2012 оны эхээр буй болж байсантай яг адил нөхцөл байдал АН-д бий болоод байна.Тухайн үед З.Энхболд, Х.Баттулга нар хүч хавсран, тодорхой бүтээн байгуулалтын ажлыг санаатайгаар гацааж байна гэсэн үндэслэлээр Хамтарсан Засгийн газраас Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тэргүүтнийг гарахыг шаардаж байв.


Өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга өөрийн хүсэлтээр сайдын үүрэгт ажлаасаа чөлөөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд үүнийхээ дараа "Шинэ сум" төслийн тухай захиалгат нэвтрүүлгээ бүхий л телевизүүдээр гаргах нь тэр.
Нэвтрүүлгийн агуулга нь Х.Баттулгын санаачилсан бүтээн байгуулалтын ажлыг Н.Алтанхуяг хийлгэхгүй гацааж байна гэсэн ойлголтыг үзэгчдэд өгөх зорилготой.
 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын тухай болон УИХ-ын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэс АН-д Х.Баттулга тэргүүтэй "эсэргүү дөрөв" бий болсон нь олонд  ил болж эхэлсэн билээ.


Харин эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд "эсэргүү"-гийн тоонд албан ёсоор нэгдсэнээ илэрхийлж, "Давхар дээл"-ийг тайлах хуулийн төслийг дэмжиж, саналаа өгсөн юм.
Мөн өдрийнхөө орой нь телевизээр өгсөн ярилцлагадаа Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан агуулгатай зүйл олныг өгүүлэв.

Товчхондоо  Х.Баттулга, З.Энхболд нар хүч хавсарч буй нь нэгэнт ил болсон бөгөөд "Давхар дээлийг тайлах" хууль унасан ч Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах өөр хувилбар бэлдэж байгаа тухай эх сурвалжууд өгүүлж байна.



Э.Мягмар