АН намынхаа даргыг ёсчлон батлах их хурлыг  өнгөрсөн 3-р сарын 11-ний өдөр болсон АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурлаар 4-р сарын 3 гэж товлон зарласан юм.

Тиймээс өнөөдөр "Дүнжингарав" захын гадаах талбайд болсон АН-ын ээлжит бус их хуралд 21 аймаг, 9 дүүрэг, 330 суман дахь Ардчилсан намын гишүүдийн төлөөлөл ирж оролцлоо. Хурлын төлөөлөгчид Ардчилсан Намын 8 дахь даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэлийг ёсчлон баталлаа.

Хачирхалтай энэ хуралд "С.Эрдэнийн АН"-д орж, "Эрдэнийн АН"-ын Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдоод буй Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл оролцсон юм. Тэрээр: "Би Нийслэлийн АН-ын даргын хувьд үгээ хэлмээр байна" хэмээн зүтгэсээр АН-ын их хурлын индэр гарсан боловч дөнгөж ярьж эхэлмэгц нь АН-ын ээлжит бус их хурлын үйл ажиллагаа өндөрлөв.