П.ДАВААЖАРГАЛ

Монгол хүний хөлс хүчээ урсгаж олсон мөнгөний ихэнх цагийн цагт Эрээний эрээвэр, хураавар бараагаар дамжин БНХАУруу урсаж байдаг нь нууц биш. Хоёр он дамнан цар тахлын тархалттай тэмцэж, улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ үед асуудал улам хүндэрч байна. Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлчээр Замын-Үүдэд коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотой БНХАУ-ын талаас Эрээн хотын хилийн боомтоор Монгол руу ачаа тээвэр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Улмаар том оврын ачааны машины урт дараалал үүсэж, хилийн цаана бараа таваар овоорсон. Тус боомтоор дөрөвдүгээр сарын 7-ноос ачаа, тээврийн машинуудыг нэвтрүүлж эхлээд буй. Энэ талаар БНХАУ-ын Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэл “Эрээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн. Гаалийн хашаанд ажилладаг 8000 орчим хятад ажилтныг дархлаажуулсан. Ариутгал, халдваргүйтлийг хийж, өдөрт манай талын 20-30 тээврийн хэрэгслийг туршилтын журмаар оруулахаар ярилцаж байна. Амжилттай болбол тээврийн хэрэгслийн тоог бага багаар нэмнэ. 

Хамгийн гол нь Замын-Үүдэд халдвар гарахгүй байх ёстой. Одоогийн байдлаар Замын-Үүдэд 700-гаад машиныг дараалалд оруулсан” гэж мэдээлж байсан. Гэвч нэвтрэх машины тоо хязгаартай, ачааны үнэ огцом нэмэгдсэн нь иргэд, аж ахуйн нэгжийнхнийг ихээхэн бухимдуулж байна.“Барааны үнэ тэнгэрт тулсан хэвээрээ байна уу. Газарт буух сураг алга уу”, “Хил гааль юу болж байна. Ачаа бараагаа авах юм сан”, “Энэ хэцүү цагт нэгнээ ингэж мөлжих ч гэж”, “Бүгдээрээ бараагаа авахгүй хүлээж байя. Ачаагүй болоод ирэхээр үнээ буулгаж л таараа” гэх мэт санал, сэтгэгдэл минут тутам нийтлэгдэж, дор нь жолооч, захиалагч нарын дунд уртаас урт маргаан хөвөрнө. Энэ бол “Эрээн хот дахь монголчууд”, “Замын-Үүд – Эрээн – Улаанбаатар тээврийн товчоо” зэрэг фэйсбүүк бүлгэмийн дүр зураг. Учир нь, ачаа тээврийн зардал гурав дахин өсөж, бараагаа авах ч хэцүү, буцаах ч боломжгүй ацан шалаанд ороод байгаа юм. Уг явдлын учгийг тодруулахаар ачаа тээвэртэй холбоотой хэд хэдэн wechat группээр орвол “ЗамынҮүд дотроо 10 саяар ачиж байгаа юм байна. Хот дотор хэдээр ачиж байгаа юм бол мэдэж байгаа хүн байна уу. Замын-Үүдийн ханшаа 10 саяас битгий буулгаарай” гэх монгол жолоочийн үг, “80 мянган юаниар авч байна” гэх өвөрлөгч эрийн үнийн санал, 40, 50 юаниар авдаг байсан бараагаа 180-аар авах болсон тухай захиалагчийн гомдол байх аж.

Ерөнхийдөө хэрэглэгч, захиалагчид жолооч нарыг нөхцөл байдлыг далимдуулан тээвэрлэлтийн үнээ өсгөлөө гэж үзэж буй. Харин жолооч, тээвэрлэгчид БНХАУ-ын талаас ихээхэн асуудал шалтгаалж байна гэж тайлбарласан юм. Гэвч энэ бол ганц удаагийн өгөө аваа, төлбөр тооцооны асуудал бус. Өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл үүсгэж, иргэдийн амьдрал, эдийн засгийн нөхцөл байдлыг улам дордуулах уршигтай. Үүний цаана гаалийн татвар, аймаг орон нутаг руу ачуулах нэмүү өртөг өчнөөн бий. Тэгэхээр хилийн боомт дээр өрнөж буй хяналтгүй, зах замбараагүй үнийн өсөлт, сумын лангуун дээрх бараанд шуурга шиг нөлөөлж, малчин Доржийн ноолуурын мөнгийг өлхөн “сэгсэрч” дөнгөнө. Нийслэлд түүнээс дор нөхцөл байдал үүсэж мэдэх юм. Хэд хоногийн өмнө Барс худалдааны төвөөр ороход “Бүх нарийн ногоо Хятадаас ирж байгаа шүү дээ. 

