Цагтаа Озеки Терунофүжи гэж олныг шуугиулж байсан хүчирхэг хөвгүүдийн нэгэн болох Гантулгын Ган-Эрдэнэ анх арван нэгэн жилийн өмнө 17 настайдаа Арлын оронд хөл тавьж, үндэсний спорт болох Сумод ахлах сургуулиасаа гүнзгийрүүлсэн сургалттай ангид Миторюү Б.Төрболд, Ичиножёо Ичинноров нартай нэг үе, мөр зэрэгцэн сумогоор хичээллэж, жилийн дараа 2010 онд сумогийн “Исэгэхама” дэвжээнд албан ёсоор элсэж, мэргэжлийн сумочийн гараагаа эхэлж байсан түүхтэй.

Тэрбээр 2014 онд дээд зиндаанд дэвшиж, жил гаруйн дараа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлж, удаахь башё болох 2015 оны долдугаар сард Озеки буюу Арслан цолыг хүртэн, зургаан удаа үзүүр түрүү булаацалдаж, уран мэх, хүч чадал жигдэрсэн барилдаанаараа дайчин барилдааны нэг, гарамгай барилдааны тусгай шагналыг гурван удаа хүртэж, олны анхаарлыг ихээхэн татаж байсан өсөх ирээдүйтэй, хүчит Аврага, дараагийн Ёкозуна болно гэж мэргэжилтнүүд үнэлж, итгэж найдсаар байсан билээ. Гэвч түүний энэхүү алдар цуугаа мандуулах зам дардан байсангүй ээ. 2017 оноос хойш бэртэл гэмтлийн улмаас хоёр жилийн хугацаанд жёнидан хүртэл чансаа унасаар 2019 оны тавдугаар сарын барилдаанаас эхлэн хамгийн доод зиндаанаас эхлэн шат дараалан ахисаар,энэ жилийн гуравдугаар сарын башёд 10 даваатайгаар амжилттай барилдаж, ирэх башёод дээд зиндаандаа эргэн ирж байгаа билээ. Мэргэжлийн сумогийн оргилд явж байсан бөх хамгийн доод чинсаа хүртэл буурч, нэг үгээр хэлбэл тэнгэрт дүүлж байсан хүн газрын мухарт бууж ирэх мэт болж байсан түүнийг эргэн дээд зиндаанд гарч ирж байгааг олон хүн гайхаж, сумогийн түүхэнд анх удаа болж байгаа үзэгдэл хэмээн шагширч байна. Чухам ямар саад бэрхшээлийг хэрхэн туулж гарч ирсэн сэтгэл бодлыг нь хуваалцах гэж цахим ярилцлага хийснээ толилуулж байна.


-Сайхан хаваржиж байна уу. Япон улсад Коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс онцгой байдал зарласан энэ өдөр ярилцаж байна. Тойргийн барилдаан байхгүй. Ер нь гэр хавьдаа л байна уу. Өдрийг хэрхэн өнгөрөөж байна вэ?

-Өглөөний бэлтгэл кэйкогоо хийчихээд өдөр спорт клубт хүч тамирын дасгалаа хийнэ. Гадуур гарахгүй. Хүнтэй уулзахгүй.Амны хаалтаа гарахдаа зүүгээд л. Гэртээ өдрийг өнгөрүүлж байна даа. Гараа угаагаад ариун цэврийн дэглэм ягштал баримталж байна. /Инээв/

-Сая үзэгчгүй сумо боллоо. Барилдаж байхад ямар санагдав. Эвгүй байсан уу?

-Тийм эвгүй, хачин сонин санагдаагүй. Надад бэлтгэлийн зал шиг л санагдлаа. Би чинь барилдахдаа сандарч, тэвдээд байдаг хүн биш болохоор ялгаа нэг их мэдэрсэнгүй. Хүмүүс байсан байгаагүй анхаарлаа төвлөрүүлээд л барилдана.

-2015 онд Озеки цол хүртэл мандаж явсан бөх 2018 оны гуравдугаар сарын башёогоос түрүү жилийн гуравдугаар сард жёнидан хүртэл чинсаа буурсан. Гол шалтгаан нь юу байв?

