Монголын парламентын түүхэнд анх удаагаа эцсийн хэлэлцүүлгээс хууль буцлаа. Энэ нь зүгээр ч нэг тогтоол шийдвэрхэн биш. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар суух асуудлыг нэг мөр шийдэн Монгол улсыг системийн гажуудлаас гаргах онцгой ач холбогдолтой байлаа.

Ц.Элбэгдорж хоёрдахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдмогцоо давхар дээлийг дан болгох буюу албан ёсны нэрээрээ Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бичсэнээрээ монголчуудын өмнө түүхэн гавъяаг байгуулах дөхөв. Гэвч харамсалтай нь урагшгүй ноёнд ухаангүй албатын үлгэрээр намынх нь эрх ямбанд дурлагдсад, “Шударга ёс” эвсэл болон бие даагчид гээд худалдагдсан долдойнуудын гайгаар Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлах хуулийн төсөл унаж, үүнийг дагаад Монгол улс дэлхийн түүхэнд АРДЧИЛСАН гэж тодоор бичигдэхээ больж байна.

Зүй нь Ерөнхийлөгч өөрийнхөө бичсэн хуулийг батлуулахын тулд олон нийтийн дунд болон парламентад илээр лообий ажиллагааг хуулийн дагуу явуулж онцгой анхаарал хандуулах ёстой байлаа. Гэвч тэр хуулиа батлуулж чадалгүй унагачихлаа. Гэхдээ Ерөнхийлөгчид хуулиа эргүүлэн оруулж ирэх хууль эрхзүйн үүд нь нээлттэй байгаа.

Энэ парламент бүрэлдэн бий болсноосоо хойш анх удаагаа шахуу 97,3 хувийн ирцтэй буюу 76 гишүүнээс 74 нь хуралд оролцож бялуутай холбоотой асуудалд хэрхэн өдөөгддөгөө тод харуулсан юм. Н.Алтанхуягийн Засгийн газрын 19 гишүүнээс 17 нь давхар дээлтэй. Хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Зоригт, Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан нар намынхаа эсрэг санал өгч, жагсаалтаар УИХ-д сонгогдсон Р.Бурмаа намаасаа хөөгдөхөд хүрээд байсан.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн чуулганы хуралдаанд оролцсон 74 гишүүний 39 нь давхар дээлийг тайлахыг дэмжихгүй гэж кноп дарсан. Энэ 39 дунд хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр давхар дээл тайлахыг дэмжиж байсан О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, бие даагч Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар тууж явсан нь хамгийн муухай харагдлаа. Намаасаа хөөгдөх дээрээ хүртэл тулаад байгаа Р.Бурмаа харин энэ дөрвийн хажууд эр хүн шиг эрвэлзэж эсрэг кнопоо дарсаар суулаа.

Хагас жилийн туршид итгэл үнэмшилтэйгээр давхар дээлийг тайлах асуудлыг дэмжиж байсан дөрөв юуны учир үзэл бодлоосоо ухран олон нийтийн өмнө нүүр хийх газаргүй болов оо. Мэдээж үүний цаана өнөөх л увайгүй эрх мэдлийн төлөөх, сандал суудлаас зууралдсан өчүүхэн сонголт байлаа.

Х.Болорчулууны тухайд төрсөн дүү нь Монголросцветмет нэгдлийн дарга, Ц.Даваасүрэнг ИНЕГ-т эргэн тойрныхноо байршуулсан гэсэн барьцаатай.

О.Баасанхүүг, Ц.Оюунбаатар хоёрыг Н.Энхбаяр дарга нь Солонгосоос дарамталсан гэх бор шувуу төрийн ордноор ниссээр байна.

Үүний цаана гол хөзөр болсон МАХН-ынхан ч хэдхэн хоногийн өмнө олонд ил болсон АН, МАХН-ын нууц гэрээгээр барьцаалагдан Н.Энхбаярыг цагаатгах, улмаар НҮБ-д суулгах гэсэн тохироондоо боогдсон гэдгийг олон нийт анзаарч байгаа байх. МҮАН-ын Г.Уянгын тухайд нөхөр нь МОНЦАМЭ агентлагын даргаар сууж Н.Алтанхуягт өртэй болчихоод байгаа юм. Ийнхүү барьцаалагдсан улстөрчдөөр амиа авруулсан Н.Алтанхуягийн Засгийн газар хэр удаан тэсч чадахыг харах л үлдлээ. Мөн аалзны тор мэт хэлхэлдсэн увайгүй улстөрчдийн балгаар Монгол улс ардчиллаас алхам ухарлаа.

М.Нандин