УИХ-ын гишүүн асан, АН-ын Нарийн Бичгийн Дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.

Тус тусынх нь удирдлага "Нэг л АН байгаа" гэж мэдэгдэж байгаа боловч бодит байдал дээр хоёр өөр даргатай, хоёр өөр байранд байдаг, хоёр өөр хэрэг эрхлэх газартай хоёр өөр Ардчилсан нам бий болоод байгааг хүн бүхэн л харж байна. 

Та жишээ нь нэг АН-ынх нь нарийн бичгийн даргаар ажиллаж байна шүү дээ.  Яг юу болоод байна вэ?

Хоёр Ардчилсан Нам гэж яриад байгааг би  ойлгохгүй байгаа юм. Хэрэв хоёр АН байна гэж үзвэл хоёр гэрчилгээ, хоёр тамга, хоёр дүрэм байх ёстой. 

Гэтэл нэг л гэрчилгээ, албан ёсны хүчинтэй нэг л тамга байгаа.

Маш энгийнээр хэлвэл  2020 оны 7 сарын 1-ний өдөр Ардчилсан Намын Дарга байсан С.Эрдэнийн зүгээс ажлаа хүлээлгэн өгөөд улмаар 8 сарын 27-нд АН-ын шинэ дарга сонгогдсон байх ёстой байсан. Гэтэл энэ ажлыг зохион байгуулах үүрэгтэй нөхдүүд ажлаа хийгээгүй.

Харин намын дүрэмд өөрчлөлт оруулаад, одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг өрсөлдөгчгүйгээр Ардчилсан Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ёстой гэсэн заалт нэмэх гэх мэт зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан. Энэ нь Улсын Дээд Шүүхэд хоёр удаа очиж хянагдаад, боломжгүй байна гээд зогссон. Тиймээс Ардчилсан Намын гэрчилгээнд өөрчлөлт оруулах, С.Эрдэнийг солих ажиллагаа явагдсан. Тэгэхдээ өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар, цар тахлын  тэр дундаа улбар шар түвшинд  5-аас дээш хүн цуглуулах боломжгүй  ийм нөхцөл байдал үүссэн байгаа тул манай нам бүхий л үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулж байна. Өчигдөр АН-ын цахим их хурлаар Майнбаярын Тулгатыг АН-ын даргаар албан ёсоор баталгаажууллаа. Үүний өмнө ямар асуудал болсон  бэ гэвэл нам дотор хагарал байх ёсгүй. Гэтэл хэсэг хүн Ц.Туваан гэдэг хүнийг солих хурал хийгээд байгаа юм. Энэ бол буруу. Анхнаасаа улсын бүртгэлийн гэрчилгээн дээр С.Эрдэнэ гэж хүн байгаа учраас С.Эрдэнийг л солих хурал хийх ёстой. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт Ц.Туваан гэдэг хүнийг солих хурал хийж болохгүй. Хоёрдугаарт, Улсын Дээд Шүүхэд зөвхөн хурал хийгээд гарсан шийдвэрээ хүргүүлэх ёстой. Гэтэл О.Цогтгэрэл гээд УИХ гишүүн хүн маань буруу ойлгодог юм уу? эсвэл хүмүүс буруу тайлбарлаад байгаа юм уу? Эсвэл зориуд Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг янаглан хорлоод байгаа юм уу? Би сайн ойлгохгүй байна.

 

Яагаад гэвэл бидний зүгээс АН-ын даргад нэр дэвшсэн гэх О.Амартүвшин, О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа нарт: “Та нар АН-аас зохион байгуулж буй цахим санал хураалтанд орчих. Тэндээс О.Цогтгэрэл, О.Амартүвшин, М.Тулгат нь аль нэг гарсныг нь  Ардчилсан Намын даргаар сонгогдсонд тооцьё” гэсэн. Өөрөөр хэлбэл манай зохион байгуулж байгаа сонгуульд хамт оролц гэхэд татгалзсан. “Тэгвэл та нарын сонгуульд оролцьё” гэхээр “Бүртгэл дууссан оролцуулахгүй” гэчихэж байгаа юм. Шуудхан хэлэхэд хэсэг бүлэг хүмүүс зориудаар намын үйл ажиллагаанд саад болох зүйл хийж байна. Би яагаад эдгээр хэсэг бүлэг нөхдийг одоогийн  Ерөнхийлөгчийг янаглан хорлоод байна гэсэн бэ? гэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээж нам дотроо сунгаанд орохоос айгаагүй байх.

