"Ардын нам ажил хийлгэхгүй байна" гэж Ерөнхий сайд удаа дараа ярьж байгаа. Угтаа бол эрх баригчид өөрсдөө ажлаа хийж чадахгүй, дотроо хэл амаа ололцохгүй байсаар улс орны эдийн засгийг хямралт байдалд хүргэснийг бүгд мэдэж байгаа.  Тиймээс өөрийнх нь хүсэлтээр Ерөнхий сайдад боломж олгоё гэдэг үүднээс салбарын ажлаа унагаасан сайд нартаа хариуцлага тооцох асуудлыг санаачилгаараа оруулж ирэхийг бид шаардаж байна" гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ. Хэрвээ Ерөнхий сайд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж буруутай сайд нарын асуудлыг оруулж ирэхгүй бол өөрт нь хариуцлага тооцох асуудлыг ч тавина гэв.

Эдийн засаг хямарсныг ард иргэд, аж ахйн нэгжүүд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид бүгд хүлээн зөвшөөрсөн. Харин Засгийн газар, эрх баригчид, салбарын сайдууд өнгөрсөн долоо хоногоос л бодит байдалтай эвлэрч байна. "Өмнө нь захаас долоо хоногийн хүнсэндээ таван тор дүүрэн хүнсний зүйл цуглуулдаг байсан бол одоо ганц тор юм л авдаг боллоо. 10 кг мах худалдаж авдаг байсан бол одоо хоёр кг-аас хэтрэхээ байлаа" гэж иргэд халаглан ярьж, хэвлэлүүд ч өдөр бүр мэдээлж байна. Нэг ам.доллар 1805 төгрөгт хүрч, ард иргэдийн худалдан авах чадвар ч энэ хэмжээгээр буурсныг саяын жишээ харуулж байна. МАН-ын бүлэг жилийн өмнөөс энэ талаар анхааруулж зөвлөмж хүртэл өгч байсан ч эрх баригчид үл ойшоон, сандал ширээтэйгээ зууралдсаар өдий хүрлээ гэж бүлгийн дарга С.Бямбацогт онцлов.

 Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл хоёр долоо хоног дамжин хэлэлцэгдэж байна. Учир нь энэ тогтоолын төсөл дээр авсан "Шударга ёс" эвслийн бүлгийн завсарлага өнгөрөгч баасан гаригт дууссан ч АН-ын бүлгийн гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас уг хуулийн төсөл энэ долоо хоногт хэлэлцэгдэхээр хойшлоод байна. Тиймээс эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг УИХ цаг алдалгүй батлах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногт олон улсын зэрэглэл тогтоодог "Standart and Poors" байгууллага Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурсныг зарласан. Зэрэглэл ийнхүү буурсан нь гадаадын хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгал эрс багассан, өрийн хэмжээ эрсдэл дагуулах болсонтой холбоотой аж. Энэ байдал нь гаднын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл, хөрөнгө оруулалт тэр хэмжээгээр буурахад нөлөөлж байгааг бүлгийн дарга С.Бямбацогт анхааруулав.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн удаах асуудал бол Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл байлаа. Уг хуулийн төсөл ард иргэд, хөрөнгө оруулагчдын хувьд ихээхэн хүлээлт үүсгээд байсан. Гэвч энэхүү хүлээлтэд тодорхой хариулт болж чадахгүй төслийг Засгийн газар оруулж ирлээ хэмээн МАН-ын бүлэг үзэж, уг асуудлыг нягтлан судлах ажлын хэсэг байгуулахаар боллоо. Мөн төрийн мөнгөөр нөөцийг нь тогтоосон, хайгуул хийсэн бол 51, 34 хувиас дээшхийг төр эзэмших ёстой гэсэн заалтыг уг хуулийн төсөлд 51 хүртэл, 34 хүртэл гэж өөрчилсөн байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг үүсгэж байна. Эдийн засагтай холбоотой хуулиуд ард иргэд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад маш ойлгомжтой, тодорхой байх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж, Ашигт  малтмалын тухай хуулийг УИХ нухацтай хэлэлцэх нь зөв гэдэгт байр сууриа нэгтгэв.

Одоогийн мөрдөж буй хуулиар хилийн зурвас, тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмалын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг УИХ хэлэлцэж шийддэг. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үүнийг өөрчилж, хилийн зурвас, тусгай хамгаалалттай газар нутагт Засгийн газрын зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах заалт оруулжээ. Энэ нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгаа учраас уг заалтыг өөрчлөх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байгаа юм.