Улсын Их хурлын гишүүн Сүхбаатарын Батболдыг луйварчин дээрэмчнээр нь дуудаад удаж байна. Өнгөрсөн хавраас эхлээд түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших нь гэх бор шувуу ниссэн юм. Төд удалгүй МАН-ын генсек Д.Амарбаясгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Сү.Батболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хэмээн зарласан.

Ингээд л Сү.Батболдыг байж болох бүхий л сэдвээр харлуулж, гутаан доромжлох их үйл хэргийг хэсэг бүлэг хүмүүс эхлүүлсэн. Бараг жил тойруу үргэлжилж байгаа энэ их хар пиар Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам улам “төгсөрч” байгаа. Тусгаар улсын иргэнийг гадны улсын шүүхээр шүүлгэх гэж хүртэл оролдож байна. Энэ хугацаанд үүнийг дагасан үнэн, худал нь мэдэгдэхгүй хичнээн ч их үйл явдал болж өрнөв. Ардчилсан улсын иргэн эх орондоо албан үүргээ гүйцэтгээд сууж байхдаа гадны шүүхийн шийдвэрээр шийтгэгдэх нь л дээ. Хэн нэгний дураар аль нэг улсын шүүхийн шийдвэрээр, тэр шийдвэр нь баталгаа, нотолгоотой эсэх нь тогтоогдоогүй үед ардчилсан улсын иргэнийг шийтгэнэ гэдэг тийм ч амар асуудал биш юм аа. Энэ нь зөвхөн хувь хүний бус улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудал байдаг. Тиймдээ ч энэ асуудал хууль номынхоо дагуу димломат шугамын хүрээнд шийдэгддэг учиртай юм. Харин юу юугүй барьж хорих нь гэж туйлширч, элдэв шар мэдээ цацаж байгаа нь явцгүй улс төр болохыг бэлхэнээ харуулж байна.

Түүгээр ч үл барам гадны сонин, сэтгүүлд Сү.Батболдын талаар элдэв нийтлэл, баримт дэлгэгдлээ гэх өнөөх улиг болсон арга хүртэл явж байгаа харагдана лээ. Гадны сонин, сэтгүүлд гарсан л бол ноцтой хэрэг, үнэн баримт гэж итгэдэг цаг ард хоцорсон. Монголчууд ийм жижиг улс төрд хууртахаа больсон. Эцэст нь Сү.Батболдыг намнах халуурал нь хэтийдэж аймаар баян гэж шүүмжилдэг боллоо. Энэ арай хэтэрч байна. Ухаандаа Хятад шиг хамаг баячуудынхаа хөрөнгийг хураан хоосолж орхиод, эзнийг нь буудах болж байна уу. Коммунист нам удирдаж байгаа болохоор хятадууд л баячууддаа ийм ааш аяг гаргадаг юм. Үүнийг нотлох олон жишээ бий. Саяхан л гэхэд Жек Ма дэлхийн тэргүүлэх баян гэгдэж байсан. Манайхан хөл алдаж, Их аварга Д.Дагвадорж хүртэл хүзүү, нурууг нь бариад гүйж байсан цаг тун саяхан. Гэтэл өнөөдөр тэр хэн болчихов, өнөөх хөрөнгө мөнгө нь юу болж хувирчихав. Байдаг хөрөнгөө улсдаа хураалгачихсан, өөрөө байгаа эсэх нь ч тодорхойгүй л байна шүү дээ.

Бид тэдэн шиг биш. Монгол Улс 30 жилийн өмнө хулганы хамарнаас ч цус гаргалгүйгээр ардчилал, эрх чөлөөг олж авч чадсан. Энэ бол бидэнд байгаа маш том боломж. Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй. Тиймээс одоо монголчууд нэгнээ баян, цатгалан гэж нүд үзүүрлэхээ боль оо. Ардчилсан Монголд энэ хориотой. Энэ нийгэмд чи ч, би ч, хэн ч баяжиж болно. Бид бүгдээрээ баяжих эрхтэй. Тэр хэмжээнээс дээшээ баяжиж болохгүй гэх хязгаар зааг огт байхгүй.

