгүйгээр асуудлыг шийдэж болох байсан байх. Нийтэд цацах ямар ч хэрэггүй, илүү зан болсон. Энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр хүндийг унагах гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаа авч үлдэх гэсэн У.Хүрэлсүхийн удирдаж явуулж байгаа ажиллагаа юм. Намын дарга нь учир цагдаагийн дарга нараа дуудаж авчраад даалгавар өгөөд л бол оо. Тэд л ийм юм хийж чадна. Улс эх орны байдал хүнд, цар тахалтай, хямралтай үед эрх баригчдын зүгээс хийж, хэрэгжүүлж байгаа хамгийн чухал ажил нь ердөө ийм л юм байна. Бодохоос дургүй хүрмээр байгаа биз. Монголын цагдаа, хууль хүчнийхэн ч эрх баригчдад хуваагдаад хоорондоо “үзэлцэж” байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хоёр үнээ, тугал шиг л сайн найз байснаа барилцаж авсан л гэнэ, зодолдсон л гэнэ гэж дуулдаад байна.

Тэд бидний төлөө ийм л юм хийж, төрийн толгойд байцгааж байна. Тахал, өвчин эмгэг, вакцин гээд амь наана, там цаана, ард иргэд нь цалин, мөнгө төгрөг гээд түмэн зовлон бэрхшээл туулж байхад энэ хэдэн эрх баригчид нь өөрсдийнхөө албан тушаалд үлдэхийн тулд нэг нэгнийхээ эсрэг, цагдаа нарыг ашиглаж элдэв ажиллагаа явуулахаас өөр хийж байгаа юм алга.