-Хүмүүс бэртэл гэмтлээс боллоо гэдэг юм л даа. Миний хувьд бол арай өөр л дөө. Озеки болсны дараахан Аварга болоход амархан юм байна гээд л ааг омог амтагдаж байтал удалгүй бэртэл гэмтэл авсны дараа тавин хувиа хийхтэй үгүйтэй болж эхлэхэд шантарч эхэлсэн л дээ. Тэгээд 2017 оны гуравдугаар сарын үзүүр түрүүд үлдэж бас дараа башёод нь Хакухо аврагатай үзүүр түрүү булаалдаж байхдаа энэ бэртэл гэмтэл яах ч аргагүй байдалд оруулдгийг ойлгосон. Анх баруун өвдөгний чагтган холбоо нь тасраад Озекигоос унаж болохгүй гэж гүрийж барилдсаар байгаад зүүн өвдөгний зөөлөн эд нь бяцраад, хагалгаанд гурван удаа орсон. Тэр үед башё өнжөөд эмчилгээгээ дорвитой хийе гэж бодож байтал багш маань тэгж амархан зөвшөөрдөггүй, их хатуу хүн шүү дээ.

Нэг өвдөг бэртчихээд байхад л нөгөө өвдөг чинь байгаа биз дээ л гэдэг хүн. Ер нь бол манай дэвжээ хамгийн хатуу дэг жаягтай болов уу гэж боддог. Хүмүүс бол намайг өөрийгөө хүчлээд барилдаад байна гэж боддог шүү дээ. Бэртлээ даваад, эмчлүүлээд гайгүй болж байтал элэгний “С” вирус хүндэрсэн. Бөөрний чулуужилт ихтэй. Чихрийн шижинтэй байна гэж оношлогдсон. Цусан дахь сахарын хэмжээ энгийн хүнийх 100-120 байдаг атал минийх 500 хүртэл өссөн байсан. Тэр үед ерөөсөө больё доо л гэж бодсон. Хань болон аав ээж, багштайгаа зөвлөлдлөө.

-Тэгээд 2019 оны тавдугаар сарын башёгоос өгсөж эхэлсэн дээ.

-Өнгөрсөн оны гуравдугаар сараас барилдаж эхэлсэн. Тэр болтол гол нь эмчилгээндээ анхаарья гэж бодсон. Больё ч гэж тав, зургаан удаа багшдаа хэлж үзлээ. Дараа нь жүрёод байхад барилдах сонирхолгүй болчихсон, бие ч дийлэхгүй байсан даа. Багш нас залуу гэж үзсэн үү, ингээд сумог дуусгах гэж үү гэж их хэлдэг байсан. Өвчнөө эдгээчихээд болих болихгүйн тухай ярилцъя гэсэн. Тэгээд л эмчилгээгээ эрчимтэй хийлгэж, жил гаруй хугацааг зарцуулав.

-Хамгийн оргилд явж байсан атлаа гэнэт уулын бэлд буучихсан хүнд хамгийн их зоригжуулж, урам зориг өгч байсан хүн хэн байв аа?

-Ер нь өөрөө өөртэйгөө л ярина шүү дээ. Тэр үед орой ч нойр хүрэхгүй. Яг өвчтэй хэвтэж байхад эвгүй байсан юм аа. Гурван удаа өвдөгний хагалгаанд орчихсон, босч чадахгүй болчихсон байсан болохоор дахиж барилдах худлаа юм байна гэж бодсон.Сар гаруй эмнэлэгт хэвтээд, алхаж явтлаа дөрвөн сар гаруй нөхөн сэргээх эмчилгээнд явсан. Бараг жил гаруй ямар ч сумогийн бэлтгэл хийгээгүй. Жингээ нэлээн хассан. Тэр үед өөртэйгөө нэлээн их ярьсан л даа. Хүнд чинь ганцаараа байх цаг их чухал юм билээ. Бүр нэг өдөр зориуд ганцаараа сууж байгаад л өнгөрсөн бүгдийг нэг бүрчлэн эргэцүүлж бодож байж билээ. Озеки байхад жолооч, менежер гээд олон туслахтай, тал талаас хүмүүс туслаад, хүрээлүүлээд байж байсан. За одоо бол ганц ч туслахгүй өөрөө бүх ачаа, юмсаа зөөнө. Бодит байдал ийм байна. Хүмүүс юу гэж бодох бол? Яаж харах бол гээд л элдвийн юм толгойд орж ирнэ. Би Озеки байсан хүн шүү дээ гэж бодохоор л жаахан ч юманд санаа зовоод л. Ганц түшиг тулгуур нь эхнэр минь л болсон доо.Үргэлж хамт байсан. Хамт спорт клуб явж, бэлтгэл хийнэ. Дагаад л явна. Гэрт дандаа монгол хоол хийж өгнө.

