Монгол Улсад сүүлийн 20 гаруй хоногт коронавирусын халдвар огцом нэмэгдсэн. Хүн амын тоотой харьцуулахад хэт хурдтай, олныг хамарсан халдварын тархалт үүсээд байна. Энэ тал дээр Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын хамтарсан тандалтын баг ажиллаж, дүгнэлт гаргасан байна.

Тандалтын багийн судлаачдын дүгнэснээр коронавирусын энэхүү огцом тархалт нь төрийн шагнал гардуулсан үйл явцаас болжээ. Сүүлийн 20 гаруй хоногт 16 мянган шагнал гардуулжээ. Үүний 11 мянга нь "Алдарт эхийн одон" байсан бөгөөд тэдний 8700 нь одон гардсаныхаа дараа дайллага цайллага хийсэн байна. Тэндээс коронавирусын халдвар огцом таржээ. Өөрөөр хэлбэл, одон гардахдаа хүмүүс бөөгнөсөн газарт хүүхдүүдээ дагуулж очсон. Дараа нь цайллага хийсэн.

Ер нь бол одон медаль бүрийн ард дайллага цайллага болж, олуулаа цуглаж халдвар хамгааллын дэглэм зөрчсөн нь халдвар тархалтын үндэслэл болжээ. Үүний улмаас вакцингүй хэсэгт хүчтэй нөлөө үзүүлж, халдварыг 1.5 дахин нэмэгдүүлсэн байна. Улмаар шагналын дундуур сонгууль залгаж, орон нутагт тархах үндэслэл болсон гэж дүгнэлтэд дурдсан байна. Өдгөө манай улсын хүн амын 30 хувь нь бүрэн вакцинд хамрагдсан. Харин үлдсэн 70 хувь нь эмзэг, тэр дундаа хүүхдүүд байгаа юм. Тодруулбал, коронавирусын халдварын тархалт нь 47 мянган жирэмсэн эхчүүдэд цохилт болж очсон байна. Одоогоор халдвар авсан хүмүүсийн 25 хувь нь шинж тэмдэггүй. Үлдсэн 75 хувийг эмчилж хамгаалах шаардлагатай. Харин 0.55 хувьд хүндрэл үүсч болзошгүй байгаа ажээ. Түүнчлэн олон давхар судалгаа, мэдээллээр вакцины үр дүнд эргэлзэх шаардлагагүй болох нь тогтоогджээ.