Улаанбаатарчуудын амьдрал гурван түвшинд хуваагдаад удаж байна. Тодруулбал, нэг хэсэг нь багтаж ядсан баян, хүссэн үедээ машинаа сольж унадаг эрхмүүд. Нөгөө нь сарын цалингаараа амьдралаа залгуулж, өдөр хоногийг өнгөрүүлж буй эгэл жирийн хөдөлмөрчид. Харин гурав дахь нь өнөөдрийг хүртэл банкны босгоор алхаж, гар утас барьж үзээгүй хүмүүс.

Нэг үгээр хэлбэл, нэн ядуу бүлгийнхэн. Ийм л хатавчны гурван залгаа шиг хувь зохиол дунд бид амьдарч байна. Үүнийг өгүүлэхийн учир нь гэр хорооллын амьдралаас гэгээ хайсан дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Нийслэлийн захын гэр хорооллын амьдрал зутруу, хэцүүхэн, өглөөний цай, өдрийн хоолгүй айл өрх олон байна. Хашааныхаа гадна нарлаж, хол ойр явах хүнийг чимээгүйхэн ширтэх хөгшид гунигтай харагдана. Улаанбаатар хотын нэгээхэн хэсгийн амьдрал хатуу хөл хорион дунд хатуухан үргэлжилж байгаа бололтой. 

Манай сонины сурвалжлах баг Баянхошууны хөтөл, Жанцан, Дэнжийн мянга, Зүүн наранг зорьж, иргэдийн амьдрал ахуй, цар тахлын үеийн бодит нөхцөл байдлыг тодруулсан юм.
Өглөөний 10:00 цаг. Бидний нэрлэж заншсанаар Дэнжийн 1000-ын “Хүчит шонхор зах”. Эргэн тойронд нь машин тавих ч зай алга. Үнэндээ жинхэнэ амьдрал бужигнаж байгаа худалдааны төв энэ л байна. Тус захын төв хаалганы дэргэд орж буй машины жолооч нарт тасалбар таслах бүсгүй, гадна талд нь эргүүл хийж буй цагдаа гэхчлэн хүн бүр өөр өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэнэ. Ажил үүргээ гүйцэтгэж буй эргүүлийн цагдаагийн үгэнд орох хүн ховор юм. Бидний уулзсан эхний хүн Г.Олзвой гуай байв. Энэ өвгөн зургаан хүүхдийн эцэг. Өдгөө нас сүүдэр 70 гарч яваа аж. Ул нь салчихсан хар кет, хир даариндаа гялтайчихсан жинсэн өмд, сүрхий зузаан хөвөнтэй хүрэм өмсжээ. Тэрбээр өглөө эртлэн босоод “Хүчит шонхор” зах дээр ирж нохойн хоол түүж авдаг гэнэ. “Сүүлийн үед нохойд битгий хэл маньд ч хоол олдохоо больчих гээд байна” хэмээн ярьж байлаа. Г.Олквой гуай түүж авсан яс, цөвдлөө бөөгнүүлж гялгар торны тал орчим болгоод 1500 төгрөгөөр зардаг юм байна. Өдөрт хоёр тор нохойн хоол зардаг гэнэ. Уг нь хатуу хөл хорио тогтоогоогүй байхад “Хүчит шонхор” захын махны лангуунуудаар явж овоо хэдэн тор яс цуглуулдаг байжээ. Одоо үүдэнд нь эргүүл, хяналт зогсчихоод оруулахгүй хэцүү байгаа тухай дуулгасан юм. Тиймээс өглөө эрт таван цагт ирж, тус хашаа руу нэвтэрдэг ч хөл хөдөлгөөн нэмэгдээд ирэхээр яах ч аргагүй хөөгдөж гардаг гэнэ. Түүнтэй хэдэн хором ярилцлаа.

 

-Та нохойн хоол зараад удаж байна уу?
 

-Удаж байгаа. Ганц тор яс түүх гэж зовно. Түүчихвэл энэ тэнд булан бараадаж суугаад зарчихдаг юм.
 

-Таны өдрийн орлого хэдэн төгрөг вэ. Орлогоороо юу хийх үү?


-Одоо бол өдөржин суугаад гурван мянган төгрөг олж байна. Орлогоороо архи л ууна. Өөр юунд хүрдэг юм.
 