-Гэргийгээ танилцуулахгүй юу?

-Ханийг минь Ц.Доржханд гэдэг. Банк, санхүүгийн мэргэжилтэй. Японд сурч байхад нь танилцсан. Цэвэгням ахын хамаатан байсан юм билээ. Дараа нь л мэдсэн. /Инээв/ Бид хоёр одоо хамт зургаан жил болж байна. Хоёр жил гаруйн өмнө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулахдаа Элчин сайдын яамандаа очиж гэрлэлтээ батлуулсан. Ирэх жил хуримаа хийе гэж бодож байгаа.

-Тэр хүнд хэцүү үед аав ээж хоёр тань юу гэж хэлж байсан бэ?

-Тэр хоёр минь уян зөөлөн юм болохоор одоо хүү минь биеэ бод, наадахаа боль л гэдэг байсан. Сахарын хэмжээ их өндөр. Гурав дөрвөн эмчид үзүүлэхэд насаараа инсулин тарихаас өөр аргагүй дээ гэсэн. Тэгээд нэг сайн эмчтэй таарч, өдөр бүр хөлсөө гаргаж, гүйж, алхаж, ямар хоол идсэн тэмдэглэл хөтөлж, бүх юмаа хянуулсаар найман сарын дотор гэхэд сахарын хэмжээ хэвийн хэмжээнд хүрсэн.

-Ер нь сумо бөх хүн чихрийн шижинтэй болох магадлал өндөр гэж сонсож байсан.

-Ерөнхийдөө манай сумочдын 50-60 хувь нь сахартай. Би гүрийж явсаар байгаад хүндрүүлсэн тал бий. Замбараагүй хооллолт, энд тэнд их уригдана. Дайлсан хоолыг нь дутуу орхиж болохгүй гээд иднэ. Архи дарсыг нь ууна. Ёс алдахгүй гээд л идэж уусаар байгаад ийм байдалд хүрдэг.

-Дээд зиндаанаас доошоо уруудаж байхад хүмүүсийн харилцаа нүдэн дээр өөрчлөгдөхөд юу бодогдож байв, сэтгэлээр унаж байсан уу?

-Тухайн хүнтэй танилцаад эхлэхэд л анхнаасаа нэг баримжаа байсан гэх үү. Энэ хүн нэг иймэрхүү дээ гээд бодчихдог. Би хүнтэй мөнгө харж нөхөрлөдөггүй. Сумог хүрээлж байгаа урлагийн ч юмуу спортын хүмүүс ерөнхийдөө мөнгө харж нөхөрлөдөг. Зиндаа их харна. Сайн, амжилттай яваа хүмүүсийг дагуулж яваад ууна, дайлна. Хүмүүст би ийм л хүнийг дэмжиж явдаг гэж харуулна, гайхуулна. Өөрийнхөө брэнд нэрийн хуудас болгохыг хүсдэг. Тэгээд л тэр хүн нь доошоо буучихвал орхиод шууд дараагийн хүнээ дэмжээд эхэлдэг ч юмуу тийм хүмүүс байдаг. Миний хувьд тэгтлээ сэтгэлээр унаад байсан юм байхгүй. Сэтгэлээрээ дэмжээд, найзалж нөхөрлөж явсан дэмжигчид минь одоо ч гэсэн үлдсэн, харилцаа яг л хэвээрээ байдаг. Озеки байхад ямар байсан одоо ч ялгаагүй сайхан харилцдаг дэмжигчид их байдаг болохоор учиргүй орон зай үгүйлэгдээд байсан юм байхгүй. Харин буцаад яаж дэвжээн дээрээ гарна аа л гэж их санаа зовж байсан. Бараг хоёр жил сумогоос хөндийрчихсөн өөртөө итгэх итгэл минь байхгүй болчихсон байхдаа Озеки байсан гэсэн омогшлоо бүрмөсөн хаяад дөнгөж шинэ орсон бөх шиг тэр дунд явж чадах болов уу гэж санаа зовж байсан. Эхлээд л цагаанаас хар маваши луу, гар хөлийн боолтоо өөрөө бооно. Хэн ч туслахгүй. Бүх юмаа өөрөө хийгээд явна. Чадах болов уу гээд л элдвийн юм бодогдоно. Угаасаа тэгэхээс өөр замгүй. Сумогийн замналыг эхнээс нь хоёр удаа давтаж байгаа ч юм шиг энэ хувь заяандаа баяр бахдалтай өнгөрүүлье гэж шийдсэн.

-Энэхүү хандлага бас эргэн ирэхэд их нөлөөлж дээ.

-Тийм ээ. Бас ингэтлээ хамаг булчин шөрмөс уначихсан үед хүчний бэлтгэлээс эхэлсэн. Эхний ээлжинд тэрхүү уламжлалт сумогийн кэйко бэлтгэлүүдийг хийж чадахгүй учир биеийн дээд хэсгээ хөгжүүлээд авъя гэж бодсон. Хөлний дасгалаа хийж чадахгүй юм чинь гарын булчингаа хөгжүүлье гэсэн. Түрүү жилийн хоёр сараас эхлээд л спортын клубээс салаагүй л дээ. Хүмүүстэй уулзаад оройтсон ч арван нэг, хоёр цагаас шөнийн хоёр цаг хүртэл өдөр алгасалгүй бэлтгэлээ хийж байсан. Өдөрт зааланд 2-3 цаг хөлсөө гаргах ёстой гээд хатуу шийдсэн байсан.

-Өөртөө тууштай, хатуу дэглэм тогтоосон нь угийн төрөлхийн зан ааштай холбоотой байна уу. Монголчууд тийм хүнийг их шартай гээд л ярьдаг.

-Магадгүй ээ. Би ер нь бууж өгөх дургүй л дээ. Нэг л шийдвэл заавал ард нь гарахыг хүсдэг. Болих ч уг нь амархан л даа. Гэхдээ сэтгэлийн мухарт нэг харамсал үлдээвэл бас хэцүү юм. Ингэх, тэгэх байсан юм гээд хүнээс шалтгаг хайгаад байдаг хүн байдаг. Би тийм юманд маш дургүй. Ямарваа нэгэн буруу зүйлийг хийсэн бол түүнийг өөрөөсөө эхэлж хайх ёстой. Ихэнх нь өрөөл хүнээс хайгаад байдаг. Ганц сумо ч гэлтгүй тамирчин хүний сэтгэл зүй л амжилтын 70-80 хувийг авч явдаг гэж боддог. Спорт клубт ороод л энгийн үед бол 180 кг жинг өлхөн өргөж байхад сэтгэл санаа муу байвал 150 кг-ыг чүү чай өргөх жишээтэй. Сэтгэл зүй өндөр давхиад очиход 220 кг ч өргөж чадахаар болдог. Бэлтгэл дээр ч гэсэн уур хүрэхээр өмнө нь давж үзээгүй хүнээ давах ч юм уу.

-Сэтгэл зүйгээ яаж хаттай болгов оо?

-Өөрөө өөртэйгөө ярих юм уу даа. Хүнээс шалтаг хайхгүй. Өөрөөсөө эхэлж хайх. Бүр хэцүү болчихсон үедээ хэнд ч хэлэхгүй ганцаараа хэсэг сууж өөртөө цаг зориулж байж билээ. Таньдаг хүнийхээ нэг буудалд ойр зуурынхаа юмыг авч орж байгаад л ганцаараа суугаад бүх зүйлээ эргэцүүлэн бодож өөртэйгөө зөндөө ярьсан. Маргааш нь Монголоос хувийн дасгалжуулагч авчрахаар шийдсэн. Тэгээд л шууд бэлтгэлдээ орохоор сэтгэл шуударсан. Сэтгэлийн тэнхээтэй байж л амжилтад хүрнэ. Үеийн залуучууд болох Доржоо, Бямбаа, Од гурван багшийг сар сараар ээлжлэн авчирч, дасгалжуулагчаа болгосон. Саяхан байж байгаад буцлаа. Япон хүнээс огт өөр байдаг юм аа. Нэг л гоё. Япон багш бол нэг тийм ассан юм байхгүй. Ноомойдуу ч гэмээр. Би шатаж бэлтгэл хийхгүй л бол амжилтад хүрэхгүй. Бас анх жүдод хөтөлж оруулсан Ц.Шийрэв багштайгаа утсаар ярьж,байн байн зөвлөгөө авдаг байсан.

-Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард хамтын бэлтгэлд гарч байхдаа Макүштад өмсдөг хар мавашигаа дахиж хэзээ ч өмсөхгүй гээд тайлж хаяж байсан гэдэг. Их хатуу шийдвэр гаргаж байж дээ?

-Хар, цагаан маваши гэдэг цолгүй, цолтойг ялгаж өгч байгаа юм. Цолтой бөхчүүд цагаан, цолгүй бөхчүүд хар маваши зүүдэг. Ахиж унаад, цолгүй болтлоо барилдахдаа хүрвэл зодог тайлна гэж хатуу шийдсэн учраас тэгсэн л дээ. Одоо бодох нь ээ хамгийн залуу озеки болж байсан. Хичнээн доошоо унасан ч нас харьцангуй залуу байна. Саяхан Озеки болсон Асанояма бид хэд үе тэнгийн 28 настай. Одоо л миний үеийн бөхчүүд дээшээ гарч ирж байна. Тиймээс би өөрийгөө учиргүй больчихсон, хоцорчихлоо гэж харахгүй байна. Тэр хэдийнхээ өмнө гарна л гэж үзнэ дээ. Макүүчи гартлаа дусал архи амсахгүй гэж бас шийдсэн. Зорилго тавьсан л бол хэзээ ч няцахгүй гэж боддог. Анх намайг багш бэлтгэлээр шахаад байдаг байсан бол одоо тэгэхгүй. Хорин дөрвөн цагийн “Эни тайм” сүлжээ спорт клуб Японы өнцөг булан бүрт хаа сайгүй байдаг болохоор багш бид хоёр хаа явсан газраа үргэлж таарчихдаг. Би тэнд өдөржингөө бэлтгэл хийгээд байж байхад л багш харчихаад одоо бэлтгэл чинь хэтрээд байна. Бага хий гэдэг болсон. Түүний үр шимээ одоо хүртэж байгаа юмуу даа.

-Ялан дийлэхийн их үлгэр жишээг залуучууддаа харууллаа гэж бодож байна. Сэтгэлээр уначихсан, би өнгөрсөн гэж бодож байгаа хүмүүст юу гэж хэлмээр байна вэ?

-Өөртэйгөө тулж сайн ярь л гэж хэлнэ дээ. Өөртөө зорилго тавиад, төлөвлөгөөтэй урагшлах л их чухал. Би ирэх сард тэдэн даваа авна гэх мэтчилэн нарийн зорилго, төлөвлөгөө дотроо боловсруулсан байх ёстой. Би тавьсан зорилгынхоо дагуу энэ жилийн анхны башёод Жүрьёод дэвшсэн. Олимпийн өмнөх буюу Нагояа зуны башёо гэхэд дээд зиндаанд орно гэж зорилго тавиад нэг башёон өмнө буюу ирэх тавдугаар сард барилдах болчихлоо. Нэг үгээр хэлбэл, зорилгоо давуулж биелүүлсэн гэх үү дээ.Тэр үед өөртөө итгэхгүй байсан л даа. Дөнгөж түрүү жилийн хоёр сараас л ингэж эхлүүлсэн юм шүү дээ. Тэр үед шико буюу хөлөө өргөж буулгах кэйког хүртэл хийж чадахгүй байлаа. Заавал хийгээд үз гэж өөртөө хэлсэн. Хийж үзээгүй байж шантрах шиг онцгүй зүйл байхгүй. Одоо өвдөг бол 30-40 хувийн эдгэрэлттэй. Бэртлээ давж болсон юм чинь дахиад нэг давах байлгүй дээ л гэж бодож байна. Гол нь өөртөө л худлаа ярьж болохгүй.

-Цаашдаа яаж барилдах вэ?

-Хол ойрын гээд хоёр гол зорилго тавьчихсан байгаа. Түүндээ хүрэхийн төлөө үзнэ дээ. Биелүүлснийхээ дараа л хэлье дээ. /Инээв/

Япон дахь манай сонины тусгай сурвалжлагч Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