Удахгүй Хятад ч үгүй болоход ойрхон байна. Хил гаалийн асуудалтай, нийлүүлэлт муудаж байна. Орлого муутай, түрээсээ яая гэж байхад ачаа тээврийн зардал дийлдэхээ болилоо” хэмээн худалдагч эмэгтэй учирлаж байсан юм. Үнэхээр ч хил хааж, хөл хорио тавьснаас хойш нарийн ногоо ховордож, өргөн хэрэглээний барааны үнэ мэдэгдэм өссөн.Ерөөс энэ бүхэн ХЭРЭГЛЭГЧ ОРНЫ ЗОВЛОН БУЮУ ЭРЭЭНЭЭС ЭХТЭЙ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ Замын-Үүд Эрээн чиглэлийн ачаа тээврийн ханш гурав дахин өсөж, иргэд халаасаа тэмтчиж байна үйлдвэрлэгч бус орны “үйлийн үр” гэлтэй. Эрээн дэх монгол жолооч “Хятадууд нэгнээсээ өрсөж бараагаа ачуулахын тулд мөнгө хаян, зориудаар үнэ өсгөдөг. Хүн илүү мөнгө төлж байхад дургүйцэх хүн байхгүй шүү дээ” гэж байсан юм. Өөрөөр хэлбэл, туурга тусгаар Монгол Улсын өргөн хэрэглээний барааны үнэ, ард түмний халаас, өдөр тутмын амьдралын өнгө төрхийг Эрээний панзчин өлхөн хэлбэлзүүлж байгаа нь харамсалтай. Өчнөөн өртөг шингэж, баахан хүлээсний эцэст хил давж буй эдгээр ачаа таваар эргээд юань болоод л хилийн чанад руу урсана гэж бодохоор халагламаар. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, татвар төлөөсөө багасгах, ажлын байр нэмэгдүүлэх, ажиллах хүчнээ чанаржуулах, халамжаас хөдөлмөр рүү шилжих нэн шаардлагатай байгааг төр иргэнгүй мэдэж буй. Гагцхүү хөрсөнд буусан бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай юм. Ингээд нөхцөл байдлыг тодруулахаар албаны байгууллага, ачаа тээвэрлэгчид, худалдаа эрхлэгчдийн байр суурийг сонсов.

Ачаа тээврийн тодорхой ханш байхгүй, овор хэмжээгээр зардлыг нь тооцдог, захиалгынхаа үнээс давах шахсан зардалтай бараа хүлээж авч байгаа тухай болон төр засгийн хяналт, зохицуулалт шаардлагатай байгаа талаар тэд өгүүлсэн юм. Замын-Үүд боомт дахь хөдөлгөөн зохицуулалт болон хүнс тээвэрлэлтийн талаар Гаалийн ерөнхий газраас тодруулахад “Өнөөдрийн байдлаар хилийн бүсэд дараалалд зогсож буй 783 тээврийн хэрэгсэл байна. Тэдгээрээс хоосон 610, мах, арьс шир, бусад нэр төрлийн экспортын бараатай 173 тээврийн хэрэгсэл бий. БНХАУ-ын талаас хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд хязгаарлалт тавьсантай холбоотойгоор хүнсний бараа, ногоо, жимсийг түргэн шуурхай нэвтрүүлэх зорилгоор төмөр замаар хүлээн авч, гаалийн бүрдүүлэлтийг цаг тухай бүрд нь хийхэд анхааран ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хүнс, хүнсний ногоо, жимс ачсан 48 вагоныг нарийн царигийн шилжүүлэн ачих ангийн гаалийн хяналтын бүсээр хүлээн авсан. Үүнээс 28 вагон хүнсний ногоо, жимсний гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийж олгосон. Мөн гүний гаалийн байгууллагад 201 чингэлэг, транзит 123 чингэлгийг шилжүүлэн ачиж гаалийн хяналтад илгээгээд байна” гэж мэдээлэв.

 

Д.ЧИНЗОРИГ: БАРААГАА ТҮРҮҮЛЖ АЧУУЛАХ ГЭСЭН ХЯТАДУУД МӨНГӨ ХАЯЛЦАЖ, ҮНЭ ӨСГӨДӨГ

(“Борхойн тал” Авто тээвэрчдийн холбооны тэргүүн)

-Замын-Үүд хилийн боомт дахь нөхцөл байдлын талаар бидэнд мэдээлэл өгөөч. Өдөрт хэчнээн машин нэвтрүүлж байгаа вэ?