-Уг нь цайны сүү ч болтугай авбал зүгээр биш үү. Та улсаас өгсөн 300 мянган төгрөгөө юунд зарцуулав?

-Ах нь тэр мөнгийг аваагүй ээ. Бичиг баримт ч байхгүй. Гарцаагүй Монголд л төрсөн. Одоо ч тодорхой хаяг байхгүй. Иргэний үнэмлэх маань хөдөөний хаягтай. Үнэндээ би банк ч орж үзээгүй. Тэгэхээр надад яаж тэр 300 мянган төгрөг олдох вэ.
 

-Та хэнтэйгээ амьдардаг юм бэ. Хороо дүүрэгт түр оршин суугчаар бүртгүүлэх боломжтой шүү дээ?

-Хөгшинтэйгээ амьдардаг. Хүүхдүүд тусдаа гарсан. Хороо ёстой бүтэхгүй. Нэг удаа очсон өмнөөс хөөгөөд байх юм билээ. Өмссөн зүүснээрээ гологдсон биз. Хүүхдүүд ч хоол унд нааш цааш болгож өгдөг юм.
 

-Хатуу хөл хорио тогтоочихсон байхад та ингээд яваад байж болж байгаа юм уу?


-Манай энэ хавьд л тэр хатуу хөл хорио үйлчлэхгүй байгаа. Яах вэ хааяа хорооны цагдаа хөөж л байдаг юм. Энэ олон хүнийг яаж ганц цагдаа дийлэх вэ дээ.

Талхны хомстолд
орсон хүүхдүүд

Захын гэр хорооллын ганц хүнтэй уулзахад л ийм байна. Үнэндээ чанга хатуу хөл хорионы шийдвэр нь хаана үйлчлээд байгаа юм бол гэж бодогдсоныг нуух юун. Үүний дараа бид Баянхошууны хөтөлийн ойр орчмоор явлаа. Гэр хороолол дандаа гэгээгүй байна гэж юу байх вэ. Жишиг болсон өнгө үзэмжтэй, сайхан гудамж олон үзэгдэнэ. Мөн хашааныхаа ойр орчмын хогийг цэвэрлэж буй иргэдтэй таарсан. Хаврын дэлгэр цаг болохоор хүмүүс хөл хорионд зүгээр суусангүй. Хашаа хороогоо өөд татаж, хог, шороогоо цэвэрлэх гээд ажил их байгаа бололтой. Харин нэг давуу тал нь гудамжаар хүүхэд явж харагдсангүй. Гэтэл байшин хорооллын тоглоомын талбай хүүхдүүдээр дүүрэн байгааг бүгд мэднэ. Баянхошуу орчмын гэр хорооллын дийлэнх нь ахмад настан оршин суудаг аж. Тиймээс тэтгэврээс тэтгэврийн хооронд ойролцоох дэлгүүртээ өр зээл тавьж хоногийн хоолоо болгож буй айл өрх ч олон байгаа юм байна. Нөгөөтэйгүүр, хүнсний дэлгүүрүүдэд бараа их байгаад ч нэмэргүй гэнэ. Учир нь, иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан. Хэчнээн амттай сайхан боов боорцог дэлгүүрт авчирсан ч иргэд талх сурагладаг тухай худалдагч нар өгүүлж байсан юм. Мөн ямар ч тарган мах авчирч тавьсан жижиглэн л худалдан авдаг аж. Энэ бүхнээс иргэдийн худалдан авах чадвар маш муу байгаа нь илхэн. Ажил, орлогогүй иргэд өдийд төр засгаас олгосон 300 мянган төгрөгөө хэрэглээд дуусчихсан. Дахиад хөл хорио тогтоовол тэд, тэдний цаана хүүхэд өлсөж, цангах эрсдэлд орно. Мэдээж, хэн ч өлсөхийг хүсэхгүй. Тиймээс захын гэр хороололд хулгай, дээрмийн гэмт хэрэг нэмэгдэхийг үгүйсгэх аргагүй юм. Нөгөөтэйгүүр, сургууль цэцэрлэг хичээллээгүй жил шахам болсон болохоор ихэнх хүүхэд гэр хороололд эмээ, өвөөтэйгээ байгаа. Тэгвэл гэр хорооллын хүүхдүүд талхны хомстолд орж байна гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болоод байна. Бид иргэдийн худалдан авалт ямар байгаа талаар хүнсний дэлгүүр түрээслэгч М.Золжаргал ярилцлаа.