АН дотор 50 нас хүрсэн олон улс төрч байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулгыг маш олон хүн намаасаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь зөв гэж боддог учраас тэрээр сунгаанд оролцох ёстой. Гэтэл тэдгээр нөхдүүд Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахин  нэр дэвшүүлэх гээд байгаа.

“Дахин” гэж үг хэрэглэж болохгүй шүү дээ.

“Ерөнхийлөгч нэр дэвшвэл өрсөлдөгчгүйгээр шууд нэр дэвшүүлэх дүрмийн өөрчлөлт хийнэ, намын хурал дуусаагүй” гэх мэт зүйл ярьж байна. Бидний зүгээс тэдгээр хүмүүстэй хэрэлдэж муудалцах боломж байхгүй. Яагаад гэвэл Улсын Дээд Шүүхэд гэрчилгээгээ аваачиж өгнө, хуучин намын дарга ажлаа хүлээлгэж өгсөн тухай баримтыг өгнө.Ямар нэгэн байдлаар хуучин дарга нь шинэ даргадаа тамгаа хүлээлгэж өгөөд Улсын Дээд Шүүх түүнийг нь бүртгэнэ шүү дээ.Түүнээс биш дунд нь ямар нэгэн дарга сольсон үйл ажиллагаа болоогүй байж, Ц.Туваан гэдэг хүн хэнээс ямар тамга аваад, хэнд шилжүүлээд байгаа нь ойлгомжгүй байна.Тэгэхээр хоёр Ардчилсан Нам гэж ярих ямар ч боломж байхгүй. Зүгээр энгийнээр тайлбарлахад 2021 оны 04 сарын 07-ы өдөр С.Эрдэнэ гэдэг хүн ажлаа өгч байна. Энэ ажлыг нь хүлээн авч, албан ёсоор Ардчилсан Намын Дарга болж байгаа хүн нь Майнбаярын Тулгат. 

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан тэргүүтэй хүмүүс “Дүнжингарав” захын өмнөх задгай талбай дээр АН-ын их хурал гэж хийсэн шүү дээ?

 

Тэр уулзалт нь дуусаагүй гэж өөрсдөө мэдээлсэн байна лээ. Одоо “Дүнжингарав” зах дээр нэг ч хүн байхгүй байгаа, тиймээ. Гэтэл тэр нөхдүүд бидний хурал дуусаагүй, үргэлжилж байгаа гэсэн юм ярьж байгаа. Оролцож буй хүмүүс нь бүгд байж байгаад нэгдсэн шийдвэр гаргаад тарахыг л хурал гэдэг шүү дээ. Тэгэхээр ингэж тоглоод байгаа нь шулуухан хэлэхэд Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь санаатайгаар хорлож байгаа явдал гэхээс өөр аргагүй.

Хоёр талд байгаа АН-ынхныг яг юу нэгтгэж, эвлэрүүлэх юм бол? Ер нь энэ бүхэн яаж шийдэгдэнэ гэж та улс төрчийнхөө хувьд харж байна?

 

 Маш энгийн.

2017 онд Улсын Дээд Шүүхээс Ардчилсан Намын даргаар С.Эрдэнэ гэж хүнийг бүртгэсэн. 2021 оны 04 сарын 07-ны өдөр С.Эрдэнэ гэдэг хүн тамгаа Намын Их Хурлын шийдвэрийг үндэслээд М.Тулгат гэж хүнд өгсөн. Улсын Дээд Шүүх энэ шийдвэр, холбогдох бичиг баримтуудыг үндэслээд С.Эрдэнэ гэдэг хүн ажлаа  М.Тулгатад өгснийг баталгаажуулсан байна гэж л шийднэ биз дээ. Харин нөгөө талынхны хувьд хэний ажлыг хүлээж аваад, хэн гэдэг даргыг сонгоод байгаа нь ойлгомжгүй байна шүү дээ. Тэгэхээр Улсын Дээд Шүүх яаж ч бодсон М.Тулгат гэдэг хүнийг нь АН-ын даргаар баталгаажуулаад цаашаа явна. 