-Өдөрт хоосон 25, ачаатай 25 нийт 50 машин хилээр гаргаж байгаа. Би хоёр компанийн ачаа зөөдөг, ачаа бараа овоорчихсон байгаа.Бусдынх ч ялгаагүй. Миний хувьд хилээр гараагүй 20 гаруй хонож байна. Орж гарах машины тоо хязгаартай учраас ийм нөхцөл байдал үүсээд байна. Хилийн цэргийнхэн урт дарааллыг зохицуулахаар, дугаар олгосон. 700 орчим машин байна гэж байгаа боловч яг үнэндээ 1000 гаруй бий. Дараалалд орж зогсоогүй, жаахан багасахаар нь дугаарлах гээд өөр хашаа, хороонд машинаа тавьсан хүн олон.

-Халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой хилийн шугамаас цааш БНХАУ-ын жолоочид машинаа шилжүүлж байгаа гэсэн. Энэ зохицуулалт хэвээрээ юү?

-Хэвээрээ. Бид Хятадын нэгийн хаалт буюу тэг шугамын цаад талд БНХАУ-ын цэрэг зогсдог хашаан дээр машинаа аваачиж өгдөг. Тэндээс Эрээнд байрлаж буй 68 монгол жолоочийн аль нэг нь хүлээж аваад, гаалийн хоосон машин зогсдог хашаанд үлдээнэ. Түүнээсээ цааш хятад жолоочид шилжинэ. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүний гар дамжиж байгаа юм. 

Гаалийн бичиг бэлэн болмогц монгол 68 жолоочийн хэн нэг нь бидний анх аваачиж өгсөн газарт хүргэж ирдэг. Гэхдээ бид өөрсдийнхөө машиныг авахгүй. Эндээс хоосон гарсан 25 машины жолооч бидний машиныг барьдаг.-Олон хүний гар дамжихаар бараа материалын чанарт нөлөөлдөг байх?

-Машины эвдрэл, ачаа бараа урагдаж, гэмтэх бишгүй. Би энэ талаар газар дээрээс нь лайв хийж, үзэл бодлоо илэрхийлж байсан.

-Ачаа тээвэрлэлтийн зардал гурав дахин өсжээ. Үүнд жолооч нарыг буруутгах хүн бишгүй байна. Энэ талаар?

-Мэдээж, жолооч нартай огт хамааралгүй асуудал биш. Гэхдээ хамгийн гол нөлөөлж байгаа нь Хятадын тал. Монголоос өвчин авна гэсэн айдас юм уу. Эсвэл эдийн засгийн ямар нэг бодлого юм уу бүү мэд. Ямартай ч цөөн тооны машин нэвтрүүлж байгаа нь асуудлыг хүндрүүлж байна. Биднийг дугаарлаад зогсож байхад өнөөдөр ямар машин, хэн гэдэг жолооч хилээр нэвтрэхийг аль хэдийн мэдчихсэн байдаг. Хэн мэдээлэл өгдгийг мэдэхгүй. Тэгээд урагшаа гарахаас өмнө “Таны машинд би ачаагаа ачуулъя, тэдэн төгрөг өгье” гэдэг. Эрээн дээр ачаа бөөгнөрчихсөн учраас нэг нэгнээсээ урьтаж ачуулахын тулд мөнгөөр зодож машин авдаг. Тэгэхээр үнэ өсөх нь аргагүй шүү дээ. Дээрээс нь гаалийн татвар гээд өчнөөн үнэ өртөг нэмэгдэнэ. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байгаагийн шалтгаан. -Өнөөдрийн байдлаар ачааны үнэ, ханш ямар байгаа талаар бидэнд мэдээлэл өгөөч? -Ачааны үнийг машинаар тохирдог. Ханш үнэхээр тогтворгүй байна. Тодорхой хэлэх боломжгүй. Яг үнэндээ урагшаа гарч байгаа жолооч нар хэдэн төгрөгөөр ачих гэж байгаагаа ч мэдэхгүй явж байтал замаас нь нэг хятад утасдаад л мөнгөөр зодоод авчихдаг.

 

Б.ГАНТИГ: 400 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ АЧААНЫ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЗАРДАЛ 300 МЯНГА БОЛЖ БАЙНА

(Увс аймгийн иргэн)

-Та ямар төрлийн бизнес эрхэлдэг вэ. Бараагаа төлөвлөсөн хугацаандаа татаж авч чадаж байна уу?

