Эмэгтэйчүүдэд ирдэг бэлгийн дарамтыг эсэргүүцсэн “me too” давалгаа цахим орчинд өрнөж байна. Судалгаагаар 5 монгол эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг бөгөөд 62.4 хувь нь сэтгэл санааны дарамтад орж, 45 хувь нь шийдвэртэй алхам хийхээс айж, нуудаг гэжээ.

Түүнчлэн тэдний 10 хүртэлх хувь нь л гомдол гаргадаг бөгөөд дийлэнх хувь нь гомдол гаргалгүй, чимээгүй өнгөрүүлдэг нь хохирогчийг буруутгаж, чичилдэг нийгмийн буруу хандлага хийгээд эрх зүйн орчин хохирогчид ээлгүй байдагтай холбоотой. “DNN-Тодруулга” буланд ажлын байран дээрх бэлгийн дарамт сэдвийг хөндөж, эмэгтэйчүүдээс дараах тодруулгыг авсан юм.


Иргэн А:

 

-Олон жилийн өмнө ажлын нэг дарга өрөөндөө оруулаад хүчирхийлэхийг завдсан. Намайг дараад хувцсыг минь урж, цамцны товч тасалсан. Би чанга хашгирч, орилсоор гараас нь мултраад өрөөнөөс нь мэнд гарч ирсэн. Тэрнээс хойш тэр дарга намайг олон жил хэл амаар дайрч, өглөөний хурал дээр дандаа шүүмжилж, намайг ажлаас гар гэж дарамталдаг болсон. Үүнээс болж би ажил дээрээ удаан байх дургүй болж, ажлын идэвхи буурсан. Сүүлдээ тэр дарга намайг ажлаа хийх боломжгүй болтол дарамталж, арга буюу ажлаасаа гарч гадагшаа гарсан. Энд хүний эрхийг дээд зэргээр дэмждэг, ажлын байрны хүчирхийллийн өчүүхэн төдий ч сүүдэр байдаггүй. Эмэгтэйчүүдийг их дээдэлдэг. Эргээд бодохоор тэр хүнд дарамтлуулсан он жилүүд миний амьдралын хамгийн хар бараан үе байжээ. Монгол бүсгүйчүүд минь нэгдэж, ажлын байрны дарамттай тэмцэж байгаа нь зөв. Ингэж тэмцэх цаг нь болчихсон.

No description available.

Иргэн Ж:

-Би үйлчилгээний байгууллагад зохион байгуулагчаар ажилладаг байсан. Ялангуяа энэ салбарын ажлын байран дээр бэлгийн дарамттай өдөр бүр нүүр тулдаг. Бараг л ажил дээр байх ёстой зүйл мэт хүлээн зөвшөөрдөг болсон нь харамсалтай. Хамт ажилладаг шууд удирдлага маань гэр бүлтэй, харахад хэн ч тийм юм хийхээр хүн гэж хэлэхээргүй төлөв, түвшин царайтай хүн боловч ажилд орсон цагаас намайг гүйлгэж хараад л, хоёулхнаа үлдэх шалтаг яаж ийгээд гаргаад байгааг би анзаарч эхэлсэн.

Тэгээд удалгүй над руу дугаараа нууцалж, орой болгон 23 цагийн үед залгана. Залгаад, заваан муухайгаар дуугараад байдаг байсныг манай нөхөр ч мэднэ. Ил далд ийм байдлаар жил гаруй намайг зовоосон. Үйлчлүүлж буй залуус ч гэсэн ялгаагүй халамцаад бөгс рүү алгадана, биенд хүрнэ. Манай дүүг караокед ажилладаг байхад бүр “өмдөө шувтал” гэж дарамталж хүчирхийлсэн байсан.

Иргэн Ө:

-Би их сургуулийн нэгдүгээр курст байхдаа санаандгүй явж байгаад нэг газар мэдэхгүй ажилд орчихсон юм. Тэгтэл нэр хүндтэй томоохон газар боловч задгай энгэртэй ажлын дүрэмт хувцас өмсөхийг шаардаж, түүгээрээ үйлчлүүлэгчдийг татах маркетингтай байсан юм билээ. Том хөхтэй бол сайн гэж охидыг шилж, ажилд авна. Эмэгтэйчүүдийг том, жижиг хөхтэй гэж ялгаварлана. Эмэгтэй хүнийг бие эрхтнээр нь ялгах бол ажлын байранд байж болшгүй бэлгийн дарамт шүү дээ. Нүүрээ тод будаж, хөхөө ил гаргахыг угаасаа шаарддаг.

Эрэгтэй удирдлагууд нь жагсааж зогсоогоод, хувцас янзлах нэрээр хөхөнд хүрэх, базах бол хэвийн үзэгдэл. Зүгээр зогсож байхад л араас ирээд тэврээд авдаг. Би дөнгөж 18 настай охин байхад гэр бүлтэй хүмүүс байж, шөнө залгах, чатаар ёс бус санал тавих, амралтад цуг явъя зэргээр бэлгийн дарамт үзүүлдэг байсан. Орж ирсэн хүмүүс ч тэр зөөгч охидыг харах гэж үйлчлүүлдэг, юмаа албаар унагах, татаж чангаах асуудлууд өдөр болгон гардаг байлаа. Тийм ажил хийлээ гээд биеэ үнэлж байна гэсэн үг биш биз дээ?

