Монгол Улсын Их Хурлын чуулганы  2021 оны гуравдугаар сарын 25, 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж, оронд нь Улсын дээд шүүхээс санал болгосон Ж.Эрдэнэбулганыг томилсон байдаг.

Гэвч Ж.Эрдэнэбулган нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон даруйдаа /2021.04.08/ 43 дугаартай “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналын тухай” гэх тогтоолыг гаргажээ.

Уг тогтоол нь бүхэлдээ илэрхий ХУУЛЬ БУС байсныг дараах үндэслэлээр нотолсныг тоймлон хүргэе. 

 

НЭГ: Б.Буяндэлгэрийн санал хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гарсан

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын гаргасан /“Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай”, “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг нэгтгэн шалгах тухай”/ тогтоолуудыг эс зөвшөөрч өөрийн саналаа гаргажээ. Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн энэхүү санал, үйл ажиллагаа нь тус хуульд бүрнээ нийцсэн буюу хуулиар өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд гарсан санал байв. 

 

ХОЁР: Б.Буяндэлгэрийн саналыг гурван гишүүн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэх ёстой БАЙСАН

Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Цэцийн гишүүн дангаараа бус, харин Цэцийн даргын тогтоолоор томилсон гурван гишүүн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэх ёстой байжээ. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган нь Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналыг дангаараа шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна.

 

ГУРАВ:  Цэцийн нэг гишүүний тогтоол гаргасан

 

Дээр дурдсанчлан Цэцийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэж, магадлал гаргах ёстой байтал Цэцийн нэг гишүүний тогтоол гаргасан нь илэрхий хууль бус болсон. 

 

ДӨРӨВ: Ж.Эрдэнэбулган ХУДАЛ ДҮГНЭЛТ хийсэн үү?

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Цэцэд ирсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг үндэслэн маргаан үүсгэх эсэх талаар Цэцийн гишүүний шийдвэрийн талаар гарсан гомдлыг гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хийнэ” гэсэн хуулийн тодорхой заалтууд байсаар байтал Цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган “эрх зүйн зохицуулалтгүй байна” гэж илт ХУДАЛ ДҮГНЭЛТ хийж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн процессын эрх зүйн наад захын мэдлэггүй хүн болохыг, эсхүл хараат бус байдлаа алдаж хэн нэгний нөлөөнд автсан болохыг нь эргэлзээгүй нотолж байна.

 

ТАВ: ҮХЦ өмнө гаргасан дүгнэлт, тогтоолоо эш татан шийдвэр гаргадаг

Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр өөрийн гаргасан саналдаа нэгэнт хүчин төгөлдөр болсон эрх зүйн дүгнэлтийг эш татсаныг илт гуйвуулан “Цэцийн гишүүн өөрийн санал дүгнэлтийг урьдчилан илэрхийлсэн байна” гэх зэргээр бодитой бус, тун хариуцлагагүй, төвийг сахих зарчмаа ноцтой зөрчсөн дүгнэлтийг хийжээ.

Үндсэн хуулийн цэц өөрөө өмнө гаргасан хүчин төгөлдөр дүгнэлт, тогтоолоо эш татан шийдвэр гаргадаг гэдгийг мартаж болохгүй бөгөөд тэр бүх тохиолдлыг Цэц маргааны талаарх саналаа урьдчилан хэлсэн гэж буруутгах нь аль ч утгаараа боломжгүй бөгөөд учир утгагүй гэдгийг хуулийн ангийн оюутан ч мэднэ.

 

ДҮГНЭЛТ: Цэцийн гишүүн дангаараа тогтоол гаргах эрх хэмжээгүй

 

“Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль”-д Цэцийн гишүүнээс гаргах эрхийн актын хэлбэрийг хуульчлан тогтоосон байдаг.

Цэцийн гишүүн нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэхээс татгалзсан тохиолдолд тогтоол гаргах, хэргийг нэгтгэх, тусгаарлах тохиолдолд тогтоол гаргах, Цэцийн хуралдаанд маргааныг оруулах тохиолдолд Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх тогтоол гаргахаар зохицуулсан байх бөгөөд үүнээс бусад асуудлаар ЦЭЦИЙН ГИШҮҮН ДАНГААРАА ТОГТООЛ ГАРГАХ ЭРХ ХЭМЖЭЭГҮЙ ЮМ.

Гэтэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчин тогтоол гэх зүйлийг гаргаж, хуулийг илт зөрчжээ. Ийнхүү хуулийн тодорхой заалтыг илтэд гуйвуулан тайлбарлаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэрээс хуулийн хүрээнд гаргасан саналд бүдүүлгээр халдсан явдал нь Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох хараат бус байх, төвийг сахих, бодитой байх, асуудлыг бүрэн дүүрэн магадлах зарчмуудыг ноцтой зөрчсөнийг илтгэж байгаа юм. 

 

С.Сарнай

sonin.mn