Харин Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын хувьд “Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү өөрөө мэд” гэдэг шиг энэ хүмүүс юу хийх нь бидэнд, ялангуяа миний хувьд хамааралтай асуудал биш. Яагаад гэвэл хууль журам, дүрэм гэж бий. Түүнээс биш Ерөнхийлөгч Х.Баттулгад гоё харагдвал үнэн байна гэсэн ойлголт хуулинд байхгүй.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч бол Ардчилсан Намын гишүүн биш, нам бус хүн. Иймээс ч Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын хүмүүс ил цагаанаар Монгол  Улсын Ерөнхийлөгчийг барьж яваад байгаа нь хууль бус.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусч байна.Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжтой эсэх талаар хуульчид өөр өөр байр суурь илэрхийлж байна. Та хуульчийн хувьд юу гэж хэлэх вэ?

 

Би  Ардчилсан Намын Хууль Эрхзүй Хариуцсан Нарийн Бичгийн Дарга. Намын дүрмээр бол хуулийн шаардлага хангасан насанд хэн ч сунгаанд оролцож болно. Улмаар сунгаанд оролцож буй хүмүүсийг намын нийт гишүүдээсээ асуугаад хамгийн өндөр санал авсан хүнийг нь намын нэрээр  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн зарчимтай. Тэгэхээр намын сунгаанд Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч хэрвээ хүсэж байгаа бол оролцоод, ялах хэрэгтэй. Хувь хүн, жирийн хуульч хүнийхээ хувьд би өмнө нь байр сууриа илэрхийлж байсан. Одоо давтаад нэг зүйлийг онцолж хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь 4 жил байсан, шинэ Үндсэн хуулиар 6 жил болсон. Тэгэхдээ 4 жил гэдэг нь Үндсэн хууль гэхээс илүү бүрэн эрхийг нь баталгаажуулсан хууль байгаа юм. Хуулийн хугацаа дуусах гэж хувилбар байдаг. Энэ нь ямар тохиолдолд дуусдаг вэ гэхээр дараагийн Ерөнхийлөгч сонгогдсоноор өмнөх Ерөнхийлөгчийн хуулийн хугацаа дуусдаг. Тэр утгаар нь аваад үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд дэвших ямар нэгэн бололцоо харагдахгүй байгаа юм. Намын шийдвэр бол нэг хүний шийдвэр биш. Тиймээс ч хэрэв нам бололцоотой гэж үзвэл Ерөнхийлөгч материалуудаа өгөөд сунгаанд оролцох эрхтэй.

 

- Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвшвэл 4+6 жил гээд нийт 10 жил болчихно. Тэгэхээр энэ нь Үндсэн хууль зөрчсөн асуудал болчихно гэж яригдаад байгаа юм?

 

 4 дээр нэмэх нь 6 тэнцүү 10 жил гэж ярихгүй л дээ. Хугацааг нь Үндсэн Хуулианд заасан боловч бүрэн эрхийг нь хууль гарган баталгаажуулдаг. Тэгэхээр тус тусын л хууль гэж үзнэ. 6 гэвэл 6 жил дээр хууль, 4 гэвэл 4 жил дээр хууль. Хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулинд тангараг өргөсөн албан ёсоор бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хүн.

Тэгэхээр дахин тангараг өргөөд, Монгол Улсын Үндсэн Хуулиар хоёр дахь удаагаа тангараг өргөөд орох бололцоо байна уу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Яагаад гэвэл “Үндсэн хуулинд зөвхөн нэг удаа гар тавьж тангараг өргөнө” гэсэн байдаг. Үүнийг ойлгох хэрэгтэй. Хоёр дахь удаагаа гэдэг үг угаасаа боломж бололцоо муутай. Гэхдээ энэ бол бидний шийдэх асуудал биш. УИХ-ын шийдэх асуудал. Өнөөдөр хэн дуртай нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж болно. Нэгдүгээрт Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгээд, сонгуулиар хамгийн олон санал авч гарч ирсэн ч гэсэн хоёр дахь шат гэж байх ёстой. Энэ шатанд бүрэн эрхийг нь хуулиар баталгаажуулах ёстой.Хуучин бүрэн эрхийг нь баталгаажуулахдаа Монгол Улсын Үндсэн Хуулийн 31.7 заалтыг үндэслэж, хоёр дахь удаагаа тангараг өргөхийг нь зөвшөөрдөг. Тэр нь нэг удаа улирч байгаа гэдэг утгаар хууль гаргадаг байсан. Одоо бол УИХ хоёр дахь удаагаа ямар хуулийг үндэслэж, тангараг өргүүлэх нь ойлгомжгүй байгаа юм. Тиймээс энэ бол цэвэр УИХ-ын шийдэх асуудал. Нам бол 50 нас хүрсэн хүнээ нэр дэвшүүлээд л өгнө. Ард түмэн нэр дэвшсэн хүмүүсээс өөрийнхөө сонголтоор саналаа өгнө. Харин эцсийн шийдвэр буюу хоёр дахь шатны шийдвэрийг УИХ гаргана. Тэгэхээр УИХ хууль зөрчиж, бүрэн эрхийг нь баталгаажуулвал, ямар нэгэн хуулинд үндэслэж гаргана шүү дээ. Тэр нь Үндсэн хууль зөрчсөн байвал ялангуяа УИХ-ын дарга гарын үсэг зурдаг гэдэг утгаараа огцрох үндэслэл бий болно. 