Сү.Батболдыг 300 сая ам.долларын хөрөнгөтэй, аймаар баян гэж цоллоод байгаа юм. Дэлхийн хэмжээнд 300 сая ам.доллартай хүн та бүхний хэлээд байгаа шиг аймаар баянд тооцогдохгүй ээ. Хамгийн багадаа нэг тэрбум ам.доллартай байж гэмээнэ дэлхийн хэмжээний хөрөнгөтөн гэгдэнэ. Ер нь баячуудаа элдвээр баалж, гоочилсон улс хөгждөггүй юм. Ингэж элдвээр чичлээд байгаа учраас л тэр баян гэх цол гуншинтай, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж суугаа нөхдүүд чинь Монголд хийж бүтээхийг урьтал болгохын оронд гадны орныг зорьж, амар жимэр хүсээд байгаа юм. Тиймээс бид хөрөнгө, мөнгөтэй нэгнээ баалж суухын оронд бахархдаг болох хэрэгтэй байна. Бүр тэднээс үлгэрлэж өөрсдөө баяжих хэрэгтэй. Баян болохын төлөө зүтгэдэг, хөдөлмөрлөдөг болох ёстой.

Дэлхийн хэмжээний баянтай буюу тэрбум ам.долларын хөрөнгөтэй таван хүнтэй болоход Монгол Улсын амьдрал их өөрчлөгдөнө дөө. Мэдээж тэд танд зүв зүгээр байхад тань таван цаас сарвайхгүй. Ийм үүрэг ч тэдэнд байхгүй. Гагцхүү тэд эх орондоо ажлын байрыг хэдэн арван мянгаар нь бий болгож, төрийн ачааг үүрэлцэх учиртай юм. Хүсвэл тэр ажлын байранд чи ажиллаж болно. Эс хүсвэл өөрөө баян болохын тулд шинийг эрэлхийлж, бусдаас илүү хөдөлмөрлөж баялаг бүтээгч, бизнес эрхлэгч болж болно. Баян болохын тулд залхуурахгүй, бусдаас илүү ихийг хийж, бүтээх хүсэл, эрмэлзэлтэй байх л чухал. Ердөө л ийм зарчимтай. Ингэсний чинь төлөө Монгол Улс чамд ямар нэгэн хорио, саад тавихгүй. Хөрөнгийг чинь хурааж, "аав"-ын хаалга татуулахгүй. Бид баячуудтай нийгмийг л байгуулах гэж яваа.

Үүнийг бид зөвхөн энэ цаг үед л хүсээд байгаа юм биш ээ. 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Монгол Ардын намыг үүсгэн байгуулагчдын нэг Их жанжин Д.Сүхбаатар 1922 онд харьяат цэргүүддээ явуулсан бичигтээ “Ардын эрхтэй засаг байгуулах нь бурхан шашнаа хүндэтгэж, ард түмнээ амар туйл дор хүргүүлэн тэгш журамт, баян хүчирхэг улс болгох зорилготой” гэсэн утга төгөлдөр үгээ сонордуулж байж. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын Намын анхны дарга, Монголын орчин үеийн эдийн засгийн салбарыг үндэслэгч Солийн Данзан “Монгол Улс Швейцарь лугаа хөгжих ёстой” гэж тунхаглажээ.

Мөн Монгол Улсын ес дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан Пэлжидийн Гэндэн “Баяжих тун” хэмээн нийтэд уриалж, лоозон гаргаж байсан нь түүхийн хуудаснаа үлдсэн байна. Ингээд бодохоор бидний өвөг дээдэс 100 жилийн тэртээгээс л баян иргэдтэй, хүчирхэг улс орон болохыг зөгнөн, мөрөөдөж, хүсч тэмүүлж байжээ. Тэдний холыг харсан энэ хүсэл зоригийг тухайн үед үгүйсгэсэн. Бүр хэлмэгдүүлэх шалтгаан болгосон гашуун сургамж энэ намд бий.

Мэдээж Ардчилсан нийгмийн үр дүнд энэ төрийн зүтгэлтнүүдийн үзэл санаа жинхэнэ утгаараа биеллээ олж эхэлсэн. Энэ нийгэм иргэдийг баян, хөрөнгө чинээтэй болгох хөшүүрэг нь болдог. Түүнээс төрөөс сарвайсанд сэтгэл ханаж, хоёр идэхгүй, хоосон хонохгүйхэн шиг өдөр, өдрийг аргацааж явдаг арга ядсан нийгэм биш юм. Харин ч ядуу байгаагаа баалдаг болж, “Тэнгэр угсаат, хөх чоно, гуа маралын удам хөх толбот монгол хүн та хэзээ болтол ийм арчаагаа алдсан ядуу хоосон явах гээд байгаа юм бэ. Хүнээс хоол горьддог, хүнээр тэжээлгэх гэдэг, бүр болохгүй бол хүнээс булааж аваад амьдарна гэдэг зангаа боль” гэж загнадаг нийгэм шүү.