-Би Увс аймагт амьдардаг. Эрээн, Бээжин, Гуанжугаас бараа татаж, бэлэн хувцасны бизнес эрхэлдэг. Бараагаа цуглуулаад каргон дээр хүргүүлээд нааш нь ачуулдаг. Саяхан тэнгэрт хадсан үнэтэй бараагаа арай гэж авсан ч борлуулж амжилгүй, хөл хорионд орчихлоо. Манай аймагт тэг зогсолт хийчихсэн байгаа. Би гуравдугаар сарын 20- ноос хойш захиалсан бараагаа авч чадаагүй. Ачааны зардал хэт өндөр байгаа учраас түр харзнаад буудал дээр хүлээлгэж байна даа.

-Ачаа тээвэрлэлтийн зардал хэдэн юань байгаа бол?

-Ачааг килограммаар бус овор хэмжээгээр нь тооцож үнэ өртгийг нь тогтоодог. 

Одоогоор тогтсон ханш гэж алга. Эрээнд барааны бөөгнөрөл үүсчихсэн, ачих машин олдохгүй, олдвол маш өндөр үнэ хэлж байна. Өмнө нь 70 ширхэг ариун цэврийн цаасыг 120-150 юаниар ачуулдаг байсан. Гэтэл одоо гурав дахин өссөн. Тухайлбал, 700 ширхэг ариун цэврийн цаасыг 400 гаруй мөнгөөр татдаг. Гэтэл тээвэрлэлтийн зардал 680 юань буюу 300 мянга орчим төгрөг болж байна шүү дээ. Ариун цэврийн цаас жин дарахгүй ч, овор ихтэй. Бараа нийлүүлдэг хүн маань “Машин орж ирэхгүй байна. Танай жолооч нар дандаа хэлдэг. Өчигдрийн хэдэн машины үнэ ханш дийлдэхгүй юм билээ. Чи үнэ хамаагүй гэвэл гаргуулж өгье” гэж байна лээ.

-Мэдээж, энэ бүхэн таны ажил амьдралд сөргөөр нөлөөлж байгаа байх?

 -Баахан зардал чирэгдэл болж авчирсан бараагаа зарж чадахгүй байгаа учраас банкны мөнгө, зээлийн хүүгээс эхлээд асуудал үүснэ. Нөгөөтэйгүүр, сум орон нутагт юань өссөний хэрээр бараа материалынхаа үнийг нэмээд байх боломж хомс. Хүмүүс “Саяхан тэдэн төгрөг байсан биз дээ. Ямар үнэтэй юм бэ” гээд авдаггүй. Тийм учраас ядаж үндсэн үнээ гаргаад ч болсон зарахаас өөр аргагүй. Манайд энд ахуйн хэрэглээний барааны үнэ нэг үеэ бодоход харьцангуй тогтворжоод байна.

 

Б.ЭНХЗУЛ: ХОТ ХООРОНД АЧАА ТЭЭВЭРЛЭДЭГ ЖОЛООЧ БАГАССАН

(Архангай аймгийн Тариат сумын “Боломж” дэлгүүрийн худалдагч)

-Танайх хаанаас бараагаа татдаг юм бэ?

-Манай дэлгүүрийн хувьд Улаанбаатар хотоос буюу "Нарантуул" худалдааны төвийн өргөтгөлөөс бараа бүтээгдэхүүнээ татдаг. “Ковид-19” цар тахалтай холбоотой хот хооронд ачаа тээвэрлэдэг жолооч багассанаас болж, нэг килограмм ачааны үнэ нэмэгдсэн. 

-Ачаа тээврийн зардал хэдтэй байна вэ?

 -Ачааны машины жолооч нар нэг килограмм барааг 150 төгрөгөөр тээвэрлэдэг. Мөн бараа бүтээгдэхүүн тээвэрлэлтийн явцад гээгдэх, хөлдөж чанар нь муудах эрсдэл үүсэж байна. Тиймээс нарийн ногоо, жимс зэргийг татаж чадахгүйд хүрсэн. Хэдий олон асуудал тулгарч байгаа ч дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед цаг үетэйгээ нийцэж ажиллахыг хичээдэг. Хэдий бараа бүтээгдэхүүний үнэ цаанаасаа нэмэгдэж ирсэн ч аль болох үнэ нэмэхгүй зарж, ашиг багатай ажиллаж байна. Хэрэглэгчдийн худалдан авалт цагаан сараас хойш эрс буурсан. Харин сүүлийн хэдэн өдөр Засгийн газраас олгож буй 300 мянган төгрөгөөс үүдэж, хөл хөдөлгөөн ихтэй байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН