Хэд хоногийн өмнө “Шуурхай зар” сонинд “Аав зарна, элдэв хууч өвчингүй” гэх зар нийтлэгдсэн нь олон нийтийг цочроогоод байсан. Уг мэдээллийн мөрөөр цагдаагийн албан хаагчид шалгалт хийхэд кино контентийн нэг хэсэг байсан бөгөөд залуу уран бүтээлчид удахгүй гарах киногоо олон нийтэд танилцуулахын тулд ийм зар нийтэлсэн нь тогтоогдсон.

Үүний дараа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас уг зарыг нийтэлсэн Шуурхай зар сонинг “Зар сурталчилгааны тухай хууль”-ийг зөрчсөн гэж үзэж таван сая төгрөгөөр торгохоо мэдэгдсэн юм.

Мөн ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Уг киног олон нийтэд түгээх эсэх асуудлаар Соёлын яаманд хандана” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. Тэгвэл уг зарыг нийтэлсэн уран бүтээлчид ШӨХТГ-ыг дарга Б.Бат-Эрдэнэтэй уулзлаа.

Энэ үеэр тэд “Олон нийтэд түгээх эсэх асуудлаар яагаад Соёлын яаманд хандаж байгаа” талаар асуухад, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ

“Хүн арилжааны хэсэг биш. Бараа бүтээгдэхүүнийг л арилждаг. Хоёрдугаарт,  хүнд ханш тогтоож болохгүй. Би энд киноны сэдвийн талаар огт яриагүй. Харин та бүхнийг 2021 оны гуравдугаар сарын 03-ны өдөр нийтэлсэн зарын тухай ярьж байна.  Аавыгаа зарна гэдэг бол хүний наймааны нэг хэлбэр.Киноны агуулгад хяналт хийх нь Соёлын яамны шийдэх асуудал.Би танай киног гаргахгүй байх тухай нэг ч үг хэлээгүй. Зөвхөн нягтлах асуудлыг л хэлж байна. Утасны яриан дээр маш ноцтой асуултууд бичигдсэн байсан. Ийм агуулга бүхий зүйлс танай кинон дээр байх вий, гэж сэрэмжилж хянуулаарай гэсэн” гэв.

Олон нийтийн сүлжээнд хүн бүхнийг цочроосон энэхүү зарыг залуучуудын түүчээ болсон Oi entertainment-ын залуус түгээсэн бөгөөд тэд хийсэн бүтээл болох Гайхамшигт ертөнц киногоороо нийгэмд ААВ гэдэг хүний үнэ цэнийг ойлгуулахыг хичээн нийгэмд ч энэ байдлыг цочроон өгөх зорилгоор дээрх зарыг тараасан гэдгээ тайлбарласан юм

 

Ааваа хайрла гэдэг үгнээс илүү Ааваа зарна гэсэн үг нийгэмд илүү их аавыгаа хайрлах сэдэл төрүүлнэ хэмээн тэд үзжээ.