 

Иргэн хүнийхээ хувьд  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрсөн 4 жилийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

 

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй би өмнөх 4 жил буюу 2016-2020 оны хооронд УИХ-д нэг баг гэж хэлж болохоор хамтран ажилладаг, тэр утгаараа зарим зүйл дээр би санал нийлдэг байсан. Тухайлбал, төмөр зам, Таван толгой, Аж үйлдвэрийг хөгжүүлэх гэх мэт асуудлаар санал нийлнэ ээ. Харин Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа “30 гэр бүл” гэдэг нэр томьёо гаргаж ирээд 30 хүнийг шоронд хийх тухай асуудал ярьсан. Тухайн гэр бүл нь ямар гэмт хэрэг хийсэн нь үл ойлгогдохоор. Учир нь хэн нэгнийг урьдчилж гэмт хэрэгтнээр зарлах боломжгүй шүү дээ. Улс төрийн зүгээс тэгш бус хувиарлалт, байгалийн баялгийг тэгш хуваарилах ёстой гэдэг өнцгөөр хартал харамсалтай нь Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг оруулж ирсэн. Энэ асуудал дээр УИХ гишүүн төдийгүй иргэн хүний хувьд миний дургүйцэл асар их төрсөн. 6.2 дахь заалтыг юу гэж ойлгох вэ гэхээр “Нийтийн” болгочихсон. Өөрөөр хэлбэл өнөөх байгалийн баялаг маань нийтийн болчихож байгаа юм. “Нийтийн” болохоор нэг аюул үүсдэг. Та өөрт оногдох өмч хөрөнгөөрөө өр төлбөрөө төлөх ёстой. Монголын төр ойролцоогоор  30 тэрбум долларын өртэй. Төрд  ногдох  хөрөнгө гэвэл магадгүй төрийн өмчийн ямар нэгэн хөрөнгө байдаг. Тэгвэл Парисын клубт хэрвээ бид өр төлөх хэрэг гарвал Монголын баялаг нийтийн өмч болчихсон тул ямар нэг орд, газрыг Хятад, Орос ч юмуу гадаадын улс авах боломж бүрдээд байгаа юм. Public гэж нэр томьёо ашиглаж байгаа. Нийтийн жорлон гэж байдаг биз дээ? Яг  л түүн шиг. Үүнд миний дургүй, эгдүүцэл хүрч байсан.

Мөн Х.Баттулга Ардчилсан Намыг УИХ-д бүлэггүй болгосон. Бүлэгт 3 төрлийн ач холбогдолтой хуулийн эрх байдаг.

 

Нэгдүгээрт дүгнэлт гаргах ёстой.Хоёрдугаарт нь завсарлага авах ёстой. Гуравдугаарт нь Ардчилсан намын бүлгийн шийдвэр гэж зүйл гардаг. Гэтэл бүлэг тарснаар УИХ дахь АН-ын гишүүдийг бүгдийг нь сул гишүүн болгосон гэсэн үг. Одоо хар, Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат хаана байна? Ерөнхийдөө МАН-д толгойгүй хүмүүс олон байсан. 49 хулгайч байсан.  ЖДҮ-гийн зээл авч байна гэдэг чинь гэмт хэрэг. 