-Иргэдийн худалдан авах чадвар ямар байна?

-Үнэхээр муу байна. “Жижиглэн байна уу”, “Цувдай ирэх үү” гэж сурагласан хүн маш их байна. Дэлгүүрт шинэ тарган мах нь авчирлаа худалдан авах чадвартай хүн манай энэ хавьд маш цөөн байна. Мөн гурилан бүтээгдэхүүний хувьд ч мөн адил. Хүмүүс ихэвчлэн талх худалдаж авдаг. 6000 мянган төгрөгөөр уут боорцог аваад идэж чадахгүй байна. Манай энд амьдардаг хүүхдүүд бараг талхны хомстолд орж байгаа биз. Талх нь ирнэ. Гэхдээ маш цөөн тоогоор. Ирэнгүүтээ л дуусчихна. Сая Засгийн газраас хүн бүрд 300 мянган төгрөг олгосон. Тэр үеэр л ганц, хоёр өдөр хүмүүсийн худалдан авах чадвар бага зэрэг нэмэгдсэн. Ингээд бодохоор үнэндээ нэг жилийн дотор иргэд маш их ядуурч байна. Ер нь өдөрт 5000-аас дээш төгрөгөөр хүнс авах хүн ховор. Иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа. Манай дэлгүүрт хамгийн дээд талдаа 600 мянга, бага нь талхны өртэй иргэн цөөнгүй.
 

-Танай дэлгүүрийн үйл ажиллагаа, орлого ямар байна?

-Мэдээж, адилхан л дампуурчих гээд байна шүү. Миний хувьд банкныхаа хүүнд дарагдаад бараг л өрийн сүлжээнд орох дөхөж байна. Өнгөрсөн аравдугаар сараас хойш банк болон бусад өр зээлээ төлж чадаагүй нэхэгдээд, яахаа ч мэдэхгүй сууж байна. Дэлгүүрээ хаая гэхээр өөр юу хийх юм билээ.Орлого ерөөсөө жигдрэхгүй байна. Мөн том компаниуд бараа татан авалт хийхгүй бол хөргөгчөө буцааж авна гэх мэтээр биднийг шахаж, дарамт өгч байна.
 

 -Энэ удаагийн хатуу хөл хорио хэр үр дүнтэй байна вэ?

-Ямар ч үр дүнгүй 14 хоногийн хөл хорио боллоо. Та нар харж байгаа биз дээ. Хаана ч хамаагүй хүмүүс пиво барьчихсан уугаад л явж байна. Зарим нь бүр маск ч зүүгээгүй л харагддаг.
 

-Өөрийн чинь бодлоор дахиад хөл хориог сунгах нь зөв үү?

-Яг ийм байх юм бол хэрэггүй шүү дээ. Иргэдээ ядуу дээр нь ядуу болгох гэж байгаа биш. Бас хөл хорио тогтоох бол хоёр, гурван хоног маш сайн бэлтгэл хангуулаад бүр тэг зогсолт хийсэн нь зөв байх.
 

-Согтууруулах ундааг худал­даалахгүй хорьсон. Энэ бол зөв биз дээ?

-Бага градустай зүйл зарж болно гэсэн шийдвэр гаргасан. Гэхдээ бид бол үүрэг, хариуцлагаа биелүүлээд дэлгүүрээ хаачихаж болж байна. Гэтэл оройн цагаар эргэн тойрон шагчид гараад ирж байна. Тэднийг зогсоож чадахгүй бол согтууруулах ундааг хориод хэрэггүй шүү дээ.
 

-Танай энэ хавьд ямар ихэвч­лэн насны хүмүүс амьдардаг уу?

-Тэтгэврийн насныхан байдаг. Худалдан авах чадвар муу. Ихэнх нь тэтгэврийн зээлтэй. Бараг Баян­хошуу ядуу бүсэд ордог байх л гэж боддог.

Сүлжээгүй газрын

сүрхий амьдрал

Сонгинохайрхан дүүргийн XXVI хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг гэр хорооллын нэг шөнийн амьдралтай танилцлаа. НОК-оос гаргасан шийдвэрийн дагуу хүнсний дэлгүүрүүд 21:00 цагт үйл ажиллагаагаа бүрэн зогсоох ёстой. Хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед шөнөөр битгий хэл өдрөөр ч зорилгогүй иргэн явахыг хориглосон. Тэгвэл тус хорооны эргэн тойронд заримдаа шөнийн ажил өрнөдөг бололтой. Иргэд оройн хоолны хүнс, тамхи гээд ойр зуурын хэрэгцээгээ хангахаар яарсан байдалтай гэрийнхээ ойролцоох дэлгүүрүүдэд багахан ачаалал нэмж харагдана. Мөн хүнсний дэлгүүрүүд үүдээ барьснаас хойш хэд хэдэн суудлын тэрэг хүнсний дэлгүүрүүдийн ойр орчимд ирж, зогсон шөнийн наймаа хийдэг аж. Шөнийн худалдан авалтад зөвхөн согтууруулах ундаа байх нь тодорхой. Нэг үгээр хэлбэл, бидний хэлж сурснаар шагчид гараад иржээ. Гэхдээ тэд маш сэрэмжтэй, эргэн тойрноо сайтар хянана. Архи худалдан авах гэж ирсэн хүмүүстэй нэлээд хашир харилцаж байгаа нь илэрхий. Бид Чулуун-Овооны “Агар” хүнсний дэлгүүрийн гадна нэлээд удаан зогслоо. “Агар” хүнсний дэлгүүр үйл ажиллагаагаа зогсоосон ч тус дэлгүүрийн гаднах талбайг ашиглан зогсож шагийн наймаачид нэг шил “Болор”, “Eden” архийг 30-50 мянга, “Хараа””Ерөөл”-ийг 25-30 мянга, 2.5 литртэй боргио пиовыг 8-15 мянган төгрөгөөр зардаг аж. Ийнхүү шагчид хэсэг хэсгээрээ зогсож машин дотроосоо борлуулалт хийнэ. Гэхдээ хүнсний дэлгүүрээс худалдан авсан архи, пивоо нэг дахин нугалж худалдаалж байгаа болохоор ашиг ихтэй. Нөгөөтэйгүүр, тус хорооны нутаг дэвсгэрт хогийн цэг байдаг болоод тэр үү архичид ч их юм. Тухайлбал, дэлгүүрийн гадаа хэн нэг нь тасраад уначихсан байхад нөгөө талд нь хэсэг нөхөд шуудай барьчихсан хоорондоо агсам тавьж харагдана. Нөгөөтэйгүүр, энэ хорооны нутаг дэвсгэрт утасны сүлжээ муу барьдаг ажээ. Хатуухан хэлбэл цахим орчинд тогтмол ордог хүн ховор гэсэн үг. Тиймээс тэд өнгөрсөн цагаараа л амьдарч байгаа гэж хэлж болно. Үнэндээ нокиагаас өөр гар утас бариагүй гэх хүн байхад огтхон ч утас барьж үзээгүй нэгэн ч байна. Ийм амьдралын нэгэн шөнийг ажин суухад гаднаасаа ч дотроосоо ч жихүүдэс төрөх шиг болж байлаа. 23:00 цаг болоход эргүүлийн цагдаа, замын цагдаа ч үзэгдэхээ болив. Эргэн тойрон эл хуль. Хааяа нохой хуцах чимээтэй энэ хорооны нутаг дэвсгэрт гэр оронгүй хүн ч олон юм. Өдөр нь хог түүж, хэдэн төгрөг олдог байсан иргэд одоо хогоо ч түүхээ больжээ. Учир нь, хоёрдогч түүхий эд авдаг цэгүүд хаалттай. Тиймээс тэд өглөөнөөс орой хүртэл нар бараадаж, хүнсний дэлгүүрийн ойр орчимд сууж өнжинө. Бусдаас гуйлга гуйна. Зарим нэгийг нь айж сүрдүүлэх ч тохиолдол гаргана. Ингээд олсон хэдэн төгрөгөө шагчдад өгөөд дуусгана. Энэ мэт бидний амьдрал өөр өөрийнхөөрөө үргэлжилсээр л. Нийгмээс хаягдсан нэг нь хог түүж, хоол хайж нохой мэт амьдарч байхад нийгмээс тасарчихсан нэг нь хоолоо хаяж, хөрөнгөө хог болгосоор л. Ямартай ч нэгэн цулд орших нийслэлчүүдийн гэр хорооллын хэсэгхэн өнгө төрх ийм байна. Гэхдээ тэнд хөдөлмөрч, ажилсаг, санаачилгатай иргэн олон байгааг мартаж болохгүй.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН