Баянхонгор аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04 цаг 10 минутад “Тус аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг Түйн голын эрэгт айл шатаж, хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газарт ажилласан.

Шалгалтаар тус гэрт “Д” /42 настай эмэгтэй/ гэгч шатаж амь насаа алдсан болох нь хэрэг нээж шалгасан. Дээрх хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс болон Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хамтран ажлын хэсэг гарган 2021 оны 04 дүгээр сарын 12-оос 14-ний өдрүүдэд тус аймагт албан томилолтоор ажиллаж, хэрэг бүртгэлтийн хэргийг сэргээн шалгаж уг гэмт хэргийг 1996 онд төрсөн “Н” гэгч нь үйлдсэн байж болохыг тогтоон 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс баривчилж шалгалтын ажиллагааг явуулж байна.

Уг гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа “Н” гэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө тус аймгийн Баянхонгор сумын нутаг Түйн голын эрэг Дээд Угалз гэх газарт оршин суух иргэн “Д”-ийн гэрээс ноолуур хулгайлах үедээ түүний биед халдан ухаан алдуулж улмаар гэрийг шатаан амь насыг хохироосон болох нь нотлох баримтуудаар тогтоогдож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.