Ер нь Х.Баттулгын үйл ажиллагаанаас хамгийн эмзэглэж байгаа зүйл бол тэр 6.2 буюу Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөөд дараа нь “Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэгч болсон явдал. Үндсэн Хууль өөрчилсний гайгаар өөрийнх нь асуудал ч гэсэн гацчихаад байна.

 

Уг нь  Х.Баттулга: “Монгол ялна” гэж ярьдаг. Би шууд Орос, Хятад, Америк гэж оролцсон гэж хэлж чадахгүй ч үндсэндээ бүх л томоохон орнууд ямар нэг улсын төрийн бодлого, төрийн тэргүүнүүдийнх нь бодлогод нөлөөлөх сонирхол өндөртэй байдаг. Гэтэл өнөөдөр бид  хамаг байгалийн баялгаа 99.9 хувь Хятад руу экспортолдог. Өөрөөр хэлбэл байгалийн баялгаа Хятад руу зөөж тэндээсээ бараа бүтээгдэхүүн авч байгаа.Тэгэхээр тэд нар Үндсэн хуулийн өөрчлөлтийн ард байсан гэхээр би эмзэглэдэг.Тэгэхээр Монгол ялсан уу? Монгол ялж байна уу? Үүнд л би их санаа зовдог. Мөн энэ бол үнэхээр уучилж болшгүй том асуудал. Шүүх нь шүүхээрээ, АТГ нь АТГ-аараа, тагнуул нь тагнуулаараа хэвийн үйл ажиллагаа явуулж байх л юм бол мэдээж тодорхой хэмжээний гэм буруутай, зарим хүмүүсийн хэлдэгээр буруу зөрүү зүйл хийсэн хүн ял зэмээ авч л таарна. Энэ бол цаг хугацааны асуудал. 

 Ер нь коммунистуудыг нэг арга байдаг юм. 1917  онд коммунизм ялахдаа Оросын ядуучуудын өлсгөлөн ходоодон дээр нь тоглолт хийгээд тариачин бүхэн газраа ав, ажилчин болгон үйлдвэрээ ав гэдэг уриа гаргаад л хувьсгал. Яг түүн шиг байгалийн баялгийг ард түмэнд өгье гэхэд газар доор байгаа алтыг хэн ухаад гаргаж ирээд яаж өгөх нь ойлгомжгүй шүү дээ. Мөн “Манай хажуу талын хашааны нөхөр нэг цаас буюу лиценз авчихаад хаалтгай ухаад, арав хорин залуу охидуудыг авгай болгож аваад явж байна, ямар муухай юм бэ?” гээд үзэн ядсан хэсэг хүмүүс байна шүү дээ. Тэр хүмүүсийн тэр үзэн ядалт дээр тоглолт хийгээд, “Би ч гэсэн байгалийн баялаг авах юм байна” гэсэн массын дэмжлэг дээр суурилаад Үндсэн Хуулийг өөрчлөхдөө 6.2 гэдэг тэр аймшигтай заалтыг оруулж ирсэн. Үүнийг би маш олон удаа хэлсэн. Харамсалтай нь бүгдийг нь бүдүүлгээр хэлэхэд “төмсөгдсөн” буюу нэр хүндгүй болгосон юм. Дуугарах л юм бол нөгөө хүн нь өөрөө МАНАН мафийн төлөөлөл болчихдог байсан. Хэрвээ санаж байгаа бол миний гишүүн нь байсан намыг бас ойлгомжгүй, нэг хүний компани шахуу болгочихсон байсан. Тийм ч учраас би ч бас МАХН-ыг шинэчлэх гэж яваад, зарим нэг хүмүүсээс мөнгө гуйж яваад “бичлэгдүүлсэн”. Мөн эд нар чинь бүр хүний өмнөөс кноп дардаг байсан шүү дээ. Тэгэхээр нь би утсаараа лайв хийн, баахан хүмүүсийг ичээж зовоож байгаад, нөгөөдүүл чинь аргагүйн эрхэнд зургаан зуун сая төгрөгөөр цахим кноп оруулж ирсэн. Эцэст нь дахин хэлэхэд Үндсэн Хуулийн нэмэлт,  өөрчлөлтийг, ялангуяа 6.2-ыг засах хэрэгтэй. 

 

Баярлалаа.

 

Ярилцсан Н.Энхдэлгэр