Одоо тэр ажлаасаа гараад удаж байгаа ч одоо ч тэр байдал нь хэвээрээ байгаа гэж бодохоор хэцүү санагдаж байна. Монголд энэ асуудал үнэхээр чимээгүй охид, эмэгтэйчүүдийг зовоож байгаа. Залуусын ухамсаргүй, эмэгтэй хүнийг хүндэлдэггүй хандлага нь суурь шалтгаан болдог.

 

Exposure To Workplace Sexual Harassment Linked To Suicidal Behavior

-Иргэн С:

Ажилд орсон өдөр тэр дарга намайг өрөөндөө дуудсан. Ганц бие, найзтайгаа түрээсийн байранд амьдардгийг надаас асууж шалгааж, мэдэж авсан. Намайг өрөөндөө дуудах бүрдээ санал тавина. "Надтай ойр байвал би чамайг дэмжинэ, гадагшаа томилолтоор явуулна, өглөөний хурал дээр загнахгүй" гэнэ. Тэр болгонд нь нүүр өгдөггүй байлаа. Сүүлдээ тэр дарга "Надад нарийн бичиг, туслах хэрэгтэй байна. Тэгвэл би санхүүгийн тал дээр маш том дэмжлэг үзүүлнэ. Их ажил хийхгүй. Үүдэнд сууж, миний утасны дуудлага бүрд хариулт өгөх төдий л амархан ажил" гэж ятгах, гуйх завсар шаардаж эхэлсэн. Би тэр хүнийг саналыг огт хүлээж аваагүй. Маргаашнаас нь намайг өглөөний хурал дээр үндэслэлгүйгээр шүүмжилж, загнаж, ажлаас хөөх болсон. Гэсэн ч би бууж өгөөгүй.

Удаа ч үгүй тэр намайг өрөөндөө дуудсанаа хаалгаа дотроос нь түгжингүүтээ хүлээлгийн буйдан дээрээ түлхээд шууд дээрээс дарсан. Би тэр үед маш их уур хүрч дөрвөн мөчөө ажиллуулж, хөлөөрөө тийрээд унагачихаад өрөөнөөс нь гүйж гарсан даа. Тэрнээс хойш тэр хүнд намайг оролдоогүй ч тааралдах бүрдээ шилэн хүзүүнээс чанга базаж, муухай үгээр доромжилж дарамтлах болсон. 

Аз болж тэр хүн өөр компани руу шилжсэнээр миний зовлон дууссан даа. Гэтэл тэр хүчирхийлэгч надаас ч өмнө ажилд шинээр орсон охидыг яг тийм байдлаар эрхэндээ оруулж, унтаж хэвтдэг, амьдралаар нь тоглож, бэлгийн замын өвчин өгч байсныг нь сонсоод ямар азаар тэр муухай юманд нь өртчихөөгүй юм бэ гэж баярласан шүү.

No description available.

Иргэн Л:

-Гайгүй хүн гэж харж байсан ах нар, бүр аавын маань үеийн хүмүүсээс залуу охид бид нарт дарамт ирдэг. Миний хэрэг байхгүй зүйл рүү дагуулж явснаа “Самар цөмөх үү?” гэхээр нь “Чанга хазаад хуваачихаад цөмж чаддаггүй юм аа” гэсэн чинь “Тэгвэл ам руу чинь орсон юм болгоныг чанга хазах нь ээ” гэснээ жолоочтойгоо инээлдээд их муухай мэдрэмж төрсөн. Зүгээр ажил хөөцөлдөөд явж байж “Ард нэг пиво байгаа шүү, архи ч байгаа, уух уу?” гэсэн. Найз залуу, хувийн амьдралын талаар байнга асууж шалгаана. Миний дугаарыг олох гэж надтай нэг өрөөнд суудаг бүх хүмүүс рүү залгаж асуусан байсан. Цуг явчихаад ороод ирэхэд “Захирал чамайг асууж байна лээ” гээд л хамт олны дунд буруу ойлголт төрүүлчихэж байгаа юм. Ер нь тэгээд өөр ажлууд хийсэн ч тэр удахгүй төрөх дөхсөн жирэмсэн эхнэртэй байж л улаан цайм хандраад, бүр бөгс рүү цохих гэж үзэхэд азаар гараараа хамгаалж амжсан. Ийм муухай зүйлсийг байх ёстой зүйл мэтээр чимээгүй хүлээн зөвшөөрч чадахгүй.

Иргэн О:

-Ажлын ах нар анх ажилд ороход хоолонд урих, караокед дуулах зэргээр санал тавьж, согтуу үедээ шөнө залгах юм уу, мессэж бичиж дууддаг байсан. Ганц бие гэдгийг минь дуулаад намайг өөрт нь талтай хандана гэж ойлгодог байсан юм шиг санагдсан.

Ажлын нэг дарга ах шөнө 23, 00.00 цагт залгаад салахгүй "Ирж ав, хамт буудалд оръё, би гэртээ очихгүй, намайг буудал оруулаад өг" гэж залгана. Хэрвээ дуудлагыг нь авахгүй, ямар нэг хариу өгөхгүй бол албан тушаалаараа далайлгаж дарамтлах байх гэж их айдаг байсан. Тэр даргыг гаднаас нь харахад маш төлөв түвшин, хэн ч тийм хүүхэмсэг гэж харахгүй. Хэрвээ би тэр хүнийг илчилбэл ажлынхан "Худлаа яриад бай" л гэх байсан байх.

Нүүр өгөөгүй болохоор намайг ажлынханд муулж ярьсныг мэдсэн. Одоо би гэртээ хүүхдээ хараад сууж байгаа. Ажлын тийм дарамтнаас хол байгаа нь сайхан байна. Одоо би гэр бүлтэй болсон учраас ажилдаа буцаад орвол намайг оролдохгүй байх гэж найдаж байна. Би энэ #METOO хөдөлгөөнийг маш их дэмжиж байгаа.

Иргэн Б

-Одоогоос 2 жилийн өмнө би ээж аавдаа тус болох зөөгч хийдэг байсан. Тэр үед ер нь монгол эрэгтэй хүн ямар аймар байдаг юм бэ? гэж бодож байсан. Ажлаа хийгээд хүн ихтэй байхад хэдэн хөгшин ах нар орж ирсэн юм. Нэг шил виски аваад, би захиалсан зүйлийг нь аваачиж өгчихөөд эргэж хараад алхах гэсэн шууд л бөгснөөс базаад авсан. Би гайхаад та яаж байна аа? гэсэн чинь ”Үнэ чинь хэд юм, хамт явах уу?” гээд байхаар нь би гайхаад, айгаад менежер ахдаа хэлсэн чинь “Энэ байтугай л юм болдог уурлаад гарвал ширээний тооцоог нь чамаас авна” гэж байсан. Тэгээд ганцхан өдөр ганцхан надаа ийм юм тохиолдоогүй. Ер нь зарим ахимаг насны ах нар ингээд байдаг. Тэгээд тэр болгон дээр нь тэвчсээр байгаад ажлаасаа гарсандаа. Өөр ч бас зөндөө тохиолдлууд бий. Ажлын залуус +18 онигоо, элдэв ярианууд хажууд ярьж хошгинох, дотуур хувцасны өнгө тааж хоорондоо мөрийцөөд, таасан уу гэдгээ үзэх гэж энгэр, хормой сөхөж, биед халддаг байсан. Ажлын байран дээрээ, гудамжинд хаа яваа газраа бэлгийн дарамтад өртсөн жишээг дурьдаад байвал дуусашгүй их муу, муухай зүйлс эмэгтэйчүүд бидэнд тохиолдох юм даа.

Employee Sexual Harassment Procedures | BrightHR | BrightHR

Иргэн Б:

-Би одоо тэр ажлаас гараад удаж байна. Олон даргатай байгууллага байсан юм. Эрэмбээрээ дээрээсээ гуравт ордог дарга нь намайг өрөөндөө дуудна. Үйл ажиллагааны хувьд би хоёрын ажлын чиглэл нэг байсан болохоор өрөөнд нь орж ажил ярихаас өөр сонголт байгаагүй. Өрөөнд нь оронгуут шууд тэвэрч аваад хүчирхийлэхийг оролдсон. Би ноцолдож, уйлж гуйсаар байгаад гараас нь арай гэж мултраад өрөөнөөс нь гүйгээд гарсан чинь үүдэнд нь манай ажлынхан байсан. Би маш их ичиж, хэд хоног ажилдаа явж чадаагүй. Ажилтай байх, мэргэжлээрээ ажиллахын тулд тэр даргын эрхшээлд орохгүй ч эвийг нь олоод аргалаад, энд тэнд уулзъя, архидъя гэхэд нь очиж, архийг хундагалж өгч, согтоогоод өөрөө эвтэйхэн бултчихдаг болсон. Гэсэн ч надад санал тавьж "Тушаал дэвшүүлье, дарга болгоё" гэж ятгадаг болсон. Би байдлыг даамжруулахгүйн тулд тэр ажлаас гарч бүтэн жил гэртээ ажилгүй суугаад өөр газарт ажилд орсоон.

Ажлын байрны бэлгийн дарамт байсаар ирсэн, байсаар ч байна. Эмэгтэйчүүд бид #metoo хөдөлгөөнийг дэмжих ёстой. Ажилд шинээр орсныхоо төлөө, залуу байсныхаа төлөө, эмэгтэй болж төрснийхөө төлөө хэн нэг даргын дарамтанд орох ёсгүй.